Б.Чойжилсүрэн гишүүнд машин ”зүгээр” өгөх хүн байна уу?

Увсын  гэх тодотголтой Б.Чойжилсүрэн гишүүн унах унаагүй тул хамаг ажлаа хоёр зээрдээрээ таваргаж амжуулдаг гэнэ шүү. Тэгсэн мөртөө 27 компанитай, дүрмийн сан нь 1.5 тэрбумд хүрдэг. Эзэмшдэг хувьцаа нь тэрбум хол давах үнэлгээтэй. Жилийн орлого нь зургаан тэрбум гаруй.

Гэтэл яахаараа ганц  машин аваад уначихдаггүй байна гэх хөхүүн асуулт гарч ирнэ. Төрийн өндөр албан тушаалтнуудын жил бүр АТГ-т гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэг нэг иймэрхүү хийсгэлэн үлгэрийн хөгөөр өнгөрч, нэг нь шалгаж, нөгөө нь шалгуулсан болохчоо аядах юм. Тус газраас төрийн өндөр албан тушаалтнуудыг хөрөнгө орлогоо бүрэн, үнэн зөв  мэдээлсэн эсэхийг бас шалгадаг гээд зарлачихжээ. Ёстой "харагдаач".

Ухаандаа Б.Чойжилсүрэн гишүүнээр жишээ авах юм бол түүнийг өдөрт хэдэн  цаг алхаж байгааг жин тан тооцоод, хөрөнгө мөнгөө аривлан хэмнэх үндэслэлийг нь давхар шалгах нь.  Эцэст нь “Төрийн ажил ийм өндөр хариуцлага дагуулдаг юм шүү” гэхчлэн  хошигнож болмоор.

Хоёр сонгууль дамнан Увс аймгаас сонгогдсон эл эрхэм хийсэн ажлын алдар гавьяа гэхээсээ илүү “сонгууль луйвардсан” хэмээх бараан зүүсгэлээр Монголын ард түмэнд нэрээ гайгүй сайн цээжлүүлж чадсан билээ. Шүүхийн маргаан өнөө хэр эцэслэн шийдэгдээгүй ч,  гэмгүй мөртлөө аавын хаалга татахаа алдсан хэдэн нөхдийнхөө түүхээр дамжуулан Увсынхан бүгдээр Чойжоо хүүгийнхээ хүн чанрыг айхтар ширүүн таньж, дараачийн сонгуулийг анаж отож суугаа.

Гэсэн ч сонгуулийг тэр  сонгогчдын санал асуулгаар бус мөнгөөр шийдээд дадчихсан нэгэн тул онцын ихээр айж эмээлгүй, барилгын бизнес  хийгээд төрийн хор найруулах үйлдээ шамдан зүтгэж явна. МАН-ын мөнгөний гахайг шавхагдашгүй байх үйлсэд тэргүүн түүчээлэгчээр ажилласаар ирсэн Б.Чойжилсүрэн гишүүн улс төрийн хүрээндээ бол мөнгөөрөө шавхуурдаж байгаад эгнээгээ хадгалж үлдэх хүчтэй.

Харин түүний бизнесийн салбар нь  хямралын шуурганд өртөж, баахан бүтэл муутай байгаа талаар сонсогдох болсон. Оны өмнөхөн түүнийг банкны зээлээр баригдаж байсан байрны ажлуудаа зогсооход хүрсэн талаар цуурч байв.

Гэхдээ юунд гандан буураа аж.  Барилгын салбарт ээлтэй гайгүй сайн хууль ганцыг ч болов батлуулах зорилготой их хурлын сэнтийд суудаг гэх олны шүүжмлэлд өртдөг эл эрхэм  хамгийн сүүлийн жишгээр л гэхэд “Төв цэнгэлдэх” хүрээлэнгийн зүүн талд  УИХ- гишүүн Ц.Батбаяр хотын мээр байхдаа авсан нэлээн том газрын нэгээхэн хэсэгт “Рапид харш” гэх гоёмсог нэртэй 20 орон сууцнаас бүрдсэн том хорооллоо сүндэрлүүлээд амжсан. Төв цэнгэлдэхийн гадуурх том барилгууд ихэнх нь түүнийх бөгөөд нийтийн эзэмшлийн талбай, шугам тэргүүтнийг  золиослон байж баригдсан байрууд.

Түүгээр ч зогсохгүй  “Улаанбаатар зүтгүүрийн депо”-гийн эзэмшлийн галын аюултай бүсэд “Нарны хотхон” хэмээх орон сууцны хороолол хүч түрэн баригдаж , Төмөр замын депог нүүлгэх дээрээ хүртэл тулж, Хүүхдийн урлан бүтээх төвийн талбайг засвар хийх нэрээр хумсалсан гээд явж өгнө.

Товчхон хэлэхэд, Б.Чойжилсүрэн өөртөө ашигтай санагдсан бүхнээ төр засаг, нийтийн эзэмшил, сонгуулийн хайрцаг сэлтээс зүгээр л шүүрээд авчихдаг.  Хуулийн хариуцлага, иргэний үүрэг түүнд огтоос хамааралгүй, үйлчлэх ч үгүй.

Одоо харин түүнд ганц л юм хэрэгтэй байна. Тэр нь машин. Гоё сайхан нь хамаагүй ээ. Машин л бол машин. Машингүй хүнд л тийм л хүсэл төрдөг юм. Тиймээс сайн үйлсийн аян зохиогоод ч болтугай түүнд ганц сайхан машин  “зүгээр” өгчихбөл ч  “зүгээр л авчихдаг” бүхний тоо нь бараг л гүйцэх гээд байна.

Ирэх сонгуулийг харин “зүгээр” авч чадах нь уу гэдэг нь л...

Эх сурвалж: www.grandnews.mn

                                                                                                                                                   Г.Үүлт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    arai arai ard tumniig yu gd bodsiin ulaan tsaim daa garch dee
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин
    ичдэггүй юм байх даа, нээрээ л зүгээр авах хоббитой гра шүү.
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • Oyun
    Eoe icheech esvel medrel muutai ymu ene choijilsvren
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
  • туйлшрагч биш
    Энэ хүн хувьдаа биш, компанийн нэр дээр бүртгэдэг байж болно доо. Харин бизнес хийж үзээгүй хүмүүсийн мэдээлэлийг сайн ухсан дээр ибз дээ хө
    2015 оны 04 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025