”Моно жүжиг жүжигчин хүнээс их л хүч шаарддаг”

“Солиорол” жүжгийг амилуулсан жүжигчин Л.Эрдэнэ-Очир: "Моно жүжиг жүжигчин хүнээс их л хүч шаарддаг"

Өнгөрсөн оны “Гэгээн Муза” наадмаас шагнал хүртсэн “Солиорол” моно драм жүжгийг энэ сарын 04-нд “Black Box” театрын тайзнаа дахин амилууллаа. Энэхүү жүжгийн зохиолч Сара Кейнийг нас барснаас жил хагасын дараа анх удаа Английн “Жевүүд” театрт тоглож байсан аж. Тэр цагаас хойш Британи, Канад, Польш, Шинэ Зеланд, Энэтхэгийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан бөгөөд энэ удаа “Black Box” театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулсан юм. Тэрбээр энэхүү жүжгээрээ “Гэгээн Муза” наадмын нэг хүний жүжгийн төрөлд тэргүүлж байсан юм.

\Тоглолтын нүүр будалттай\

-"Солиорол" моно драм жүжгийн гол санаа нь юу вэ?

-Энэхүү жүжиг бол Английн жүжгийн зохиолч Сара Кейний зохиол. Сара Кейн 1999 оны хоёрдугаар сарын 20-нд “Солиорол” жүжгээ бичиж дуусаад, үүрийн 4:48 минутанд (өөрийнх нь байнга сэрдэг байсан цаг) өөрийнхөө амийг егүүтгэсэн байдаг. Тэрээр нийтдээ таван зохиол бичсэн  бөгөөд “Солиорол” хамгийн сүүлчийнх нь моно жүжиг байсан. 29 настайдаа харамсалтайгаар ингэж амиа егүүтгэсэн. Судлаачид үүнийг ахуйн философи гэж нэрлэдэг. Би өөрөө ойлгохдоо ахуйд хүн дарамтлуулахдаа ямар байдалд хүрдэг вэ гэсэн сэдвийг л хөндсөн гэж ойлгосон. Ахуй гэдэг эгэл жирийн бидний энэ амьдрал биш нийгмийн дарамт, хүлээс, анги давхаргуудын зиндааны зааг ялгаа, нэр төр, мөнгө, эрх мэдэл энэ бүхний хойноос хүмүүс улайрч байгааг илэрхийлсэн. Хүн төрөлхтөн техник технологи, соёл хөгжлийн өндөр түвшинд хүрч байгаа хэдий ч хүн гэдэг амьтан сэтэл зүйн хувьд маш их ганцаардаж, тэрнээсээ болж ямар их бухимдал, дарамт стрессд орж байгааг зохиолч бүсгүй хөндөж, эмзэглэж  байсан тэр эмзэглэлээ зохиолдоо тусгасан юм.

-Жүжгийн бэлтгэл хэр удаан хийгдсэн бэ, бэлдэх  явцад ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарч байв?

-Үнэхээр хүнд байсан. Ер нь бол анх энэ зохиолыг авахад моно жүжгийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Зохиолыг уншаад надад их таалагдсан. Анх орос хэл дээр уншсан, тэгээд орчуулга хийсээр нэлээн удаан бэлтгэгдсэн. Ер нь өөрөө эхэлж орчуулах гэж оролдсон. Тэр бүсгүйн оноож хэлсэн гайхамшигтай үгнүүдийг яг оновчтойгоор хэлэхэд их хүндрэлтэй байсан болохоор орчуулагч Б.Цацрал монгол хэлнээ хөрвүүлж өгсөн. Бэлтгэл бараг хоёр сар орчим хийгдсэн. Моно жүжиг жүжигчин хүнээс их л хүч шаарддаг юм байна лээ. Моно жүжиг тоглоход ганцаараа цаг гаруй зохиолчийн бичсэн санаа, бодож буй бодлыг үзэгчдэд уйдаахгүй, залхаахгүйгээр хүргэж ойлгуулан гэдэг үнэхээр бэрхшээлтэй.

-Та анхныхаа моно жүжгийг амилуулав уу? 

-Миний анхны моно жүжиг. Дараа дараагийн бүтээлүүд хийхээр төлөвлөгдөж байгаа.

-Моно жүжгийн давуу тал, бусад жүжгээс ялгагдах гол онцлог нь юу вэ?

-Давуу тал их бий. Жүжигчин хүний хувьд өсөж хөгжих, цаашид бие даахад их нөлөөлдөг. Цаашдаа судалж мэдэх, боловсроход хүч хөдөлмөр их шаарддаг. Иймээс моно жүжгээс олон зүйлд суралцдаг юм билээ.  

Эх сурвалж: www.Grandnews.mn

Б.Цэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025