“Мөнх цохилох зүрх” аяныг магтъя

Хандив тусламжийн төрөлтэй  нийтийг хамарсан аян, зорилтот ажлууд тийм ч амархан өрнөчихдөггүй. Сайхан сэтгэлийн угаас хандив өгөх нэгэн байхад “Идлээ, уулаа, худлаа ярилаа. Залилан хийлээ” гэх өөр өнцөгүүд заавал гарч ирдэг. Даяаршлын эрин зуунд эх орондоо эмчилж болохгүй өвчин зовлонгууд Монгол түмнийг "дажгүй сайн" нэрвэж, тэр тоолон олноосоо тусламж гуйх улсын цуваа тасрахгүй байгаа нь асуудлыг улам эл дол болгосоор байна. Өвчтэй зовлонтой улсын нэр барьж, мөнгө олох гэсэн хүмүүс гарч ирдэгийг ч үгүйсгэх аргагүй юм. Угаас олон өнгө аашийг ямар ч үеийн нийгмээс мэдэрч болдог хойно.

Гэсэн ч сайхан сэтгэлийн угаас нэгдсэн, асуудалд эерэг талаас хандаж сурсан залуусын зоригийг юугаар мохоож чадах билээ. Өнөөдөр өч төчнөөн сайхан сэтгэлт хүмүүс нэгдэж,  өвчтэй нэгнээ дахин нар мандаж жаргахыг он удаан жилээр харуулахын тулд сайн үйлсийн аян санаачилсаар байгаа. Тэдгээрийн нэг нь Фэйсбүүк дэх “Залуусын мартагдашгүй намар”, “Залуусын итгэл”, “Залуусын давалгаа”  группүүд хамтран  “Мөнх цохилох зүрх” аянг өрнүүлсэн явдал юм.

Аяны хүрээнд зүрхний хүнд хавсарсан гажиг оноштой М.Мөнххүслэн,  төрөлхийн зүрхний  гажиг оноштой Б.Хулан нарын эмчилгээний зардлыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан тодорхой зорилтот  ажлуудыг үе шаттайгаар амжилттай зохион байгуулан, шаардагдах мөнгийг олсон билээ.

Шүүмжилж, өө эрсэн нийгмийн нэг хэв тогтолцооны дундуур сайн үйлсийн аян санаачлан, Монголын ирээдүй болсон балчир үрсийн зүрхийг цалгитал цохилох боломжийг нээн өгч байгаа залуусаа магтмаар санагдаж байна. Хүү охин хоёрт амьдрал бэлэглэсэн аяны хүрээнд залуус 60 орчим сая төгрөгийн тусламж цулуулж чадаж.

 

Ингэхдээ урлагийн тоглолт, “Нэг зүрх нэг тэмүүлэл” сагсан бөмбөгийн тэмцээн, хандивын хайрцагны аян, фэйсбүүк дэх найзуудаа тусламжийн аянд нэгдэн орохыг дуудах, тусламжийн утас гэхчлэн олон арга ашиглажээ. Тэдний санаачилсан аянг албан байгууллага болон хувь хүмүүс олноороо дэмжиж, өөр өөрсдийн боломжоороо сэтгэлийн дэм өргөсөн нь бахархмаар. Эмэгтэйчүүд, сурагчид өөрсдийн хийсэн cupcake, бэлэг дурсгал, хувцас тэргүүтнээ борлуулан хандив өгсөн нь элбэг байхад хувийн хэвшлийнхэн байгууллагын дотоод санаачлагаар үүсдэг хуримтлалын сангийнхаа мөнгийг хандивласан байх. Улс төрчдөөс илүү урлаг спортынхон аянд идэвхтэй оролцож. Хошин урлагийн нэрт мастер Бооёо  500 мянга төгрөгийг Б.Хулан охинд хандивласан нь цахим сүлжээгээр олны талархлыг хүлээгээд авсан. Бусдыг нь дурдалгүй үлдээе.  

Мөн АНУ-д  амьдарч буй Монголчууд л гэхэд хоёр өдрийн аяны хайрцагт 830 доллар хийжээ. Ер нь ажаад байхад гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууд сайн үйлсийн аянд нэлээд идэвхтэй оролцдог. Яг зорьж очоод уулзахад тэд “Биднийг эх орныхоо хөгжлийг голоод гадаадад амьдарч байгаа гэж элэг нэгтнүүд минь загнадаг” хэмээн тунирхан ярих нь бий. Гэвч үнэн хэрэгтээ хөлс хүчээ шавхан байж Монгол руу элгэн садандаа илгээх  асар их  гадаад валютын урсгал хийгээд үгүй ядахнаа тусламжаар өөрсдийн хүүхдүүдийн хувцсыг хүртэл хамж хайрцаглаад  явуулах сэтгэл тэднээс л гардаг шүү гэж хэлмээр санагдаж байна.

Их сургуулиуд тойрон аялсан хайрцагнаас арав, хорь, тавьт, зуутын дэвсгэртүүд нэлээд олноороо гарсан зураг харагдана. Тавин төгрөгөөр ганц чихэр ч авч хүрэхгүй байгаа өнөө үед зуун оюутан халаасандаа байгаа хэрэг болдоггүй гэмээр бутархай мөнгөө хайрцагт хийснээр өчнөөн олон мянга болж өсөж үржинэ.  Дуслыг хураавал далай гэдэг.

Аяны залуус хандивын дансанд орсон мөнгөний баримтуудыг тухай бүр цахим сүлжээнд байршуулж, аяны хайрцган дахь мөнгөө хэрхэн эмхэлж байгаагаа видео бичлэгээр баталгаажуулжээ.  Ийнхүү олны хүчээр жигүүр хийсэн эдгээр  залуусын хэн нэгнийх нь нэрийг онцлон дурдахыг хүссэнгүй.  Энд “Зөв хандлага байхад зөв л ажил өрнөнө. Санаачлага хийгээд сайхан сэтгэлтэй залуусын нэгдэл дор Монголчууд хоёр  бяцхан иргэнээ мөнх цохилох зүрхтэй болгожээ” л гэж хэлье. Амжилт залуус аа.

                                                                          Эх сурвалж: www.grandnews.mn

                                                                                                                   Г.Үүлт

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Mongolchuud
    Bayartai medee bna saihan setgeltei zaluusdaa amjilt bas bayarlalaa
    2015 оны 04 сарын 18 | Хариулах
  • az jargal husie
    saihan setgelt mongoliin baharhal bolson zaluus ta nar chadsan shuu ta buhnii achaar mongoliin saihan ger bul eleg buten az jargaltai bn ta buhend ene horvoogiin hamgiin sain saihan buhniig husen eruue
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Bayrlalaa
    Boyoo ch helsendee hurdeg hun shuu
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
  • Мөнх цохилох зүрх
    Сайхан сэтгэлтэй мундаг залуусдаа баярлалаа үнэхээр бодитоор хийж чаддаг гэдгийг харуулж байна шүү
    2015 оны 04 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025