
Х.Отгонтуяа: “Төгөлдөр” сан улс төрөөс хамааралгүй ажлаа явуулж л байгаа
Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр тайзнаа толилуулах гэж байгаа. Зохион байгуулагчдын зүгээс уг балетийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр соёл урлагийг дэмжигч“Төгөлдөр”сангийн тэргүүн Х.Отгонтуяагаас дараах тодруулгыг авлаа.
- “Ариун хаврын тахилга” балетын ивээн тэтгэгчээр ажиллах болсон шалтгаан юу байв?
- “Төгөлдөр” сан сонгодог урлагийн төрөлд шинэ зүйл хийх хүсэлтэй залуу уран бүтээлчдийг дэмжиж, тэдний уран бүтээл хийх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьсоор ирсэн. Тэр утгаараа “Ариун хаврын тахилга” балетыг ардын хөгжмийн зэмсэгээр тоглогдох шинэчилсэн найруулгад оруулан бичсэн СТА Х.Алтангэрэлийг дэмжихээр шийдсэн. Энэ ажил жилийн өмнө эхэлж, одоо үр дүнг нь хүртэх гэж байна даа.
Өмнө нь бид залуу уран бүтээлчид болоод балетийн урлагийг дэмжих зорилгоор Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн хүү, хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх “Хүн, байгаль хоёр” төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт, П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балет зэрэг тоглолтуудыг ивээн тэтгэж байсан.
- Балетийг амилуулахад нэлээдгүй их мөнгөний асуудлыг шийдвэрлэх хэрэг гарсан уу?
- Тийм ч их биш ээ. Манай сангийн өмнө нь зохион байгуулж байсан сонгодог урлагийн бүтээлүүдтэй ойролцоо төсөв гарсан. Дээрээс нь Улаанбаатар чуулгынхан өөрсдөө их сэргэлэн, санаачлагатай ажиллаж, нэлээд ажлаа бие даан зохицуулсан байна лээ.
- Таныг ерөнхий сайд асан С.Батболдын эхнэр гэдэг утгаар соёл урлагийн дэмжигч “Төгөлдөр” сангийн үйл ажиллагааг сонгууль тойрсон хязгаарлагдмал маягаар харах хүмүүс байсан. Гэтэл танай сан урлагийн зорилтот ажлуудаа үргэлжлүүлсээр л байгаа нь талархууштай?
- Үргэлжлүүлэлгүй яахав. Манай сан тодорхой зорилтот уран бүтээлүүдийг дэмждэг гэдэг утгаараа байнга хүмүүсийн чихэнд сонсогдоод байдаггүй. Саяхан “Төгөлдөр сан ажиллаж л байгаа юм байна” гэх үг бас сонсоод авсан шүү. Улс төр, урлаг хоёр тань өөр зүйл. “Төгөлдөр” сан улс төрөөс хамааралгүй ажлаа явуулж л байгаа.
- Танд дэмжлэг авах зорилготой саналууд нэлээд ирдэг үү?
- Тийм шүү. Дундаас нь сангийн зорилгод нийцүүлэн сонголтоо хийж дэмждэг. Манайх энэ сард л гэхэд Францын зохиолч Шарль Перрогийн алдарт “Үнсгэлжин” үлгэрийн зохиолоос сэдэвлэн бүтсэн “Үнсгэлжин” хүүхдийн балет, Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурч Н.Жигжиддоржийн уран бүтээлийн бие даасан тоглолтуудыг дэмжиж, зохион байгуулсан. Цаашид ч төлөвлөсөн ажлууд олон байгаа.
- Баярлалаа, танд амжилт хүсье.
Эх сурвалж: www.grandnews.mn
Г.Үүлт
Сэтгэгдэл (6)