Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд ураг зулбуулах чанаргүй, баталгаагүй эм хэрэглэж, амь насаараа хохирсон тохиолдол цөөнгүй гарсан. Зүүний үзүүр дээр тогтох хэмжээний ховор заяагаар хорвоод хүн болж төрдөг гэдэг. Тэр ховорхон боломжийг үгүй хийж хүн болж амжаагүй үрсээ хөнөөж буй нь манай нийгмийн эмгэнэлт үзэгдэл болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Хүсээгүй жирэмслэлтийн хор уршигаар охид бүсгүйчүүд амь нас, эрдэнэт биеэ алдахад хүрч байна.

Тэрхүү хүсээгүй жирэмслэлтийн зовлонгоор бизнес хийгчид олширсон. Үр зулбуулдаг эм зарж байгаад баригдсан хэрэг одоо ч тасрахгүй байна. Тодруулбал Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид “Нарантуул” худалдааны төв дээр үр зулбуулах эм зардаг байсан иргэдийг илрүүлэн шалгажээ. Тэдгээр иргэд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь битгий хэл нэр ус нь тодорхойгүй эмийг нууцаар, хууль бусаар томоохон захуудад зардаг аж.

Чингэлтэй дүүрэгт оршин суух 72 настай эмэгтэй Б, 51 настай З, 30 настай Э нар үр зулбуулах эм зарж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тэднээс хоёр хайрцаг эм хураан авчээ. Одоо энэхүү эмийг хаанаас авсан гэдгийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Үр зулбуулдаг эмнүүдийг хамгийн хямдаар л гэхэд 20-40 мянган төгрөгний хооронд худалдаалдаг бөгөөд “Мизопростол”, “Мифепристон” гэх эмнүүд байдаг аж. Тэдгээр эмийг уусан эмэгтэйчүүд цус их хэмжээгээр алдах, хордлогод орох, цаашлаад хүүхэд төрүүлж чадахгүйд хүрч, амиа алдах аюулд ч хүрдэг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан.

Тиймээс энэ тал дээр бодлого зохицуулдаг яам болон харъя байгууллагууд нь анхааралдаа авч өсвөр насны охидын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна