Гэр бүл салалтын “золиос”

Гэр бүл салалтын асуудал “гамшиг”-ийн хэмжээнд хүрлээ гэх үг нийгмийн "чих"-ийг сортойлгож байна. Тэр тусмаа залуу гэр бүл салах нь бүр ихэсч байгааг мэргэжлийн байгууллага дүгнэж байгаа юм. Ихэвчлэн эдийн засгийн нөхцөл, амьжиргааны доогуур түвшин, орон байрны хангамж, хайр дурлал, нэр төр, гэр бүлийн дотоод эв нэгдэл суларсан, гэр бүлийн гишүүд харилцан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхгүй байх, үзэл бодол үл тохирох зэргээс үүдэн гэр бүлийн багана ганхаж эхэлдэг.

Гэр бүлийн салалтад төр хамгийн их буруутай. Шинээр гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг олгож эхлэснээс олон хуурамч “Мөнгөний гэрлэлт”-үүд хийгдсэн гэхэд хилсдэхгүй. Ганц удаагийн сонгуулийн шоу, мөнгөний амлалтаар олон мянган залуусыг золиослосон. Орчин цагийн залуучуудын амьдралд хөрөнгө мөнгө, сексийн тааламжгүй харилцаа гэр бүл салалтанд нөлөөлөх хамгийн том шалтгаан болдог гэнэ.

Манай улсад жилд 16 мянга гаруй гэр бүл салж хамгийн багаар бодоход үүнтэй адил хэмжээний хүүхэд эцэг эхийн хайр халамжийг хүртэж чадахгүй өнчирч байна. Цөөн хүн амтай манай улсын хувьд энэ нь дэндүү өндөр тоо юм. Салалтын уршгаар архидалт, хүчирхийлэл, бэлгийн замбараагүй харьцаа бий болж улмаар нийгмийг бүхэлд нь доройтуулах болсон нь харамсалтай.

Гэр бүл салалтын хамгийн том золиос бол хүүхдүүд. Эцэг эхийнхээ буруутай үйлдлээс болж хүүхдүүд “Гудамжны” гэх тодотгол зүүдэг. Зөвхөн салсан гэр бүл гэлтгүй гэр орондоо таарамжгүй уур амьсгалтай байдаг, хүчирхийлэл гардаг гэр бүлд өсч байгаа хүүхдийн сэтгэхүй ч өөрчлөгдөж байдаг. Эцэст нь тэд гэр орноосоо дайжихад хүрдэг. Эцэг эхтэй мэт боловч өнчирсөн хүүхдүүд олширсон.

Энэ жишгээр гэр бүл салалтын золиос болсон, гэр орноосоо дайжсан тэдгээр хүүхдүүд дураараа авирлаж, багаасаа архи ууж, мансуурч, охид нь биеэ үнэлэх зам руу орж байгаа юм. Үүнээс үүдэж хүүхэд гэмт хэрэг холбогдох, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол ч ихэссэн. Тиймээс гэр бүлийг бат бэх байлгах, салах сарних дээрээ тулбал эцэг, эхчүүдийн хариуцлагыг нэмэх, хуулийг чангатгах цаг нэгэнт болсон.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025