Хүн бүр өөрийн сүсэг бишрэл, итгэл үнэмшлээрээ амьд явдаг. Тэдгээр итгэл үнэмшилээ нууж хаагаагүй хэдэн хүн бидэнд танил болсон. Тэр хүмүүс манай нийгэмд шагшин магтагдаж, эгдүүцэл зэвүүцлийг хүргэж байсан цаг саяхан. Тэгвэл "Мөрөөдлийн театр"-аас, "Мөрөөдлийн баг" болон хувирсан тэдгээр зургийн эздийн тухай багцлан хүргэж байна.

С.Жавхлан & Шагай
МУГЖ С.Жавхлан 2012 оны сонгуулиар Увс аймагт нэр дэвшсэн ч олигтой санал авч чадаагүй ялагдал хүлээсэн. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн турш “Хамаг Монгол” төслийг удирдан амжилттай хэрэгжүүлж яваа гэж хэлж болно. Тоглолт хийж, олсон орлогоо хүмүүнлэг үйлсэд зориулж хогийн цэг дээр амьдардаг хүмүүст сүү аваачсан.

Эдийн засаг хямралтай өнөө цагт өндөр үнэтэй тоглолт, халтуур хийхгүй гэдгээ амалж олон хүнээс үнэлгээ авсан. Түүнийг улс төрч болно гэхэд хэний ч санаанд багтахгүй, харин сайн дуучин гэвэл дуу нэгтэйгээр хүлээнэ зөвшөөрнө биз ээ. Жирийн монгол хүн, эх орны хүүгийн үүднээс нутаг ус газар шороо, уул усаа хайрлаж хамгаалахдаа иргэдийн өмнөөс дуугарч буй гэж харах хэсэг байгаа бол ирэх сонгуулийн шоу хийж байна, хэтэрхий тэнэглэж байна гэж харах хэсэг ч байгаа юм аа. Ямартаа ч тэр нэр алдар цол гуншин хүсээд байдаг нэгэн биш гэдгээ МУГЖ цолоо хөгжмийн зохиолч Б.Магсаржавт зүүж өгснөөрөө харуулаад авсан юм.
Дуучин С.Жавхлан одоо улс төрийн тэмцэл хийж явна. Тэрээр төрийн гурван өндөрлөгийг халз мэтгэлцээнд дуудаж, ёс зүйгүй бүдүүлэгээрээ дуудуулаад авсан. Ёс зүйгүй, бүдүүлэг аашилснаа хүлээн зөвшөөрч төрийн ордонд өөрөө очьё намайг ёс зүйтэй хүлээж аваарай гэсэн сэтгэлийн үгээ төрийн ордон руу дайсан. Гэвч төрийн ордныхон түүнийг ёс зүйтэй ч хүлээж авсангүй. Түүний тэмцлийн дараагийн хэлбэр чухам юу вэ гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Б.Сарандаваа "Мөнгө даллагч"
Бөхийн өргөө, UB паласт баахан хүн цулгуулаад хэтэвчээр нь мөнгө дуудуулдаг нэгэн шидтэн гарч ирж монголчуудын хэсэг алмайруулав. Тэр хүн бол Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн Б.Сарандаваа хэмээх эмэгтэй байлаа.

Тэрээр “Мөнгөтэй болох гэж хичнээн хүсээд та өөрөө тоогдохгүй бол мөнгө олдохгүй, олдлоо ч тогтохгүй. Хүн болгон хүсэвч баян болж чаддаггүй. Буян хишиг тогтоох гэж хэтэвчээ хоосортол наймаа бүү хий. Олсон орлогынхоо хоёр хувийг хэтэвчиндээ хийгээд заавал хадгалж бай. Дэлгүүрт орчихоод энэ надад таарах болов уу гэж хувцас болгоныг бүү үз, буян заяаны чинь тоо гүйцнэ. Болж бүтэхгүй хүнд буруу өдөр мөнгө өгвөл өөрөө хоосрон ядуурахын үндсийг тавьдаг” гэх мэтчилэн хүмүүст зөвөлгөө өгч “мөнгөний даллага дуудах” аргыг зааж өгч байв.
За тэгээд мөнгө дуудах аргыг нь хичнээн хүн сурч, хичнээн хүн мөнгөтэй болж баяжсан юм бүү мэд. Хэрвээ Б.Сарандаваагийн мөнгө дуудах арга, даллагыг олигтойхон сураад авчихсан бол өнөөдөр ингэж хямраа ч уу, үгүй ч үү?
П.Давааням: “Бурхан батлагч”
“Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын сургуулийн хүндэт профессор П.Давааням. За энэ олон гуншингаа байя.

Тэрээр өөрийгөө “Чингис хааны гүн ухааныг дэлхийн сонгодог философийн иж бүрдлээр нь нээсэн, Христ дахин мэндэлснээс хойш бурхан байгааг хэн ч дахин батлаагүй байхад 2005-2009 он хүртэлх хугацаанд бурхан байгааг нотолж чадсан” хүн хэмээн ярьсан удаатай. Үгүй ер эрүүл хүний ухаан, санаанд багтах зүйл мөн үү. Бас болоогүй “16 удаа дэлхийн болон олон улсын дээд курс төгссөж дэлхийн 52 шинжлэх ухааны 2832 мэргэжлээр Чингис хааны философийг баталгаажуулсан” ч гэж ярьсан байдаг. Казахстан улс түүнд хүндэт профессор цол өгсөн гэж байгаа. Энэ эрхэмд хэн хэзээ өгсөн нь бүү мэд “Улстөрийн мэргэжлийн шинжлэх ухааны хүн” гэх тодорхойлолт ч байх юм.
За тэгээд шинжлэх ухааны хүн, бурхан байдгийг нээснээр тогтсонгүй. Хоёр ч удаа сонгуульд нэр дэвшчихсэн юм билээ. Хамгийн анх 1992 оны ардчилсан сонгуульд Социал демократ намаас нэр дэвшиж байсан бол 2012 оны УИХ-ын сонгуульд Монголын Ногоон намаас нэр дэвшиж байв.Юм Юмыг л хослуулсан хорвоод төгс хүн гэж байдаг бол энэ хүнийг л чухам өргөмжлөх гэлтэй.
В.Мөнгөнчимэг & Навчаа
Хоёр жилийн өмнө Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн Мөнгөнчимэг гэх эмэгтэй өөрийн биенээсээ 2000 чулуу болон 20 ширхэг гуулин бурхан төрүүлсэн хачирхалтай мэдээ монголоор нэг түгж байв. Бурхан төрүүлэгч гэгдсэн В.Мөнгөнчимэг 1993 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн бөгөөд бага ангийн боловсрол эзэмшсэн нэгэн.

Тэрээр 2011 оноос эхлэн хүний биеийн гарч болох бүхий л нүх сүвээрээ чулуу гаргаж эхэлсэн. "Би эхэндээ чулуу гаргадаг байгаад дараа нь хоёр ихэр бурхан гаргасан” хэмээн ярьж байв. Анх тэрхүү мэдээлэл ТВ9 телевизийн Инфо сүлжээ болон “Хөвсгөл Ард түмний телевиз”-ээр цацагдаж ард түмнийг бухимдуулж, басхүү гайхшруулж багагүй сенсааци дэгдээгээд авсан юм. Өнөө хамаг нүх сүвээр нь гарсан гэх бурхдын эзэн, \дэлгүүрийн худалдагч\ "Тэр бөөлжөөд байгаа юмнуудаа бүгдийг нь манай дэлгүүрээс худалдаж авсан юм шүү дээ" хэмээн хэлснээр “бурхан төрүүлэгч” эмэгтэй нутаг нугынхаа нэр хүндийг навс унагасан билээ. “Гуулин бурхнаар бөөлжөөд байдаг Галт сумын Мөнгөнчимэг 13 жил ээ” хэмээх онигооны эзэн болж хоцорсон доо.
Г.Оюунгэрэл “Дэлхийг сөнөөгч”
Нэрнийхээ урд “Орифлейм”-ийн гэх тодотгол авахаараа хүмүүс илүү танил болдог нэгэн эмэгтэй байдаг. Түүнийг Монголд сүлжээний бизнес цэцэглэн хөгжих эх үндэсийг тавьсан хүн гэдэг. Тэрээр хоёр хүүхдийнхээ хамтаар хашаа байшин хөлсөлдөг байснаа “Орифлэйм”-ийн бүтээгдэхүүнийг анх хэрэглэж, бизнес хийж болно гэдгийг олж мэдсэнээр амьдралаа орвонгоор нь өөрчилж чадсан. “Орифлейм Монгол” компанийн үүсгэн байгуулагч энэ эмэгтэй өнөөдөр Монголын хамгийн баян бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог.

Маяачуудын он тоолол дууссан 2012 онд дэлхийг сөнөнө гэж олон хүмүүс итгэсэн. Тэр бол тэдгээр итгэгчдийн нэг. “Галав юүлж, дэлхий шинэ эзэдтэй болох тухай” түүний яриа нэлээдгүй хүний эгдүүцлийг хүргээд авсан. Бас ч үгүй УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшээд авсан ч удаатай. “Би орифлеймийн эзэн гэсэн шиг хайр гамгүй түрхэнэ ээ энэ будгуудаа” гэх онигооны эзэн шүү.
Арго багш & Эрхэмээ
Дэлхийн 25 хэлээр өөрийгөө чөлөөтэй ярьдаг хэмээн тодорхойлдог Арго эрхэмийг монголчууд андахгүй. Ийм их хэл мэддэг түүний тархи үгүй мөн ч сийрэг дээ. Хүн бүхэн түүний олон хэл сурсан нууцаас суралцахыг хүсэж байсан цаг саяхан. Гэтэл нэгэн сэтгүүлч та 25 орны хэлээр шууд гэдэг үгийг орчуулаад өгөөч гэхэд нь “би яаж мэддэгийн” хэмээн хариулж “оны онцгой худалч” хүн нэр зүүсэн билээ.

Арго багштан гэх энэ эрхэм бизнес овсгоотой нэгэн. Олон ч ном бичиж худалдаанд гаргаад амжсан. Тэрээр өөрийгөө буддын шашин бөөгийн шашин хоёрыг “хослуулж” чаддаг гэдэг юм билээ. Тэр нэг л өдөр шашинаас урваж хошин урлагт хүч үзснээрээ шар хэвлэлийн халуун сенсаацийн бай болж явсан удаатай.
З.Бат-Отгон & Батаа
З.Бат-Отгон гэдэг энэ эрхмийг монголчууд мэддэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Монгол суу ухааны "Манукол" академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор хүн. Монгол суу ухааны "Манукол" академи байгуулсан. Түүгээрээ монголчуудын оюун санаанд болон соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд нэлээд хувь нэмэр оруулж яваа гэж үнэлэгддэг. Ямартаа ч түүний уншиж, ярьдаг лекц илтгэлүүдийг хүмүүс шимтэн сонсдог юм билээ. Харин тэрээр 1998 онд философийн ухааны зэрэг хамгаалсан бөгөөд бүхий л зүйлийг “тэнгэрийн тааллаар хийж явна” гэж өөрийгөө ярьдаг.

Зарим нь түүнийг бөө гэж ярьдаг ч энэ тухайгаа нийтэд хэлээд байдаггүй. Тэрээр Б.Арготой уралдан Чингисийн “Цагаан сүлд”-ийг жинхэнэ утгаар нь амилуулж, тэнгэрийн хүчийг тахилгад оролцогсдод бэлэглэсэн гэж дуулдсан.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (10)