Өчигдөр Францын нэрт найруулагч Жан Жак Анно манай кино уран бүтээлчидтэй уулзав. Уулзалтын талаар нэгэн эрхмийн бичсэн сэтгэгдэл цахим орчинд түгэж байна. Түүний бичлэгийг засваргүйгээр “Онцлох контент” та бүхэнд хүргэж байна.
Өчигдөр орой Золбаяр Дорж ах маань утасдаж Чонон Сүлдийн найруулагч Жан Жак Анно өнөөдөр уран бүтээлчидтэй уулзана ирээч гэхээр урилга, заллаганд дуртай юм болохоороо гүйгээд очлоо. Найруулагч киноныхоо тухай товч танилцуулга хийсний дараа уран бүтээлчдийн асуултанд хариулав. Тэгсэн ёстой шараа болдог юм байна. Миний бодлоор шүү!

Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн Тэргүүн, найруулагч Б.Цогтбаатар гэдэг нөхөр босч ирээд асуулт биш санал тавиад “Хоёулаа жич уулзая, тэгэх үү, хө, айн?” гээд ахархан цагаас нь хумслав. Дараа нь нэг хүн босоод “Кинонд тоглосон чононууд бүгд амьд биз дээ, энэ чинь?” гэсэн хүүхдийн гэнэн асуулт асуув. Түүний дараа өөр нэг нөхөр “Тэр чононуудыг Монголд авч ирээд кинонд тоглосон чоно гээд мөнгө олвол, ай мөн гоёо” гэсэн гайхамшигт санал хэлэв. Тэгсэн бас нэг залуу босоод “Би Hollywood Film School Mongolia” гэдэг байгууллагыг төлөөлж буй хүн. Бид кино хийхээр сан байгуулж, мөнгө босгож байгаа. Удахгүй 30 сая доллар ирнэ. Та тэгвэл бидэнтэй хамтарч ажиллах уу?” гэж ам асуув. Яасан ч сүртэй нэртэй байгууллага вэ? Кино бүтээж, Монголын кино урлагыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй нь сайхан ч энэ уулзалтаар уран бүтээлчид кино бүтээх туршлагадаа хэрэгтэй ганц ч зүйлийг мэдэж авч үлдэж чадсангүй. Монголын кино урлаг хаана явж байгааг асуусан асуултаараа харуулаад өглөө. Нэг эгч л киноны нийт төсөвийг асуусан нь нүдээ оносон асуулт байв. Киноны зураг авалт 160 хоног авч, пост-продакшнтайгаа нийлээд 1 жилд бүтэж. Гэхдээ найруулагч киног бүтээхийн тулд 7 жил судалгаа хийж.

Уул нь би дараах асуултуудыг асууя гэж бодож очсон юм. Тэгсэн шахуу төлөвлөгөөтэй бас “хэрэгцээгүй” асуултуудад цохиулаад асууж амжсангүй.
1. Жан Жак Анногийн айчлал 2 дах удаагийнх. Манай Ерөнхийлөгч танд зөвхөн баяр хүргэх гэж уриагүй байлгүй. Таны энэ айлчлалын үр дүнд Монголтой хамтарсан уран бүтээл төрөх юм биш биз?
2. Маркетингийн зардалыг оролцуулаад энэ киног бүтээхэд хэдэн доллар зарцуулсан бэ? (www.imdb.com дээр 38 саяар бүтсэн гэж) Одоогийн байдлаар нийт хэдэн долларын орлого олоод байна? (нээлтээ хийгээд 11 хоносны дараа 80,1 сая доллар олж. 2 дугаар сарын 19-нд нээлтээ хийж. Түүнээс хойш энэ тоо нэмэгдсэн нь ойлгомжтой. Дээр нь Европын орнууд, Хойд Америкт гараагүй байгаа. Түүний дараа, орлого нь бүр ч нэмэгдэх нь гарцаагүй). Энэ асуултаар би найруулагчийн хажууд сууж буй Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яамны Сайд Гантөмөрт “мессеж” өгөх гэсэн юм.
3. Хятадууд энэ киног бодлогоор хийсэн. Ямар зорилго, зорилтуудыг өвөртөлж энэ киног хийсэн бэ? Тэр бүгддээ хүрч чадсан уу? (Үүгээр мөн л сайд Гантөмөрт “мессеж” илгээх гэсэн юм)
4. Манай Анхнямыг яагаад сонгох болов?
Энэ уулзалтын ганц сайхан үр дүн нь Анхнямыг төрийн дээд одон болох Алтан Гадасаар шагнасан явдал байв. Харамсалтай нь хэн ч цэцэг өгсөнгүй. “Цочир бэлэг” байсан учраас хэнд ч хэлээгүй юм байна гэж зөвтгөе. Анхнямыг киноныхоо нээлтэнд оролцохоор Буянт Ухаагаас нисэхэд ангийн хэдэн нөхөд л гаргаж өгсөн гэнэ билээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)