Монголын ард түмэнд нэг сайхан чанар бий. Тэр нь сэтгэлд нь хүрч, сайхан мэдрэмж төрүүлсэн аливаа зүйлийг зүгээр нэг сонирхоод орхих биш баяр хөөртэйгөөр өлгийдөн авч, бүүвэйлэн энхрийлж, цэцэглүүлэн өртөөлүүлж чаддагт оршино. Тэр дундаа дуугаа өөрсдөө зохиож, дуунаасаа ухаарал нэмж ирсэн гэгээн түүхтэй ард түмэн болоод ч тэр үү уянга дуундаа дэндүү хайртай.
Тэгвэл сүүлийн үед төрөн гарч байгаа шилдэг бүтээлүүдийн магнайд МУСТА Эрдэнэсүрэнгийн Төрмандахын дуулсан “Жаргалтай явна хоёулаа” хэмээх дуу зүй есоор өнгөлж явна гэдгийг ард түмнийхээ сэтгэлийн хандлагаас харж болохоор байна.

Уудам дэлгэр монгол орны эзэн заяаг түшиж яваа эгэл залуугийн нүнжигтэй, гэнэн цайлган сэтгэлийг харуулж дүрсжүүлсэн уг бүтээл цацагдаж эхэлснээс хойшхи есөн сарын хугацаанд нэг сая илүү монгол түмэн YouTube-ээс үзэж сонсжээ. Өөрөөр хэлбэл нэг сая ард түмнийхээ сэтгэлийн ерөөлөөр хүрээлүүлжээ гэсэн үг. Цаашид ч энэ тоо улам хурдтай нэмэгдэх нь харагдаж байна. Монгол ахуй орчинд монголынхоо ёс заншил, бахархалт уламжлалыг үнэрлэж өссөн, уншиж мэдсэн, сонсож дуулсан хэн бүхэн “Жаргалтай явна хоёулаа” дуугаа сэтгэлдээ бүүвэйлэн эгшиглүүлсээр байх нь дамжиггүй юм. Өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, хоолойн чадлаараа түмэн олноосоо өндөр үнэлгээ авсан эрхэм дуучин Э.Төрмандахдаа урлагийн өндөр амжилт хүсч, аяны дөрөөг тань үгэн сүүгээр мялааж байна.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (2)