Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Содура" киноны гол дүрийн жүжигчид болон ерөнхий зураачтай цөөн хором ярилцснаа хүргэж байна.
Аяана буюу М.Оюунсүрэн
-“Содура” кинонд ямар дүр бүтээсэн бэ, өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Мөнхбатын Оюунсүрэн гэдэг. “Содура” кинонд Аяана хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн. 2012 онд анх “Universe Best Songs”-д “Солонго” хамтлагтайгаа оролцож байсан. Түүнээс хойш Л.Балхжав ахынхаа саналаар “Содура” кинонд эсрэг дүрийг бүтээлээ. Өнөөдөр киноныхоо нээлтэнд ирээд сэтгэл их хөдөлж байна.

-Энэ киноны гол дүрүүдийн ихэнх нь мэргэжлийн бус жүжигчид тоглосон байсан. Өөрөө жүжигчин үү, дуучин уу?
-Гол дүрийн хоёр маань мэргэжлийн биш ч гэлээ хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон болохоор туршлагатай залуучууд. Миний хувьд мэргэжлийн жүжигчин. Кино урлагийн дээд сургуулийг Цэрэндагва багшийнхаа удирдлаган дор өнгөрсөн жил төгссөн. Анх дуулж гарч ирсэн болохоор хүмүүс намайг жүжигчин биш дуучин гэж ойлгоод байх шиг байна.
-Таны тоглосон хэд дэх уран бүтээл вэ?
-Энэ миний дүр бүтээж буй хамгийн анхны бүтээл. 2010 онд “Солонго” хамтлагаа байгуулсан. Сургуулиа төгсөөд л 2012 оноос хойш мэргэжлээрээ энэ кинон дээр ажиллалаа.
-Анх удаагаа кинонд тоглосон сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-“Содура” кино жилийн дөрвөн улирлын зураг авалттай учраас хүнд хэсгүүд байсан. Яагаад гэвэл цаг агаарын байдал, бидний ажиллаж байгаа орчиноос хамаараад зураг авалтууд хүндрэлтэй байсан. Өвлийн их хүйтэн, зуны халуунд гээд уран бүтээлчид, жүжигчид, тэнд байрлаж байсан бүх хүмүүс хүнд давааг туулсан. Киноны үйл явдлаас харагдах байх. Сэтгэгдэл маш өндөр байна.
-Аяана бүсгүйн дүрийг товч танилцуулахгүй юу?
-Аяана бол унаган тайгын охины дүр. Эсрэг дүрд тоглосон. Цусаа цэвэр байлгах гэдэг ухагдахууныг илэрхийлэхийн тулд Аяанагын дүр гүүр нь болж өгсөн киноны нэг чимэг дүр болсон болов уу гэж бодож байгаа.
Содура буюу Ч.Очгэрэл
“Содура” гэж ямар утгатай үг бэ?
-Содура маань их олон утгатай. Яахав кинонд сонгож авснаараа бол цэцэгний нэр. Бас мойлхон, мойл хар нүдэн гэх утгаар энэ нэрийг надад өгсөн байх.
-Энэ дүрээрээ хүний ямар зан байдлыг тодорхойлж, юуг илэрхийлэх гэсэн бол?
-Үзэгчид л өөрсдийн гэсэн дүгнэлтийг тавих байх даа. Хүн болгон өөр өөр дүгнэлт хийх болов уу гэж бодож байна. Миний дүр энэ кинонд эмэгтэй хүний хайр сэтгэлийн тухай түлхүү харуулахыг хичээсэн.
- Кинонд тоглоход хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал тохиолдож байсан бэ?
-Унаган хотын хүүхэд болохоор хөдөө тайгын газар удаан хугацаагаар байна гэдэг хүнд байсан. Гэхдээ хүн гэдэг дасамтгай учир олуулаа хамтдаа энэ бүтээлийнхээ ард гарч чадлаа.
-Содура, Ч.Очгэрэл хоёрын хоорондын харилцаа, зан чанар ч юм уу хэр ойролцоо бол?
-Нэгдүгээрт эмэгтэй хүн гэдэг талаасаа жаргал зовлон нь адилхан, хоёрдугаарт Содура кинон дээрээ хөл хүнд болдог. Би өөрөө өвлийн зурганд хөл хүнд орж байсан. Энэ талаараа адилхан юм даа гэж билэгшээж байгаа.
-Хэд дэх хүүхдээ өлгийдөн авав аа?
-Би гурван хүүхэдтэй. Өвөл хөл хүнд яваад түрүү жилийн зун төрсөн. Бага маань арай ой хүрээгүй байна даа.
-Жингээ яаж ингэж хурдан хугацаанд хасаж чадсан бэ?
-Ийм тийм гэсэн юм байхгүй л дээ. Эмэгтэй хүн аяандаа хүүхдээ хараад ч гэдэг юм уу, ер нь биеийн онцлогоос ч юм уу хурдан хэвэндээ орчихдог.
-Дэлгэцийн хэд дэх уран бүтээл вэ?
-Бүрэн хэмжээний хоёр дахь уран бүтээл. Нэг богино хэмжээний кинонд тоглосон.
-Мэргэжлийн бус жүжигчин гэж сонсож байсан. Ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Би МУИС-ын олон улсын эдийн засгийн харилцаагаар төгссөн. Дипломатич мэргэжилтэй хүн. Кино урлаг, дуу хөгжим гэдэг бол миний дуртай салбар гэж хэлж болно. Анх Universe Best Songs-д хэдийгээр дууны тэмцээнд орсон ч анх кино урлагт хөл тавих зам мөр маань нээгдсэн.
-Цаашдаа мэргэжлээрээ ажиллах уу, жүжигчнээр ажиллах уу?
-Одоохондоо хэлж мэдэхгүй байна. Гэхдээ уран бүтээлч талруугаа түлхүү ажиллах байх. Төлөвлөгөөнд бол энэ киноны дараа шууд тэр кинонд тоглоно гэсэн бодол алга. Яагаад гэвэл миний хүүхэд жаахан байгаа учраас хүмүүстэй хамтарч ажиллахад хариуцлагатай хандах ёстой. Тэгээд хүүхдээ торниулж байгаад дараагийн уран бүтээлдээ орно гэж бодож байгаа.
-Ер нь цаашдаа уран бүтээлээрээ ажиллах юм байна тийм үү?
-Яагаад хослуулж болохгүй гэж. Уран бүтээлээ 100 % хөөнө гэсэн юм алга байна. Амралттай ажилтай байхыг л хүсэж байна.
Ерөнхий зураач: Н.Болор-Эрдэнэ
-Өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Н.Болор-Эрдэнэ гэдэг. Энэ киноны ерөнхий зураачаар ажиллаа.

-Энэ бүтээлийнхээ онцлогийг яриач?
-Онцлог гэх юм бол яалт ч үгүй цаатан үндэстний тухай, дөрвөн улирал дамнасан гэдгээрээ онцлог байна. Мөн дөрвөн улирал дамнасан гэхээр цаатан нутгийн амьдрал тэр чигээрээ өгүүлэгдэж байгаа. Дөрвөн улирал тоглосон хамт олны, жүжигчдийн хувцас зэрэг өөрчлөгдөж байгаа нь онцлог. Цаатан хүмүүстэй ажиллахад зураач хүний хувьд илүү амттай сайхан байлаа. Цаатангуудын талаар уран сайхны кино биш баримтат кино л байдаг. Тийм учраас энэ кино маань анхны кино болж байгаад маш их баяртай байна.
-Энэ киноны гол зорилго нь юу вэ?
-Цаатан үндэстэн мөхөж байна гэж их яригддаг. Ганцхан Монголд цаатан үндэстэн байдаггүй Канад, Финлянд, Тува, Якуут, Австрали гэх мэт дэлхийн олон улсад амьдардаг. Тэр дундаа Монголд тавин өрх айлын 200-300 гаруй цаатан үндэстэн зүүн болон баруун тайгад амьдардаг. Тиймээс дэлхийн эсгий туурагтнуудад Монголд цаатан хүмүүс амьдардаг юм байна гэдгийг киногоороо үзүүлэхийг зорьсон.
-Мэдээж энэ киног хийхэд төсөв их зарцуулагдсан байх. Ойролцоогоор хичнээн төгрөгөөр бүтсэн бол?
-Төсөв мөнгөний зохицуулалтыг би сайн мэдэхгүй байна уучлаарай.
-Кино өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийнэ гэж байсан. Яагаад ингэж удаан хугацаагаар хойшлогдох болсон бэ?
-Аравдугаар сарын 17-нд нээлт хийхээр төлөвлөж байсан. Бидний эвлүүлэг, зураг график гээд бүх бэлтгэл дууссан байсан. Зөвхөн Монголдоо биш бусад цаатан үндэстэн улс орон, дэлхийд гаргахын тулд техник тал дээрээ илүү анхаарч дуу шуумыг нь 7.1 дуугаралттай болгон сайжруулах үүднээс Бээжинд очиж хийлгэсэн. Мөнгө төлсөн дээрээ өнгө дүрсний шийдлийг мөн хийлгэсэн болохоор их удсан.
Уран бүтээлтийн өндөр амжилт хүсэе.
Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна