Хэзээ ч үзээд ханамгүй “Форрест Гамп” киноны гол баатар Гамп ингэхэд ямар хүн бэ? Яагаад тэр хэвийн хүмүүстэй ижил сэтгэдэг, ижил түвшний оюун ухаантай атлаа ганцаардмал, нэг зүйлдээ тэгтлээ тууштай, үнэнч өөрөөр хэлбэл бусад эгэл жирийн олон хүнээс өөр юм бэ? Уинстон Грумын эл кино дэлгэцэнд гарсан даруйдаа ашиг орлогоороо тэргүүлж, Оскарын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин зэрэг 6 төрөлд Оскар хүртэж байв. Мөн сүүлийн 100 жилийн түүхэнд гарсан 100 шилдэг киноны 71-д жагсаж, Гампын “Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан.

Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ” хэмээх ишлэл нь шилдэг кино ишлэлүүдийн 40-д жагссан энэ кино аутизмтай хүний амьдрал, намтар юм. Түүнчлэн Дастин Хопманы “Борооны хүн”, Монголд аутизмтай хүүхдээ эмчлүүлэхээр ирээд үр дүнгээ үзэж, энэ бүхнээрээ баримтат кино хийсэн америк эхнэр нөхөр хоёрын “Морьтой жаал” кино гэх мэт утга зохиол, кино урлагт ч аутизмын сэдэв олонтаа хөндөгдөж иржээ.

Ингэхэд аутизм гэж юу вэ?
Маш товчхондоо энгийн үгээр хэлбэл нийгмээс өөрийгөө тусгаарлах эмгэг юм. Аутизмын тухай анх 200гаруй жилийн өмнө эрдэм шинжилгээний ном зохиолд бичиж, 60 гаруй жилийн өмнөөс орчин цагийн оношлогооны шалгуур үзүүлэлтүүдийн талаар нийтлэгдсэн боловч одоог хүртэл биологийн шинжилгээ хийх боломжгүй, зөвхөн зан төлвөөр нь л оношилж байна.

Үүний нэг шалтгаан нь олон төрлийн эмгэг хавсарсан шинжтэй түүнчлэн зуун аутизмтай хүүхэд байлаа гэхэд зуун янзын шинж тэмдэг илэрдэг зэрэгтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй. Эдгээр хүмүүс нь хүсэл сонирхлын хувьд хязгаарлагдмал, нэг зан үйлээ олон дахин давтдаг, хэл ярианы хөгжил муу, заримд нь огт үгүй, ганцаардмал зэрэг ерөнхий зан төлөвтэй. Зарим нь хэвийн оюун ухаантай байхад зарим нь муу байх жишээтэй. Аутизмын шалтгааныг одоогоор хэн ч тогтоогоогүй бөгөөд хэд хэдэн судалгаа нь үр тогтох үеийн эцэг эхийн настай холбож үзсэн байдаг.

Хоёр настай хүүхэд тань харсаар байтал таны гараас алдагдаж, та хүүхэддээ яаж ч тусалж чадахгүй болж байна гээд бодоод үз дээ. Росс, Бетт хоёрын гэр бүлд чухам тийм л зүйл тохиолдсон байна. Хүүг 3 настай байхаас ярианы чадвар нь бууран буурсаар сүүлдээ огт ярьж чадахгүй болжээ. Матт өчнөөн цагаар гарын хуруугаа ширтэж, цонхны цаана найгах модны мөчрийг харсаар өдрийг барна. Тэрээр биеэ зогсолтгүй ганхуулж, гэнэт хашгичин, өгүүлшгүй муухай ааш гаргана. Огт шалтгаангүй сэтгэл нь тавгүйтэж, ааш нь хөдлөх шиг болно. Жилийн өмнө сурч төлөвшсөн өдөр тутмын ахуй чадвар нь ч алдагдах боллоо. Ааш нь хөдлөхөөрөө цаг шахам үргэлжилж, аав ээж хоёрыгоо цохиж, хазаж, өшгичиж, байн байн толгойгоороо ширээ, сандал дэлсэнэ. Ийм өөрчлөлт 2-3 насны нь хооронд маш эрчимтэй явагдсан байна. Гэхдээ үүнээс өмнө ч бусад хүүхдүүдээс өөр байсан гэнэ. Бүр бага байхаасаа л орондоо байнга тонгочиж, орны толгойд зулайгаа цохидог, тэврэхээр уурладаг хүүхэд байжээ. Гэхдээ чадвараа алдах нь хөлд орсных нь дараа тохиолдсон аж.

Юунаас болсон бэ?
Регрессив аутизм: Матт хүүд тохиолдсонтой адил регрессив аутизм нийт аутизм оноштой өвчтний 20-30 хувьд нь тохиолддог. Чадвар буурах, ухралт болох шалтгаан нь тодорхойгүй. Үлдсэн 70-80 хувийн тохиолдолд аутизмын төрлийн эмгэгийн шинж тэмдэг амьдралын эхний 6 сард илэрдэг байна. Росс, Бетт хоёрын хүүхэд тодорхой шалтгаангүй урт хугацаагаар уйлдаг гэж ярьсан. Түүнийг яаж ч аргадаад нэмэргүй, тэврээд ч нэмэргүй. Эх нь тэврэхээр бүр гөжчихдөг. Аутизмын төрлийн эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эх анх ирэхдээ бараг бүгд хүүхдэд нь нэг л юм болохгүй болчихож, чухам юу болохгүй болчихсныг мэдэхгүй байна гэцгээдэг.
Ийм оноштой нэгэн охины эх хэлэхдээ хүүхэд нь хоолны үнэрт их мэдрэмтгий, огидог, гулгидаг байсан. Суудаг болсныхоо дараахан тийчилдэг, орны толгойд зулайгаа байн байн цохиж, гар дээрээ авч хөдөлгөхөд л тайвширдаг байжээ. Хүмүүсийн үг ярианы авиаг дуурайх гэж оролдож байгаа мэт боловч харилцаанд хэрэглэдэггүй. Харин гялгар гадаргуу дээр туссан нарны гэрлийг ширтэн “боб поб боб поб” гэж л дуугардаг болсон байна. Өдөр тутмын дадсан нөхцөл байдал нь бага зэрэг өөрчлөгдөхөд, жишээ нь, унтах үед орны даавуу нь хатаалгаас гараагүй байвал арганд орохгүй их уйлдаг. Өөр хөнжилд хучих, эсвэл дуртай тоглоомыг нь өгөхөд цохиж, өшиглөж, хазах гэж оролдоно. Ийн янз бүрээр энэ эмгэг илэрдэг байна.

Шинж тэмдгүүд
Аутизмтай хүүхүүд амьдралынхаа эхэн үед гараа дэвэх, биеэ займчих, ямар нэг дуу чимээ гаргах зэрэг зүйлийг давтан хийдэг. Мөн олон тооны зүйлийг эмхлэх гэх мэтээр ямар нэг зүйлийг сонгон амьдралынхаа өдөр тутамд хийсээр байдаг. Жишээ нь гутал байлаа гэхэд томоос нь жижиг хүртэл яг дэс дарааллаар нь өрж тавина.
Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаа аутизмын эмгэгийн шинж тэмдгийг нэг настай хүүхдэд оношилж болохыг тогтоожээ. Хэвийн биш харц, юмыг нүдээрээ дагуулж харахгүй, нэрийг нь дуудахад мэдэхгүй, бусдыг дуурайхгүй, инээмсэглэх харилцаа байхгүй, 6 сар хүрсэн ч идэвхгүй, нийгмийн сонирхол, оролцоо байхгүй, зөвхөн мэдрэмжид тулгуурласан зан үйлтэй, 12 сар хүрэхдээ таагүй байдлаа туйлын хурцаар илэрхийлдэг, анхаарал нь орчин тойрны аль нэг юманд маш удаан саатах шинжтэй, 12 сар хүрсэн хойноо ч эерэг харилцаа илэрхийлэх нь сул байх нь аутизмын эрт шинж тэмдэг байж болно гэжээ.

Аутизмыг эмчлэх боломжтой юу?
Аутизм буюу бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин нь нэгэн цагт огт анагаах боломжгүй гэгдэж байв. Тэгвэл 2012 оны анагаах ухааны 10 шилдэг нээлтийн нэгэнд аутизмыг эрч оношилвол эмчлэх боломжтойг судалгааныхаа дүнд олж нээснээ зарласан юм. Туршилтад аутизмтай хүүхдүүдийг хамруулж, нийгмийн болон хэл ярианы харилцаанд оруулах оролдлого хийжээ. Мөн хүмүүсийн царай болон бусад эд юмсыг харуулж, хариу үйлдлийг нь ажигласан байна. Хүүхдүүд эхэндээ хүний нүүрний зургаас илүү тоглоом зэрэг эд юмсыг хараад идэвхтэй хариу үйлдэл үзүүлж байжээ. Харин 2 жилийн хугацаанд үргэлжилсэн тусгай эмчилгээний дараа хүний царайг хараад идэвхтэй хариу үйлдэл үзүүлдэг болсон төдийгүй эмчилгээний дараах тэдний хариу үйлдлүүд хэвийн өсөж торниж байгаа хүүхдүүдийнхтэй ойролцоо болсон байжээ. Үүнийг судлаач эрдэмтэд аутизм өвчнийг эрт үед нь эмчлэх боломжтой гэсэн найдвар төрүүлсэн дохио гэж үзэж байгаа юм. Гэхдээ асар их хүчин чармайлт гаргаж, тусгай сургагдсан мэргэжилтнүүд хүүхдүүдтэй олон цагаар тулж ажиллах шаардлагатай юм байна.
Аутизмтай байж мэдэх анхны шинж тэмдгүүд:
6 сар хүрсэн хойноо ч инээх зэрэг халуун дотно, баяр баясгалангийн илэрхийлэл сул
9 сар хүрсэн хойноо ч дуу авиа гаргах, дагаж дуурайх, инээмсэглэх, нүүрний хөдөлгөөн зэрэг харилцаа байхгүй
12 сар хүрсэн хойноо ч ганганахгүй
12 сар хүрсэн хойноо ч юм руу заах, юмыг харуулах, юманд хүрэх, гараа даллах зэрэг дохио тэмдэг хөгжөөгүй
16 сар хүрсэн хойноо ч ганц ч үг хэлэхгүй
24 сар хүрсэн хойноо ч хоёр үг холбож, утга илэрхийлэхгүй
Аль ч насандаа хэл яриа, нийгэмших чадвар байхгүй.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна