“Ариун хаврын тахилга” этно балет тайзнаа амилна

Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут туурвил “Ариун хаврын тахилга” балетыг энэ сарын 24, 25-нд 19:00 цагт чуулгынхаа тайзнаа тоглохдох гэж байгаатай холбогдуулан  зохион байгуулагчдын зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Анх 1913 онд  XX зууны алдарт хөгжмийн зохиолч  И.Ф.Стравинскийн суут туурвил  “Ариун хаврын тахилга”  балет  Парист тоглогдож,  багагүй шүүмжлэл дагуулж байсан ч хожим нь энэ бүтээл дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болсон билээ.

“Газар шороогоо үнсэх нь”, “Агуу их тахилга” гэсэн хоёр үзэгдлээс бүрдэх уг балетыг И.Ф.Стравински 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичиж, тэр хэлбэрээр нь дэлхий дахинд тавигдаж ирсэн.

Тэгвэл хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл  24 хүний бүрэлдэхүүнд багтаан, үндэсний хөгжмийн зэмсэгээр  “Ариун хаврын тахилга”  балетийг тоглуулахаар шинэчлэн найруулсан байна.

Ингэснээр МУСТА Х.Алтангэрэлийн  хөгжмийн шинэчилсэн найруулга, МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн ардын бүжгийн уламжлалыг модерн бүжигтэй хослуулсан  хэлбэрээр Улаанбаатар чуулгын тайзнаас үзэх боломж бүрдэж байгаа юм.

Тус чуулга  “Ариун хаврын тахилга”  этно балетийг  шинэчэн найруулж, тайзнаа амилуулах  ажлыг бүтэн жилийн хугацаанд өрнүүлсэн  бөгөөд “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Харин удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү  ажиллах бөгөөд “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг удирдан тоглуулах аж.

Ийнхүү  урлагийн боловсролтой хэн хүний сонирхон үздэг балетийн урлагт нэгэн шинэ түрлэг, өнгө аяс нэмэн тоглогдох уг бүтээл 4-р сарын 24, 25-нд 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа амилөах нь ээ.

Дашрамд сонирхуулахад, дэлхийн нэр хүндтэй хөгжмийн зохиолч, томоохон театрууд мэргэжлийн чансаагаа батлан харуулах үүднээс уг балетийг өөрийн оронд амилуулдаг уламжлалтай.  Харин манай улсын хувьд 1995 онд УДБЭТ-ийн хамт олон  хөгжмийн аялгууг бичлэгээр сонордуулан, балетыг модерн хэлбэрт найруулан тавьж байсан аж.

Эх сурвалж: www.grandnews.mn

Г.Үүлт

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025