Өчигдөр дөрөвдүгээр сарын 22 буюу “Эх дэлхийн өдөр” байлаа. НҮБ-аас ийн зарласан энэ өдөр Төрийн ордны “Их танхим”-д АНУ-ын Лос-Анжелес хотноо ганцхан удаа тоглогдсон “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзиклийн эх бичлэгийг монгол хадмал орчуулгатайгаар үзүүлсэн юм. Их Багш Чин Хайн “Аниргүйхэн нулимс” номыг Оскарын шагналт найруулагч Ал Каша ийн хөгжимлөг хэлбэрт хөрвүүлжээ.
Хүн бурханыг эрэн хайх эрэл, уран яруу үг хэллэг бүхий шүлэг, сайхан аялгуу, хүмүүс бидний амьдралын хуудсууд энэхүү бүтээлд амилжээ.
Ийм нэгэн үзэсгэлэнтэй сайхан өдөр “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны нээлтэнд очив. Хуйсагнуур салхитай хаврын өдөр үзэгчид “Тэнгис” кино театрыг зорьж хөгжилтэй, хөгтэй гурван найзтай уулзахаар ихэд догдолсон нь харагдана. Киноны гол дүрүүд бүсгүйчүүд, бүх уран бүтээлчид үзэсгэлэнтэй юмаа. Сайхан зүйл үзээд ирсэн болохоор ч тэрүү яагаад ч юм кино театр нэг л үзэсгэлэнтэй, бүх хүн сайхан харагдаж байлаа.
Урлаг, тэр тусмаа кино урлаг сэтгэл ингэж л хөвсөлзүүлдэг. Бодит ахуйгаас холдож нүүрлээд буй эдийн засгийн хямрал, юу яасан долларын өсөлт, юу яасан улстөрчдийн тэнэглэл ер нь бүх асуудал энэ мөчид арилчих шиг болов.
Ингээд “Кистоун” филмьс, “Эмоци” продакшны бүтээл “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны кинонд та бүхнийг урьж байна. Би нэг л зүйлийг тодорхой мэдэж байсан, маш их инээнэ гэдгээ. Та бүхэн ч гэсэн надтай санал нэг байгаа биз ээ.
Тэд яасан байх нь уу?
Гурван найз маань нөхөрлөлийнхөө 22 жилийн ойг тэмдэглэхээр гэр гэрээсээ арай гэж бултан гарч ирэв. Цэкү хуримаа хийхээр бэлдэж, Санчир гэргийгээ амаржихыг хүлээн, Төгөлдөр найз бүсгүй рүүгээ юу юугүй Америк нисэхээр ажил төрлөө эмхэлж буй үе.
Бөөн юм болж болж гэрээсээ гарсан тэд шөнийн клубт наргив. Угийн хүүхэмсэг Цэкү гурван бүсгүйг ширээндээ дагуулж ирснээр гол үйл явдал эхэлнэ. Бүсгүйчүүд үнэтэй машин хөлөглөн манай гуравтай хамт уухаар давхих боловч эцэст нь төлөвлөгөө нь бүтэлгүйтэн машиндаа тэднийг орхин явчихав. Машин дотор их хэмжээний мөнгө байсныг, чухам ямар хүний эхнэртэй санамсаргүй орооцолдсоноо тэд төсөөлсөн ч үгүй. Аваагүй атлаа маш их мөнгөний өрөнд орж асуудлыг шийдэх гарц хайх болно. Мэдээж энэ хооронд үзэгчид нулимсаа гартал инээж басхүү өмнөөс нь санаа зоволттой. Товч агуулгыг цухас дурдахад ийм байлаа.
Тэд юу хэлэх гэсэн байх нь уу?
“Гурван найз” олон ангит кино бидэнд өнөөдрийг хүртэл нөхөрлөлийн үнэ цэнэ, гэр бүл, хайр дурлалын нандин мөн чанарыг өгүүлсээр байгаа. Басхүү Цэкү, Төгөлдөр, Санчир гурав бол өнөөгийн нийгмийн залуусын бодит дүр төрх билээ. Товчхондоо орчин цагийн залуус яг иймэрхүү гурван шинжийг агуулсаан гэдгийг кино бүтээгчид илэрхийлсэн, зорилгодоо ч хүрсэн. Санчир шиг ч юмуу, Цэкү шиг ч юмуу эсвэл Төгөлдөр шиг хүмүүс нээрээ эргэн тойронд харагдах юм билээ.
Харин энэ удаагийн нэг ангит бүрэн хэмжээний кино “тасарчихсан” баяны амьдралын хөшигний ард юу байдаг, сайхан бүсгүй баян нөхөртэй бол хэрхэн амьдардаг, сэтгэл нийлбэл, хэрвээ олны хүч оломгүй далай хэмээн бие биедээ итгэвэл ямар ч асуудлыг гэтлэн давж гарч болохыг харуулахыг зорьжээ.
Энэ бүгдийн эцэст хоёр идэхгүй, хоосон хонохгүй, өвчин зовлонгүй эрүүл саруул байх амьдралын хамгийн торгон агшин гэдгийг нулимстай инээдээр үзэгчид санал нийлэн хүлээж авснаа илэрхийлсэн. Ер нь тэгээд хүмүүс бид эргэн тойронд байгаа хайртай хүмүүсээ, гэр бүлийнхнээ, яг одоо амьдралд байгаа зүйлсээ ямар их үнэ цэнтэй байсныг алдахынхаа даваан дээр ухаардаг ч юмуу даа.
Манай гурав их өрөө төлөхөөр гурвуулаа бөөрөө өгөхөөр шийдсэн шүү дээ. Яг бөөрний хагалгаанд орохын даваан дээр гар гараасаа чанга атгалцан нөхөрлөсөн он жилүүдээ бодон бодон нулимс унагахад үзэгчид ч дагаж мэлмэрэв. Магадгүй танд, надад ч амьдрал дээр ийм зүйл тохиолдохыг, зүв зүгээр байж байгаад гэнэтийн учрал, гэнэтийн архидалтаас болоод 300 мянган долларын өрөнд орох явдал тохиолдохыг үгүйсгэх аргагүй. Муу ёр, мод тогшоорой.
Гэвчиг амьдрал ийм л гэнэтийн тохиолдлоор дүүрэн байдаг билээ. Гурван найзын гэр бүлийнхэн тэдэнтэй хамт асуудлыг шийдвэрлэхээр хэрхэн хичээж буйг та дэлгэцнээс үзэх тул энэ хүрээд зогслоо. Киногоо сэтгэл хөдлөлдөө автаад хэт их “ярьчихаар” уншигчдад зэмлүүлэх магадлалтай хэ хэ. Ямартай ч амьдралд тун ойр бүтээл болсныг онцолмоор байна.
Жинхэнэ жентельмэн хаана байна?
Сониноос, Цэкү үнэхээр соёлтой залуу юм гээч. Үзэгчид танхимд суудлаа эзлэх үед нэг сонин нь гол дүрийн жүжигчид урилгагүй бололтой суудал хайн эн тэрүүгээр яваад байв. Магадгүй дараагийн кино театрт болох нээлтэн дээр үзэгчидтэйгээ хамт үзнэ гэж төлөвлөөд эхний нээлтэнд энэ мэт асуудлыг тооцоолоогүй ч байх. Танхим пиг дүүрч сул суудал гарын 5 хуруунд багтахуйц үлдэх үед үзэгчид тэр гуравт их санаа зовсон шүү. Жүжигчин Г.Анхбаяр жигтэйхэн ганган, ногоон өнгийн хослол өмссөн тул олны дундаас содон гэж. Суудал хайж явсаар яг миний урд талын эгнээнд суув.
Удаа ч үгүй кино эхлэхэд хүүхдээ тэвэрсэн бүсгүй орж ирэн харанхуйд суудал хайж эхлэв. Цэкү шууд год үсрэн босоод “Уучлаарай” хэмээн суудлаа тавиад өгчихөв. Мэдээж хэн ч нээлтээ хийж байгаа киноны жүжигчнийг босгон суудлыг нь булаахгүй. Баргийн хүн ч тэгж суудлаа тавьж өгөхгүй билээ. Түүний үйлдлээс үзэгчээ хайрласан жүжигчний хайрыг эргэн тойронд суусан хүмүүс харав. Ашгүй ойрхон нэг сул суудал байсан нь аз л даа.
Киноны төгсгөлд ээжтэйгээ явсан өнөөх бяцхан хүү “Цэкү ах аа!”хэмээн ихэд талархсан сэтгэлээр инээд алдан гар барьж байв. Тэр хүү бүх насаараа энэ ахыг мартахгүй гэсэн үг.
Кино эхлэх хүртэл танхимын ард зогсон үзэгчид суудлаа эзлэхийг тэвчээртэй хүлээж дараа нь хэнд ч саад болохгүй өөрсдөө байраа эзлэх хүртэл гурван найз цөөнгүй хүмүүстэй хамт зургаа авахуулав. Эерэг хандлага, эерэг хандлагыг түгээдэг. Тэд үнэхээр чин сэтгэлээсээ үзэгчдээ хүндлэн бүх цагаа зориулав. Баярлалаа, гурван найз!
Яасан байх нь уу? Таалагдсан байх нь
Танхим дүүрэн алга ташилт нижигнэлээ. Тэд зорилгодоо хүрсэн, бүр 120 хувь хүрсэн байх нь. Бүтэн жилийн турш хүлээлт үүсгэн байж төрсөн уран бүтээл тул үзэгчид сэтгэл өндөр киног эхлүүлсэн. Сэтгэл өндөр, инээмсэглэн кино театраас гарлаа. Маш хөгжилтэй, ухааралтай хормыг бэлэглэсэн кино багийнханд баярлалаа. Одоо уншигчид үзэх л үлдлээ.
Нөхөрлөл эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссан даа гэдэг. Гурван найзын нөхөрлөл дуусаагүй ид үргэлжилж байна. Бид ч дараагийн адал явдлыг хүлээх болно. Дахин баярлалаа. Яасан байх нь уу? Таалагдсан байх нь ...
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа
Сэтгэгдэл (2)