Жил бүрийн дөрөвдүгээр сарын 02-нд олон улсын аутизмын өдөр тохиодог. Энэ өдөр аутизмын эмгэгтэй дэлхий нийтээр тэмцэж дуу хоолойгоо илэрхийлдэг билээ. Манай улсад "Анд хүүхдүүд" ТББ үйл ажиллагаа явуулж, сургалтын төв ажиллуулдаг.
Хэт материалист 20-р зуун ард хоцорч, хүнлэг, энэрэнгүй 21-р зуун гарснаар манайхан ч хаа сайгүй, чадах ядахаараа буяны үйлсэд гар бие оролцох болсон. Үргэлжид нийгмийн хариуцлагыг дэмжиж, хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд санаа тавьж ирсэн “Гранд”-ын хамт олон энэ удаад “Анд Хүүхдүүд” ТББ-ын нээлтийн үйл ажиллагаанаас бяцхан сурвалжлага бэлтгэн хүргэж байна.
Аутизмын талаар...
Гурав хүртэлх насанд илэрдэг, хөгжлийн цогц чадвар алдагдах байдал буюу Аутизмын талаар бид өмнө нь цогц мэдээлэл хүргэж, “Анд Хүүхдүүд” ТББ байгуулагдсан талаар мэдээлж байсан. 2012 оны 5-р сарын 4-нд үүсгэн байгуулагдсан тус ТББ нь аутизмын талаар мэргэжлийн түвшний оношлогоо, эмчилгээ хомс байдаг манайх шиг улсын хувьд анхдагч, олзуурхууштай явдал юм.
“Анд Хүүхдүүд” ТББ нь аутизмын хүрээний эмгэг хэмээн оношлогдсон болон аутизм байж болзошгүй хүүхдүүдэд оношлогоо хийлгэх, тэдгээр хүүхдүүдийг эмчилгээний сургалт, засалд хамруулах, түүнчлэн мэргэшсэн согог зүйч, багш бэлтгэх, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх, сургалт явуулах зорилготой.
Урлагийнхны оролцоо аутизмд
Урлагийнхан гэхээр бусдаас хандив тусламж хүссэн, ивээн тэтгүүлсэн хүмүүс байдаг мэт хэвшсэн ойлголт байдаг нь нууц биш. Тэгвэл энэ удаад тэд, тодруулбал, ДБЭТ-ын гоцлоочид өөрсдөө хандивлагчид боллоо. Гол дүр нь МУГЖ Э.Амартүвшин. Бөхөөр жишвэл сонгодог урлагийн аварга энэ залуу дуучны гайхалтай хүчирхэг хоолой, төрмөл авьяасын талаар яриад байх ч юм байхгүй. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд дэд байр, мөнгөн медаль хүртсэн, 2012 онд БНХАУ-д болсон Пласидо Домингогийн нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын уралдааны Гран При, 2013 онд Испани улсад болсон Франсиско Виньясын нэрэмжит ОУ-ын дуурийн дуулаачдын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, 2011 онд НҮБ-ын Их танхимд ая дуугаа өргөсөн гээд амжилт, алдар хүндийнх нь зах зухаас дурдахад л хангалттай.
Мөн ДБЭТ-ын гоцлооч Т.Наранчимэг, Б.Гомбо-Очир, шинэхэн сопрано Б.Энхнаран нар сонгодог урлагийн аваргатай хүч хавсран, хүнлэг, энэрэнгүй буяны үйлсэд дуун цацлаар түрлэг нэмсэн юм.
Мэдээж сонгодог урлагаар амьсгалж, энхрий бяцхан үрсэд туслах зорилготой буян, хандивын ажиллагаанд нийгмийн тэргүүлэх түвшний, боловсрол, сэтгэлийг чухалд үздэг эрхмүүд цугласан.
Тус ТББ-ыг “Cashmere House”-ын Ё.Баяраа, Л.Нямгэрэл нар хамтран үүсгэн байгуулсан бөгөөд эдний гэр бүл , ялангуяа хатагтай Л.Нямгэрэл буян, хүмүүнлэгийн үйлсэд эртнээс гар бие оролцдогоороо хүрээндээ алдартай нэгэн. Анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн үүсгэн байгуулсан МОНЭС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн тэрээр сайн хандивлагчдын нэг гэгддэг. Энэ удаад “Анд Хүүхдүүд” ТББ-ыг санаачлан, үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдан явуулахаар сэтгэл шулууджээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна