Өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт 10 орчим шашны төрөл, урсгал үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй нийтдээ 372 сүм хийд, шашны байгууллага байгаа гэсэн судалгаа гарсан байна. Христийн шашинд монголчуудын тодорхой хувь нь автаад байгаа. Христийн шашны сүм хийдүүд ихэвчлэн гэр хорооллоор байрласан байдаг. Гэтэл лалын шашны томоохон нэгэн сүм Улаанбаатарын төв хэсэг А зэрэглэлд буюу “Андууд”-ын эсрэг талд дутуу баригдаж байгаад зогссон.
Энэхүү лалын сүмийг манай улсаас Кувейт улсад Элчин сайдаар ажиллаж байсан К.Сайрааны санаачилгаар 2008 онд барьж эхэлсэн юм. Түүний эхлүүлсэн энэ ажилд Саудын арабчууд хөрөнгө оруулсан гэдэг. Бидний нэрлэж заншсан “лал”-ын шашныг угтаа бол “Ислам”-ын шашин гэдэг бөгөөд шүтэн бишрэгчдийг нь Мусульманчууд гэдэг байна. Тэгвэл лал хэмээх үг нь лало буюу буруу номтон гэх утгатай Төвд үг ажээ.
Харин одоогоос гурван жилийн өмнө сүмийн барилгын ажил зогссон. Үүнийг хөрөнгө санхүүгийн асуудалтай холбон тайлбарладагч угтаа бол Кувейт улсад Элчин сайд сууж байсан К.Сайрааныг Казакстаны тагнуул хэмээн сэжиглэн ТЕГ-аас шалгаж эхлэхэд барилгын ажлыг зогсоосон. К.Сайрааныг шалгаж байсан асуудал өнөө хэр тодорхойгүй ТЕГ-т шалгагдаж байна гэхээс цаашгүй сураг алдарсан.
Төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдвол 16-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх учиртай байсан ч түүнийг эрүүл мэндийн байдал тааруухан гэх эмчийн магадлагаагаар мөрдөн байцаалтын ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж байсан. Дараа нь гадаад руу гаран хэсэг хугацаанд сураг алдрахад түүнийг зугтсан гэж байсан ч монголд эргэн ирэхэд нэрээ цэвэрлэх гэж ирсэн гэцгээж байсан юм.
К.Сайрааныг тагнуул гэх хэрэг бүдгэрсээр түүнийг шалгах явц аль шатандаа яваа нь мэдэгдэхгүй, мөн К.Сайрааны санаачилсан лалын сүмийн хойд талд барилга баригдаж байгаа нь халхавч болж байгаа гэлтэй. Ямартаа ч дутуу баригдсан сүм, хэрэг нь шийдэгдээгүй К.Сайраан хоёрын асуудал учир битүүлэг хэвээр байсаар байна.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (14)