Уг нь хамгийн найдвартай, аюулгүй унаа нь том оврын автобус баймаар. Туршлагатай жолооч, найдвартай техниктэй автобуснууд зорчигчдын амь насыг дааж явах учиртай. Гэтэл нийтийн тээврийн том оврын автобусны жолоочид дүрэм зөрчиж, хурд хэтрүүлж, эгнээ байр буруу эзэлж явдгаас шалтгаалан осол тасардаггүй. Алдагдалтай ажиллаж байна гэдэг нэрийдлээр жил дараалан үнээ нэмчихээд, нийтийн бухимдлыг улам л төрүүлэх болсон нь харамсалтай.
Нийтийн тээврийнхэнд ухамсараас гадна "үүрэг" гэж зүйл дутагдаж байгаа гэлтэй. Зорчигчдийг тээвэрлэж үүргээ гүйцэтгэж байгаа мэт боловч яг үнэндээ зарим жолооч нэртэнгүүдийн хувьд үүргээ зөв биелүүлж байгаа юу гэвэл худлаа. Жолооч нар зорчигдыг хүссэн газар нь буулгаж, аюулгүй, ая тухтай тээвэрлэх үндсэн үүрэгтэй хүмүүс. Үүргээ мартаж, мөнгөний төлөө хоорондоо зорчигчдыг булаацалдан улайрч, олон мянган хүний амь насыг хариуцаж яваагаа үл ухамсарладаг.

Тэрхүү ухамсаргүй уралдааны бариан дээр бүртгэгдэх аваар ослын тоо өч төчнөөнөөрөө бий. Ийнхүү автобуснууд зам булаалдан нэг нэгнийгээ шахаж орж ирэх, уралдах, хажуу бөөрөөрөө шүргэлцэх гээд үггүй тулааныг бөглүү зам дээр үзүүлдэг нь иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж байна. Тиймээс тэдэнд 500 төгрөг хүний аминаас илүү үнэтэй харагддаг гэхэд хилсдэхгүй. Хүний амийг 500 төгрөгөөр үнэлсэн тэдгээр нийтийн тээврийн үйлчилгээний ажилчдын ёс зүйг хэнээс нэхэх ёстой вэ? Зорчигчид сэгсчүүлэн байж, айж сандран үйлчлүүлчихээд тэрхэн үедээ бухимдан бууцгаадаг. Үүний цаана гомдол гаргаж, асуудлыг шийдвэрлэх, арга хэмжээ авах асуудал ямагт орхигдож байна.

Мөн иргэдийг бухимдуулдаг нэг асуудал бол цагаасаа түрүүлж буух, үйлчлүүлэгчдийг хоорондоо дамжуулах асуудал. Нийтийн тээврийн цагийг нэг цагаар сунгаад 11 цагт буулгаж байх шийдвэр гарсан байдаг. Гэтэл хотын төв замаас бусад чиглэлийн автобуснууд 9:30 гэхэд бараа нь харагддаггүй. Цагаа дуустал иргэдэд үйлчлэхийн оронд нэг чиглэлийн автобусанд үйлчлүүлэгчдээ шилжүүлж өгчихөөд явчихдаг.
Ямартаа ч иргэдийг бухимдуулдаг, үйлчлүүлэгчээ үл хүндэлдэг, ухамсаргүй авирладаг нийтийн тээврийн жолооч ажилчдыг анхаарах цаг болсон.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)