“Хувьсал” продакшныхан гурав дахь уран бүтээл болох “Тооцоогүй тоглоом” уран сайхны киног ганцхан сарын хугацаанд хийсэн бөгөөд одоогоор монтаж, эвлүүлгийн ажил хийгдэж байгаа аж. Уг кино ирэх сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр товоо зарлажээ.

Тус киноны зохиолыг А.Ганчимэг бичиж, найруулагч продюссераар МУГЖ У.Уранчимэг ажиллажээ. Залуу шинэ үеийн чадварлаг гишүүдээр багаа бүрдүүлсэн “Тооцоогүй тоглоом” киноны дүрүүдэд Г.Бямбасүрэн, Ц,Мөнхболд, Н.Цэнгэлжаргал, О.Мөнхдалай зэрэг залуу жүжигчид тоглосон аж. Ингээд гол дүрийн жүжигчдийн товч танилцуулгыг хүргэе.
Азийн топ модель жүжигчин О.Мөнхдалай
Азийн топ модель өргөмжлөлтэй олны нүдэнд тэр бүр өртөж байгаагүй хэдий ч “Зүрхээр наадагч” киноны гол дүрд тоглосноос хойш олны хараанд өртөх болжээ. Дэлгэцийн уран бүтээлд тоглож үзээгүй гэхэд чамалхааргүй сайн жүжигчин болохоо харуулан “Зүрхээр наадагч” киноны гол дүрийг бүтээгээд амжсан.
Тэгвэл тэрээр удахгүй дэлгэцнээ гарах “Тооцоогүй тоглоом” киноны гол дүрийг бүтээжээ. Энэ нь түүний дэлгэцийн хоёр дахь уран бүтээл ажээ. Шинэ залуу жүжигчдийн эгнээг нэгээр нэмэн кино урлагийн салбарт зүтгэж буй О.Мөнхдалай аль хэдийн гурван хүүхдийн аав болоод амжжээ. Ажил амьдралаа зэрэг төвхнүүлж буй жүжигчин залууд амжилт хүсье.
МУСТА жүжигчин Н.Цэнгэлжаргал
“Хувьсал” продакшны жүжигчин Н.Цэнгэлжаргал “Зүрхээр наадагч” киноны нээлтэн дээр “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан нь саяхан. Харахад төлөв, даруухан хэрнээ эрс тэс дүрүүдийг чамгүй сайн амилуулж чаддагаараа үзэгчдийн хүндэтгэлийг хэдийнэ хүлээсэн.
Тэрээр “Амьдралын амт”, “Чонын алтан шагай”, “Жексон амьд” зэрэг уран бүтээлд дүрээ мөнхөлсөн бөгөөд сүүлийн үед нэг хэсэгтээ л дэлгэцийн уран бүтээлээс хөндийрөөд байсан. Тэгвэл тэрээр “Тооцоогүй тоглоом” кинонд гол дүрийг бүтээжээ. Энэ түүний дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл юм. Гэр бүлийн хувьд охины хамтаар амьдарч буй.
Жүжигчин Г.Бямбасүрэн

Тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч Г.Бямбасүрэн “Тооцоогүй тоглоом”-д Нинжин гэх охины дүрд тогложээ. Тэрээр 2013 онд “Сити” дээд сургуулийн урилгаар францын нэрт яруу найрагч Виктор Хюгогийн уран бүтээл “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг франц хэл дээр мюзикл жүжиг төрөлд бүтээж байжээ.

Оюутан байхын адтай, сэргэлэн бүсгүй сургуулиа амжилттай төгсөөд сургуульдаа уран чадварын багшаар ажиллаж байгаад уран бүтээлд хүч үзэхээр зориг шулуудан “Хувьсал” продакшныг зорьсон гэдэг.

Жүжигчин Ц.Мөнхболд

Кино урлаг руу хошуурхах залуус бишгүй олон. Үүний дотроос хүч хөдөлмөр, авьяас чадвартай нэгэн тунаж үлддэг. Үүний адил кино урлаг тэр дундаа дэлгэцийн урлагт хүч үзэхээр зоригтой алхам хийсэн Ц.Мөнхболд дэлгэцийн хоёр дахь уран бүтээлд тогложээ. Түүний анхны дүр нь “Зүрхээр наадагч”-ийн Чээгийгийн дүр аж. Төд удалгүй дэлгэцнээ гарах “Тооцоогүй тоглоом” кинонд дүрээ хэрхэн чадварлаг амилуулсаныг харах л үлдлээ.



Эх сурвалж:www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)