Цастай, бороотой, нартай, салхитэй гэгэлзсэн хаврын өдрүүд үргэлжилж байна. Бид ч бас гэгэлзэн гэгэлзэн шинэ дугаараа бэлдлээ. Энэ дугаарт маань хоёр сайхан бүсгүй уригдсан. Зууны манлай дуучин поп хатагтай Б.Сарантуяа төрсөн өдрийнхөө өмнөхөн реалити шоундаа “Гранд”-ыг дуудлаа. Тэртээ 90-ээд оны од, монголын анхны дуэтийн шигтгээ МУГЖ С.Эрдэнэцэцэг олон жилийн турш хэвлэлээс нуугдан “ичсэн”-ийг тоглолтынх нь дуулианаар бид үүрнээс нь ёстой суга татаад л гаргаад ирлээ. Урлагийн өөр өөр жанрын лидер болсон бүсгүйчүүд хоёулаа ганц бие ээж, хоёулаа эрэмгийн дайчин зоригтой юм. Поп хатагтай “Хатан ухаанаараа л амьдар л даа, 80 насны босгон дээр уулзья” хэмээн аархсан бол “Ганц бие бүсгүйчүүд илүү хөдөлмөрч, амьдралын төлөө зүтгэдэг” хэмээн С.Эрдэнэцэцэг даруухан намжирдав.
Хавар болж, гэр бүлээрээ гадуур зугаалах, хөнгөн нимгэн хувцастай охид бүсгүйчүүд хотын гудамжийг чимж байна. Хэний охин өсөж, хэний айраг исэв, энэ хаврын стиль имижэд үзэсгэлэнт бэрүүд хэрхэн хувьсал авчирч буйг та нүүр хуудас бүрээс тольдоорой.
“Гранд амьдрал” булан “Алтай констракшн”-ы Т.Бат-Эрдэнийг онцолсон бол, “History” Драмын 4 хамтлагийг тодотгов. Уншигч та бүхэнд хөнгөн инээмсэглэл бэлэглэж алжаал тайлах “Та битгий уурлаарай” буланд энэ удаад Төрийн ордны эрхмүүдийг дуранджээ. Сонин содон, гэнэтийн сюрприз дүүрэн нэгэн дугаараа бид та бүхэнд өргөн барьж буйдаа таатай байна.
Хүн чанар, чин сэтгэл, хүчирхэг биеэ даасан бүсгүйчүүд нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэж буйн илэрхийлэл, гялбаа энэ дугаарт тодоос тод туслаа. Гайхалтай бүсгүйчүүд минь урагшаа!

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл №60
Дугаарыг удирдсан Б.Уян
Сэтгэгдэл байхгүй байна