“Могжоохон”, “Сүлд” энтертайнментийн хамтын уран бүтээл “Үндэсний баялаг” уран сайхны кино нээлтээ хийлээ. Кино зохиолоо залуу жүжигчин А.Алтанхуяг бичиж найруулжээ. Тэрээр бусад кино шиг уул уурхай, хил хязгаар, алт мөнгө, шог хошин сэдвүүд гэдгээс илүү эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн үндэсний баялаг гэдгийг харуулахыг зорьсон байна. Тус кинонд Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог зэрэг уран бүтээлчид оролцон дүр бүтээжээ.

Үнэгүйдсэн “Үндэсний баялаг”
Улс эх оронд юунаас ч илүү үнэт зүйл гэж байдаг. Тэр бол мэдээж хүн. Өнөөдөр “мөнгө” хүнээс илүү үнэд орсон цаг болоод байгаа нь харамсалтай. Хүний амь үнэгүйдэж, мөнгө нэгдүгээрт тавигдаж байгааг та мэдэрсэн бол. Газар нутаг, хил хязгаар, алт мөнгө, эрх мэдэл, албан тушаалаас илүү үнэт зүйл гэж байдаг. Тэр нь монгол хүн, монгол хүнийг бүтээгч эх хүн. Ядуу тарчиг амьдралаас болж ирээдүйн монгол иргэний ээжүүд буруу замаар будаа тээж буй тухай кино юм.
А.Алтанхуяг \Төрөө\
Эцэг эхгүй өнчин Төрөө \А.Алтанхуяг\ төрсөн дүү Халиунаагийн \Э.Хонгорзул\ хамт хашаа байшингийнхаа хөлсийг төлөх чадваргүй ядруухан амьдардаг. Тэрээр бие хамгаалагч ч ажил олддоггүй байв. Нэгэн орой хотын гудмаар ганцаараа юм бодож алхаж байгаад нэг бүсгүйг хэдэн залуус машиндаа хүчээр суулгах гэж буйтай тааралдана. Түүн рүү очоод бүсгүйг гараас нь хөтлөөд найз залуу нь болж жүжиглэн алхахад нөгөө залуус яаж ч чадахгүй явуулдаг. Түүний аварсан бүсгүй Нандиа \Б.Номин\ Төрөөд дурлана.
Маргааш нь Төрөө нэгэн компанийн даргын бие хамгаалагчаар шинэ ажилд орно. Түүний орсон газар монгол охидыг нэг орой худалдан авч гадаад, дотоодын иргэдэд зуучлан биеийг нь үнэлүүлдэг газар байв. Тэр энэ бүхнийг эс тэвчин дарга нартайгаа тэрсэлдсэнээс киног өрнөх цэг рүү хөтөлдөг. Төрөө өөрийн дүү Халиунаагаа асрах, бөөрний хагалгаанд оруулах мөнгө олохын тулд даалгасан бүхнийг хийж байсан ч нэг л өдөр ажлаасаа урвана. Жирийн нэгэн монгол залууд эх орны баялаг болсон ирээдүйн эхчүүдийг дамлан худалдаалах, биеийг нь үнэлүүлж мөнгө олох нь дэндүү шударга бус санагддаг. Хүний амь, мөнгөнөөс илүү үнэт зүйл, ядуу тарчиг амьдрал, мөнгөний төлөө биеэ үнэлж буй охидын байдлыг тэр залуу . Гэвч энэ бол бидний амьдралын өнөөдөрт нуугдаж буй хөндүүр сэдэв. Бидний мэддэг хэрнээ, мэддэггүй амьдрал.
Б.Номин \Нандиа\
Төрөөд дурласан бүсгүй. Түүн рүү залгаж, түүнийг хоолонд урьж, түүнтэй уулзахыг хүсдэг жирийн нэг бүсгүй байв. Машинтай, байртай Төрөөгөөс тэр эрс өөр. Гэвч киноны турш Төрөөд дурласан, түүнд хайртай, энгийн даруу бүсгүйн дүрээр үргэлжилнэ. Харин киноны төгсгөлийн мөч, тайлал хэсэгт тэр бүсгүй үнэгүйдсэн “Үндэсний баялаг”-уудын нэг байдаг.
Үзэгчид түүнийг мөнгөөр биеэ худалдагчдийн нэг гэж хэзээ ч таамаглаж чадахгүй. Тайлал хэсэгт Нандиагийн дүрийг ийнхүү гаргаж ирснээр кино үзэгчдийг шоконд оруулж орхив.
Ц.Төмөрбаатар Төрийн соёрхолт, АЖ \Далай\, Б.Бодьбаатар \Ганбаа\ нар онцлох дүрүүд
Далай, Ганбаа нар бол мөнгөний төлөө юугаа ч зараахаас буцахгүй эрчүүд. Тэдэнд мөнгөнөөс бусад бүх зүйл үнэгүй. Монголынхоо баялаг болсон монгол хүнийг худалддаг. Тэд Төрөөгийн дүрийг тодосгогч дүрүүд юм. Далай, Ганбаа нарын тусламжтайгаар нийгэмд нуугдаж буй жигшүүрт үйлдүүдийг хөндөж гаргажээ.
Далайгийн дүрд тоглосон Ц.Төмөрбаатар, Ганбаагийн дүрд тоглосон Б.Бодьбаатар нар эсрэг дүрийг тун ч чадварлаг бүтээсэн аж.
"Үндэсний баялаг"-ийн үнэт сэдэв
Хүний амь, мөнгөнөөс илүү үнэт зүйл, ядуу тарчиг амьдрал, мөнгөний төлөө биеэ үнэлж буй охид бол бидний амьдралын өнөөдөрт нуугдаж буй хөндүүр сэдэв. Бидний мэддэг хэрнээ, мэддэггүй амьдрал.
Жүжигчин А.Алтанхуяг бусад найруулагч, зохиолч нарын бичдэг, хэлдэг, олон хэвшмэл сэдвүүдээс эрс өөр сэдвийг хөндөж кинондоо тусгасан нь үзэгчдэд хамгийн их таалгдаж байв. Мөн залуу уран бүтээлчийн хувьд түүнийг өндөр үнэлж байгаа юм.

Эх сурвалж: www.grandnews.mn
П.Уран
Сэтгэгдэл (2)