
Монгол моделиуд дэлхийн загварын ертөнцөд хөл тавьж амжилт үзүүлэх болсоор багагүй хугацаа өнгөрсөн билээ. Эмэгтэй моделиудыг бид андахгүй мэдэх авч эрэгтэй моделиудын талаар мэдээлэл багатай байдаг. Тэгвэл олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан Б.Билгүйтэй хэмээх залууг бид та бүхэнд танилцуулж байна.

Б.Билгүйтэй Тайландад ажиллаж амьдарч байгаа бөгөөд Бангкокийн их сургуулийг компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн. Тайландад “Patrick & Co” компанид вэб дизайнер, мультимедиа чиглэлээр ажиллахын зэрэгцээ загвар өмсөж байгаа аж. Тайландын хамгийн том оператор “True” корпорацын сурталчилгаанд тоглохын тулд 60 гаруй эрэгтэй загвар өмсөгч өрсөлдсөнөөс Б.Билгүйтэй ганцаараа шалгарсан.

Цаашлаад “Мерседес Бенз”-ийн загварын шоунд оролцож, нэрт дуучин Намчагийн клипэнд тоглосон нь түүнийг асар богино хугацаанд амжилтанд хөтлөв. Хамгийн сүүлд тэрбээр “Shiseido”-гийн рекламанд тоглож, “Zalora” хэмээх брэндийн албан ёсны модель болсон бол “FAME MANAGEMENT ASIA” номонд хүртэл бичигдээд амжиж.

Б.Билгүйтэй анх загвар өмсөхөөсөө өмнө усан спортоор хичээллэж 2003 онд Азийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Үүний дараа олон улсын нэлээд хэдэн тэмцээнд эх орноо төлөөлсөн юм. Олон улсын тэмцээнд гаргасан амжилтуудаас хамгийн том нь гэвэл 2005 онд Хятадын Хөх хотод болсон Монгол туургатны аварга шалгаруулах тэмцээнээс 50 м араар даллах сэлэлтээр хүртсэн хүрэл медаль аж. Харин 2009 оноос финессээр хичээллэж эхэлсэн байна.

Түүний тоглосон Тайландын алдарт дуучин Намчагийн “Би чамайг нүцгэлмээр байна” дууны клипийг байршуулсан эхний өдөр нь 50 мянган хүн үзжээ. Үүний дараа Билл Тайландын хэвлэлд од боллоо.

Сонирхолтой нь Тайландад гей хүн олон тул Биллд нүцгэлэх санал байнга ирдэг. Аргагүй, тухайн амьдарч буй орны соёлын нэг хэсэг болтлоо өндрөө авсан тул Билл аль болох эв зүйгээр ойлголцохыг хичээдэг. Маш өндөр ханш амлан түүнээс нүцгэлэхийг хүсдэг ч тэр одоог хүртэл бүрэн нүцгэлээгүй. Гей сэтгүүлд цээж нүцгэн зургаа л нэлээд авахуулж байжээ. Тэр цаашид ч нүцгэлэхгүй гэдэг байр сууриа хатуу баримтлахаа илэрхийлдэг.

Энд нэг нууц задлахад Билл нүүрэндээ ботокс шахуулж байсан. Эмэгтэй загвар өмсөгчдөд өөгүй толигор арьс чухал байдаг шиг гадны загварын ертөнцөд эрчүүдэд ч өндөр шалгуур тавигддаг байх нь. Биедээ бяцхан засвар хийснээ хүмүүс ихэд нууцалдаг бол Билл эсэргээрээ бичлэгээ олонд дэлгэсэн билээ. Тэр ирээдүйд эх орондоо ирж амьдарна гэдгээ илэрхийлсэн. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуу модель одоогоор ганц бие тул танилцах саналд үргэлж дарагдаж байдаг гэсэн шүү. Ийм нэгэн Монгол салхи, Монгол модель Тайландыг эзэгнэн байна.





Бэлтгэсэн Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (3)