Тэднийг онилсон ГЭРЛҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ!!!

Заяаны хань зам дээр л гэдэг. Гэтэл цаанаасаа заяачихсан юм шиг амьдралын мөр, шугам нь огтлолцоод байхад хар хүчээрээ зугтдаг тавилан бас байна. Яг л хуримнаасаа зугтдаг бүсгүй, залуу шиг. Тэд бол зугтаагчид. Бүх хүн тэднийг хооронд нь гэрлүүлэх гэж яаж ч мачийгаад барсангүй дээ, барсангүй. Хэчнээн “ҮГҮЙ” гэж мэлзсэн ч тэд бие биенээ нууцхан харж, хоорондоо уялдаатай алхмыг амьдралдаа хийцгээсэн байна. Эцэст нь тэд юу болсон бэ?

С.Жавхлан & Т.Баясгалан

Одоог хүртэл тэдний хослон дуулж байсан мөч домог мэт яригдан үеийн дуэтүүдээсээ онцгойрсоор байгааг бодоход тэд аргагүй анхдагчид байжээ. Ханхүү гүнж хоёр оюутны ширээнээс хормын төдийд алдрын оргилд хүрсэн. Зөвхөн тэдэнд л зориулагдсан гэмээр сайхан уран бүтээл төрж, хослох нь ч олны таашаалд нийцэж байв. Үе тэнгийн хоёр хөөрхөн залуусыг хоорондоо ойр дотно болсныг мэдээгүй гарцаагүй гэрлэх хүмүүс гэж ард түмэн дэмжиж байв.

Лав гэрлээд Т.Баясгалан төрдөг юмаа гэхэд шөлний хонь хөтлөөд очих ээж, аавууд олон байсан байх. Аягүй бол зарим нь гэр төхөөрөхөөс ч буцахгүй тэгтлээ тэр хоёрыг гэрлүүлэхийг хүсэж байлаа. Амьдрал дээр тэр хоёр дотно байсан нь үнэн авч эцсийн мөчид хоёр тийш болов. Тусдаа уран бүтээл хийж дууныхаа үг, аялгуугаар мэдээж эмэгтэй хүн болсоных Т.Баясгалан барьц алдаж буйгаа илтгэж байв. Бие биетэйгээ өрсөлдөн романс үүсгэн байх нь нэг бодлын өшөө аваад ч байгаа юм шиг. Гэвч анхны юм анхны л байдаг хойно. Зүү орох зайгүй хөтлөлцөн гүйж байсан тэд дундаа гүн хар ангал үүсгэн огт танихгүй хүмүүс шиг хүйтэн хөндий байх болов.

Байсгээд л хуримын зар тараах авч бие бие рүүгээ олны өмнө бол эгцэлж ч харахгүй. С.Жавхлан тал нутагтаа тааваараа амьдарч үйлэнд уран, орчин цагийн Цэцэн бэр шиг бүсгүй Г.Эрдэнэчимэгтэйгээ хоёр дахь амьдралаа зохион төвшин сайхан сууж байна. Харин Т.Баясгалан Д.Батбаярын гэргий болж дээл хувцас оёсон шигээ басхүү баян нөхрийнхөө халамжинд баян эмэгтэй болох мөрөөдлөө биелүүлж байна.

Товчхондоо, тэд салсан ч гэсэн хэн хэн нь сонголтоороо ирээдүйн ханиа “сайжруулж”. Мөнгөтэй мөртлөө тал нутагт хорогддоггүй хархүү Т.Баясгалангийн сэтгэлд дүрслэгдсэн бол С.Жавхланд үргэлж монголоороо гоёж явдаг, косметик мэс заслыг дэмждэггүй эгэл нэгэн хэрэгтэй байж. Үйл урлахыг Т.Баясгалан ч чадаж багахаан хичээвэл мөнгө олохыг С.Жавхлан ч чадах авч бүсгүйнх нь хотжих, Холливудын одуудтай мөчөөрхөх хүсэл залуугийн тал нутагтаа орших сэтгэлтэй зөрөх байж.

Ч.Ундрал & Г.Эрдэнэбилэг

Яагаад ч юм энэ хоёр хүн клип, жүжиг, кинон дээр үргэлж хосууд болж байв. Яг тохирох нийтлэг талыг нь харчихаад л байнга ингэж дүр оноодог байх л даа. Ч.Ундралын энгийн хэрнээ даруухан цаанаа ялдам төрх Эбигийн ширүүн дориун жинхэнэ эр хүний хэв шинжтэй хоршин төгс хослол болж харагддаг.

Гэвч тэд амьдрал дээр бие биенийгээ хэзээ ч хайрын харцаар харж байгаагүй нь сонин. Аль аль нь дурлалд яаралгүй явсаар эхэлж Ч.Ундрал хүний гэргий болсон бол Эби дөнгөж өнгөрсөн жил нэг бүсгүйг олны өмнө дагуулан гарч ирж саяхан үрийн зулай үнэрлэлээ. Бас энэ хоёрын нэг нь л бүтэн амьдралтай байх ёстой юм шиг Эбигийн бүсгүй гарч ирэх үед Ч.Ундрал нөхрөөсөө салсан байв.

Төөрөлдсөн тавиланд заавал нэг “хохирогч” хэрэгтэй байдаг бололтой. Тийм хайр шингэсэн харцаа дэлгэцэнд үлдээчихээд бие биенээ нэг ч удаа шохоорхож байгаагүй гэвэл худал болох биз. Үзэгчид ч, үеийн залуус нь ч тохирох хос гэж жиг жуг хийж байхад үүнийг анзаарахгүй өнгөрмөөргүй юм.

Хэрвээ энэ хоёр маань жаахан л оч бие биедээ харвуулсан бол Драм театрын хамгийн сайхан хос болох байлаа. Яг эдний үеийн хос одоо болтол театраас тодроогүй л байгаа шүү дээ. Хайхрамжгүй, хэнэггүй, даанч давилуун байна даа, тэдний сэтгэл.

Ц.Мөнхбат & М.Үүрцайх

Хамгийн сайхан хайрын дуунуудыг сэтгэл цэлмэтэл дуулдаг энэ даруухан бүсгүй, залуу хоёр хос гэгдэж явлаа. Залуу нь нүдний шилнээс салдаггүй тухайн үеийн од Чань Ву стилийг барих бол бүсгүй нь онцлоод харах төрхгүй ч тэрүүхэндээ стилтэй. Хамтдаа хоёр тоглолт хийж нэг CD-ний ард гарсан тэдэнд гэрлэх л дутуу байлаа.

Ц.Мөнхбат анхлан урлагаар хоолоо олж идэхгүй юм байна гэх цээжний хонжоо хийн дуулахаа больсон бол М.Үүрцайх далавчаа тасдуулсан шувуу шиг өнчирч хоцорсон. Мэдээж Ц.Мөнхбат ганцаараа уран бүтээл хийгээд гавихгүй бол Үүрээд уг нь ирээдүй байсан байх. Гэсэн ч бүсгүй хүн эмзэг, нэг хэсэг бор дарстай нөхөрлөлөө хэмээгдэн олны хэл аманд өртөн сүр сүлдээ бараг л гээж орхисон.

Хатуухандаа Үүрээдээ чирэгдэж явсан гэгддэг Ц.Мөнхбат хамтрагчаа гомдоосон юмуу даа. Гурван жилийн турш гэртээ сууж, үр хүүхэд, гэр бүлдээ цаг гаргасан Үүрээ энэ бүх шаналлаа мартсан ч урлагт сүжиггүй болж. Харин Ц.Мөнхбат нөгөө л цэмцгэр төрхөөрөө өөр салбарт хүч үзэж байна. Тэдэнд орон зай байсан уу байсан, харин бие биенээ гэх сэтгэл л дутсан болов уу.

Г.Ганбаяр & Насаа

Амралтын өдөр болгон үзэгчдийг гэртээ “урьдаг” байсан тэд хуримын зураг өлгөн хэзээ язааны хосууд шиг байсаар багагүй хугацаа өнгөрсөн. Хоёулаа нэг салбарынх, ид хийж бүтээж яваа залуусыг үзэгчид ч хайрладаг байлаа. Гэвч амьдрал дээр Насаа аль эрт гэр бүлтэй болж хүүхдүүдийн ээж болсон ч ганц бие, Г.Ганбаяр бол бүсгүйчүүдийн анхааралд байдаг single залуу байжээ.

Тэднийг жинхэнээсээ гэрлээгүй зүгээр л нэвтрүүлгийн бодлого, шоу байсанд үзэгчид харамссан, тэгтлээ дассан байна шүү. Г.Ганбаяр зөвхөн Насааг орхисон юм биш телевизийн ажлаа ч орхиж НИТХ-д орсон. Насаа жүжигчин Г.Алтаншагайтай гэрлэн салбартаа үнэнч үлдсэн. Г.Ганбаяр ганц бие явсаар багагүй бийлэгжиж “Range Rover” хөлөглөн давхисаар сая нэг гэр бүлтэй болсон сураг дуулдав. Үрийн зулай ч үнэрлээгүй түүний хажууд “нэвтрүүлгийн эхнэр” нь Алдарт эх болоход дөхөж яваа юм бишүү? Гэсэн ч Г.Ганбаярыг Насаагаар, Насааг Г.Ганбаяраар тодотгодог хэвээрээ л байна. Өөрсдөө л хуримын зургаа авахуулж тэгж дотно дүр үзүүлсэн юм чинь тэгэхээс яахав. Телевизийн салбарын сайхан хосуудын тоо ийнхүү нэгээр нэмэгддэгийн даваан дээр “эфирийн салалт” хийсэн дээ.

У.Далантай & С.Эрдэнэцэцэг

... Сайхныг тань харангуутаа дурласан юм гэж цангинуулсаар гарч ирсэн тэд хоёулаа МУГЖ цолоор энгэрээ мялаасныг бодоход урт удаан хугацаа өнгөрчээ. Дурлалын дуу өөд өөдөөсөө харан дуулж, бүсгүй нь тийм тормогор нүдтэй, залуу нь тийм тулхтай төрхтэй байхад бие биеэ анзаарахгүй өнгөрөхгүй л дээ. Тэд дотно байсан.

С.Эрдэнэцэцэг өмнөх амьдралаасаа нэг хүүтэй бол У.Далантай тэр үед ёстой сэнхэлзсэн сайхан залуу байлаа. Ард түмний хүсэл ч биелж ашгүй нэг юм тэдний хооронд хайрын оч ноцсон ч гэсэн салчихдаг юм байна. С.Эрдэнэцэцэг өөр залуустай нэр холбогдолгүй өнөөдрийг хүртэл явсан бол У.Далантай саяхан аав болсон. Гайхалтай нь тэд 23 жилийн дараа хуучны уран бүтээлүүдээ сэргээн дуулж эхэллээ.

Нэгэн цагт хайрлаад салсан хосууд ойр зөрөх ч эвгүй атал тэд тун зоримог алхам хийж байх шиг. Магадгүй бие биенгүйгээрээ, хамт дуулахгүйгээр энэ амьдралыг туулах ёсгүй гэдгийг ойлгосон ч юм шиг. Тэднийг хамт дуулж байгааг үзэгчид тун таатай хүлээж авсан. Олон жил өнгөрсөн ч тэд жавхаагаа гээгээгүй харин ч нас нэмэх зохисон гэлтэй. Тэд гэр бүл болсон бол сайхан хосуудын тоог нэгээр нэмэх байлаа.

Г.Одончимэг & Н.Онон

Хошин урлагийн тайзнаа тэд хамгийн тохирдог хосууд. Яагаад ч юм өөр нэгэнтэй эхнэр, нөхөр бололцон тоглохоор нэг л эв дүйгүй болчихдог. Алаг нүдэн Одноо олон жилийн турш ганц бие ээжийн үүргээ нэр төртэй биелүүлж явахад тэднийг гэрлэхийг үзэгчид битүүхэн хүлээж басхүү шаардаж байв. Тайзан дээр эвийн цавуугаар наасан юм шиг сайхан хослох атлаа амьдрал дээр тэд гэрлэсэнгүй.

Н.Онон хуульч бүсгүйтэй гэрлэн даруухан амьдрал цогцлоосон бол Одноо олон жилийн дараа ханьтай болсон нь Т.Бархүү байлаа. Гэсэн ч тэд эхнэр, нөхөр болж тоглохоо болиогүй “эв найртай” хэвээрээ байгаа. Ёстой нөгөө хөлбөмбөгчин гэртээ ч гэсэн хөлбөмбөг өшиглөөд байдаггүй гэдэг шиг гэрт гадаагүй хамт байх эвгүй санагдсан юм байлгүй дээ. Тэгж гоё хослон тоглочихоод бие биенээ огт харж байгаагүй гэж “залахгүй” байлгүй дээ. Ард түмэн та хоёрыг мөн ч их хүлээсэн дээ. Ядаж тайзнаа салчихгүй байгаа нь их юм.

Б.Амархүү & Э.Анхмаа

“Гурван охин” хамтлагийн хамгийн даруухан, хамгийн царайлаг нь гэгддэг Э.Анхмаа маш олон жил үерхсэн Т.Билэгжаргалыгаа тун амжилттай нууцалсан. Гайхалтай нь тэдний халуун хайр тодорхой болоогүй байхад Б.Амархүүтэй холбоотой дуулиан гарсан явдал юм.

ОХУ-д цойлж явсан Б.Амархүү орос найз бүсгүйгээ танилцуулж байсан ч “Би монгол найз бүсгүйтэй болохыг хүсч байна” гээд нэг л өглөө салчихсан байв. “Зүрх чам руу” хэмээх дууг Э.Анхмаа руу харан харан дуулсан нь үзэгчдийн таамгийг дэвэргэв. Гарцаагүй рок поп ертөнцөөс нэг хос төрөх нь гэж үзэгчид догдолж байв. Тэгээд ч авьяаслаг монгол залууг гадаад айлд хүргэн орог гэж хэн бодох билээ дээ.

Гуравдагч этгээд гараад ирэхээр хайр дурлал нэг бол дүрэлзэнэ, эсвэл цэг тавигдана. Э.Анхмаа төд удалгүй Бэкэтэй дотно байсан харилцаагаа ил болгон тэд нэг гэрт орсон. Одоо ганц бие ээж болон амьдарч байгаа Э.Анхмаагийн хувьд алдаатай сонголт байсан юм биш биз гэж фэнүүд нь харамсдаг. Харин Б.Амархүү хүссэнээрээ монгол найз бүсгүйтэй болж түүнийгээ эрхлүүлэн халамжилж үнэхээр романтик залуу болохоо харуулж буй. Загвар өмсөгч бүсгүйтэй хөтлөлцөн алхах Б.Амархүү эх орондоо ийнхүү “чөдөр”-тэй болов.

Нэгэн цагт харж явсан бүсгүйгээ ганц бие ээж болохыг харах эрчүүдэд сонин мэдрэмж төрүүлдэг гэдэг. Эцсийн сонголтыг зөвхөн хайр дурлал, шохоорхол дээр л тархи биш зүрх хийдэг болохоор алдсан ч эс алдсан ч яах ч аргагүй. Нэр нь хүртэл “А” үсгээр эхэлсэн байгаасай гэсэндээ Б.Амархүү О.Ариунзул хэмээх бүсгүйг сонгосон ч юмуу хэн эс мэдлээ.

Гэрлээгүй ч гэрлүүлэх төлөвлөгөөнд хамрагдах шахсан тэдний түүх ийм байна. Алдсан ч оносон ч билгийн мэлмийг зүрх хаачихаар, хайрын нүд сохор гэдэг батлагдчихаар дурлалын бурхан Амур ер нь ажлаа сайн хийдэг юмуу гэмээр. Сумаа онож тавихгүй л будилуулах юм даа.

Д.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    jawhlan baysgalan 2 l suuh yostoi bsan! busadnch onts bishee!
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • zaya
    odnoo hamgiin goe n bna
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin
    UNDARMAA DANDAA HOLOO SOLBIZ ZOGSOH YMAA why....
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Яаж ийм тэнэг юм бичих санаа төрдөг байна аа
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025