Монголын залуучуудын холбооныхон шинээр сэдэж санаачилж буй ажлаа танилцууллаа. Тэд залуучуудад хандан нийгмийн идэвхи санаачлагатай, оролцоотой, бүтээлч сэтгэхүйтэй байхыг уриалан дуу хоолойгоо хүргэхийн зорьж байгаагаа сэтгүүлчдэд дуулгасан юм. Учир нь сонгогдсон даруйдаа л Монголын Залуучуудын холбооны Тавдугаар Их хурлын төлөөлөгчид 13 заалт бүхий тогтоолыг баталсан байна.

Тэрхүү тогтоолоос дурьдвал хоёр их наяд төгрөгийн хөрөнгөтэй Орон сууцны зээлийн сан байгуулах саналыг засгийн газар, Монгол банкинд хүргүүлэх, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг оршин байгаа аймаг, сум, дүүрэг, хорооны түвшинд хянан ажиллаж “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэх зэрэг багтжээ.
МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Залуу зүтгэлтнүүд, нийт залуус бидний урд хангалттай орон зай, үнэ хүндтэй зорилт хүлээж байна. Бусдыг та сайн эсвэл муу болгож чадахгүй. Тэд ч бас таны адил эрх чөлөөтэй, тэд өөрсдийгөө мэднэ. Гэхдээ чиний, таны, бид бүгдийн амьдарч байгаа Монгол улс, эх орон маань өөрийн чинь оролцоо байхгүй, хэн нэгэн этгээдүүдийн хүсэл зоригоор явж, өнөөдрийн дүр зурагт хүрсэн байна” хэмээн хурлынхаа үеэр тавьсан илтгэлдээ дурьджээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (2)