Авто замын ачаалал нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр зам тээврийн осол нэмэгдэж байна. Тэр тусмаа сургуулийн насны хүүхдүүд зам тээврийн ослын хохирогч болсоор байна. Өнгөрсөн онд л гэхэд нийслэлийн хэмжээнд 10 хүүхэд зам тээврийн ослоос болж амиа алдсан бол улсын хэмжээнд 48 хүүхэд осолдсон гэсэн харамсалтай мэдээ гарав.

Харин энэ онд хүүхдийн зам тээврийн осолд өртсөн байдал 17,8 хувиар буурсан байна. Үүнд 11 хүүхэд зам тээврийн ослоор нас барж, 200 орчим хүүхэд бэртэж гэмтсэн гэх тоо байна. Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Ууганжаргал нь согтуугаар жолоо барьж яваад 12-хон настай охины амийг хөнөөсөн аймшигт хэрэг шийдэгдээгүй л яваа харамсалтай жишээ бидний өмнө байна.

Хүүхдүүд ихэвчлэн “Гэр-Сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутад, хичээл тарах, цуглах цагуудад анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, гарцтай, гарамтай газрын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх зэрэг үйлдлээсээ болж зам тээврийн ослын хохирогч болдог байна.

Зам тээврийн осолд хамгийн их нөлөөлдөг зүйл бол ногоон гэрэл цагаан шугам. Зарим зам дээр явган хүн гарах цагаан шугам огт байдаггүйгээс зам тээврийн ослын хохирогч болдог. Мөн жолоо барьж яваа томчуудын ухамсараас ихээхэн шалтгаалдаг болохыг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.

Нийслэл хотын замын хөдөлгөөнд биенээ хүндэтгэх, хүлээн зөвшөөрч найртай ханддаг ганц ч жолооч байхгүй. Бүгд л бие биетэйгээ уралдаж, уралцсан, хараасан, хялайсан жолооч нар. Гэрлэн дохиотой уулзварт түгжирцгээж, бөөн уур бухимдал ханхлуулна. Тэгээд түгжрэлээс арай чамай мултрангуутаа л хаазаа гишгэнэ. Энэ ухамсаргүй үйлдлийн цаана хичнээн хүүхэд, хичнээн мөрөөдөл, гэрэлт ирээдүй бөхөж байгааг жолооны ард суугаа хэн бүхэн бодох цаг болсон.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна