Ингэхэд Ерөнхийлөгч маань “Чонон сүлд”-ийг үзээ болов уу? “Содура”-гийн нээлтэн дээр яг болзсон цагтаа, кино театрын дүрэм журмын дагуу үзвэр эхлэхээс өмнө VIP-д тухалсан байсан. Танхим дүүрэн үзэгчид, бараг жүжигчид өөрсдөө суух суудалгүй болох шахтал дүүрсэн байв. “UBS”-ийн алтан партнёрууд болох Анууш Одко хоёр тайзнаа гарч ирэв.

Ер нь тус тусдаа л арга хэмжээнд уригдан ойрд хамтраагүй тэднийг харсандаа үзэгчид баяртай байх шиг байсан. “Энэ хоёр одоо хоорондоо суучихаасай” гэж зарим нь шивнэлдэхээ ч мартахгүй юмаа бас. Уран бүтээлийн нүсэр баг ажиллаж, цаатан иргэд ерөнхийлөгчийн урилгаар Улаанбаатар хоттойгоо танилцсан гэхчлэн чихэнд чимэгтэй сайхан мэдээ олон дуулдав. “Киноныхоо нээлтэнд Бензээ унаад очноо” гэж дэврүүн сэтгэлээр хуучилж суусан Амбий буюу Ц.Батхуяг агсныг тэд эргэн дурслаа. Зовлон жаргал ээлжлэн байдаг хорвоогийн жам кинонд төдийгүй амьдрал дээр ч биелэсэн аж. Ийнхүү “Содура” эхэллээ.
Товч агуулга:
Дэлгэцнээ нэгэн бүсгүйн уйлж байгаа төрх тодров. Ихэд сандарч тэвдсэн байдалтай архи авч уух боловч нэг л эвлэж өгөхгүй буцаан асгах аж. Бүсгүй унтахдаа аавыгаа хаднаас унаж буй дүр зургийг зүүдэлж хар дарна. Охины аав цаатны нүүдлийн замд амиа алджээ. Бүсгүй маргааш нь тайга руугаа ниснэ. Нутгаа санан санан очиж буй тэр зураглал сэтгэл татам. Цагаан өнгийн хувцастай, гоё алчууртай, өөгүй цэвэрхэн төрхтэй энэ бүсгүй үнэхээр л тайгын охин мэт. Отогтоо очиход бүгд л хачирхан хүлээж авна. Хөвсгөл нутагт хүмүүс ихэд сүжиглэхийн дээр жийрхдэг нэг зүйл байдаг нь удган. Удган ээж охинд дөхөж очин “Би чамайг хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг мэдэж байсан. Гэхдээ чи хоёулаа болоод иржээ ...” гэв. Бүсгүй бие давхар. Их хот түүнд баяр баясгалан, аз жаргал бэлэглээгүй, харин үр заяажээ. Отогт түүнтэй тухтай танилцах завтай хүн байсангүй. Хулгайн анчид халдсанаас эрчүүд сандралдан одов. Цөөн бүлтэй, цаа бугаа л түшиглэн амьдардаг тэдний ахуйд аюул ид нүүрлэсэн үе. Хулгайн анчид, цаатан иргэдийн хооронд хурцал тэмцэл өрнөв. Чухам хэн тэдэнд зам зааж гар хөл нь болж буйг тэд дундаасаа хайх болно. "Дайсан өврөөс босдог" гэж үнэн үг шүү.
Содура ба шинэ дүр төрх
“UBS” телевизийн “Universe best songs” наадмын шилдэг оролцогч Ч.Очгэрэл хэмээх энэ бүсгүй урд нь “Мартагдашгүй намар” киноны гол дүрээр үзэгчидтэй анх уулзаж байв. Түүний өөр бас нэг тодотгол банкны Чукагийн бэр. Нээлтэн дээр нөхөр Ч.Бөрдөнбат нь хүрэлцэн ирсэн харагдав. Тэд гурван хүүхэдтэй өнөр бүл билээ.
Түүний бүтээсэн Содурагийн дүр үнэхээр Ч.Очгэрэлд л зохих дүр байлаа. Өвөрмөц төрхтэй энэ охин тайгын амьдралд уусан уг гарал нь үнэхээр Хөвсгөлийнх ч юм болов уу гэж бодогдохоор байв. Тэр бол киноны “гоо үзэсгэлэн”. Хэчнээн цаатны амьдралыг харуулж буй ч гэсэн тэд эмзэг, хувь тавилан нь дээсэн дөрөөн дээр байгаа нь үнэн ч гэсэн амьдрах хэв маяг, зан заншил хувцаслах соёл нь хаашаа гээгдэнэ гэж? Хөдөөнийх л гэхээр угаалгын машингүй ахуйн хэрэгсэлгүй гээд хотынхноос “царай муутай” байдаг гэсэн үг биш билээ. Кино багийнхан тэрийг маш сайн бодолцсон байна, баярлалаа. Бид түүхэндээ ахуйн соёл, хоолны соёлоороо гайхуулдаг байсан. Тэр талаас ч элемэнтүүд кинонд харагдаж байлаа. Энэ кино дэлхийн зах зээлд гарахад ч нүүр улайх юм үнэхээр байсангүй. Ч.Очгэрэлийг уйлахад үзэгчид дагаж уйлж, төрөх гэж 7 хоногийн турш голоо тасартал өвдөн энэлэн шаналах үед дагаж эмгэнэж байв. Хайртай залуугийнх нь сэтгэл энэ бүсгүй рүү тэмүүлж буйг, хуримаа хийсэн ч анхны шөнөө ойртоогүйд хорссон шинэ бэр Содурад хүдэрийн мах идүүлж орхив. Хүдэрийн махыг эмэгтэй хүнд идүүлж болдоггүй ажээ. Хүдэр зовж төрдөг амьтан тул эмэгтэй хүн тэр өвдөлтийг даалгүй хүүхэдтэйгээ цуг нөгөө ертөнц рүү оддог аж. Энэ талаар олон хүн мэдэхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Баярлалаа “Содура”, танин мэдэхүйн энэ мэт олон мэдлэг мэдээлэл өгсөнд!
С.Ариунбямба VS О.Амгаланбаатар
Сүүлийн үеийн кино бүрд голлох дүр бүтээн ур чадвараа батлууд буй С.Ариунбямба, загвар өмсөгчөөс кино урлагт хөл тавьсан “Орчин цагийн Юндэн Гөөгөө” гэгддэг О.Амгаланбаатар нар энэ удаад хоорондоо “тулав”. Тэд багын найз, Содурад хоёул сэтгэлтэй. О.Амгаланбаатарыг аврах гэж Содурагийн аав амиа алдсан тул тэр мөчөөс хойш бие биедээ ил далд дургүйцлээ илэрхийлэх болж.
Бүсгүй олон жилийн дараа ирснээр тэдний шарх дахин сэдэрнэ. “Учиртай гурав” болон энэ кинон дээр ч тэр О.Амгаланбаатар нухацтай, дотроо их гүн бодолтой буйр суурьтай дүр төрхийг харуулав. Уг хүн нь “чухал” царайтайн дээр яг дүрдээ оносон сонголт. Ч.Очгэрэл, О.Амгаланбаатар бие биедээ сэтгэлтэй хосын дүрд яг тохирч байлаа. Гэвч тэдний хайр бүтсэнгүй, залуу өөр бүсгүйтэй гэрлэх болно. Нөхөрлөл эхэлсэндээ биш, найзалж яваад яаж дууссандаа гэдэг. С.Ариунбямба, О.Амгаланбаатар нар нөхөрлөлийн сайхан дүр төрхийг хамтран амилуулж чадлаа. Гаднаа үзэн ядсан дүр эсгэх авч дотроо хайр нь нуугдаж буйг хэрхэн үзүүлж болохыг тэдний нүдний харц, үйл хөдлөл харуулж байв. Эрчүүд ер нь яг амьдрал дээр үй зайгүй найз мөртлөө нэг бүсгүйд дурлах үед дурласнаа мэдэх үед энэ хоёр шиг байдаг болов уу, эсвэл өөр байдаг юмуу гэж эрхгүй бодохоор ...

Амбийг эргэн дурсахуй …
Түүний хамгийн сүүлд бидэнтэй уулзсан дүр отгын ахлагчийнх байлаа. Хэдхэн иргэдээ хэрхэн хамгаалах гэж хичээх халуун сэтгэл, үр хүүхдээ хайрлах эцгийн сэтгэл, үхэгсдээ мэхийн үдэх эрийн хат ... Хувцас нь ямар ч сайхан зохиов дээ, дүр нь ч бас. Түүний хүүгийн дүрийг С.Ариунбямба бүтээсэн. Аавынхаа буруу зүйл хийснийг мэдээд өөрийгөө егүүтгэх мөч, хүүгийнхээ цогцсыг цаатны заншлаар нөгөө ертөнц рүү үдэх зан үйл хийх мөч түүний дүрийн оргил үе. Аль ч үндэстэн, угсаатан байсан ялгаагүй эцэг хүн л бол эцэг хүн билээ. Буй төрхөөрөө нэгэн сайхан аавын дүрийг талийгаач Ц.Батхуяг сэтгэлд тодоос тод зурлаа.
Шинэ кино ээлж дарааллан нээлтээ хийж буй сүүлийн хэдэн жил Ерөнхийлөгч уригдсан ганц л бүтээл байсан нь “Содура”. Магадгүй тэр хүн амьд байсан бол МУГЖ хэмээх цолоо энэ өдөр, энэхүү тайзнаас хүртэх байсан ч юм билүү. Гэвч амьдралд “хэрвээ” эсвэл “магадгүй” гэдэг үг байдаггүй ажээ.
Зорилго биеллээ!
Амьдрал Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт ид буцалж байна. Цагааннуурт цаа буга маллан тайгад амьдарч буй уйгар угсааны Тува цаатан иргэдийн аж байдалд өөрчлөлт орж буйг, ахуй соёл нь бага багаар гээгдэн гол амжиргаа болсон цаа бугын тоо цөөрч буйг, Улаан тайгын дархан цаазат газраа, Тэнгис-Шишгэд голын ай сав, унаган нутгаа тэд өөрсдийн хүчээр хэрхэн хамгаалж буйг бид харлаа. Гэхдээ хэсэгхээнийг нь шүү.
Хүн хүн рүүгээ нүүдэллэдэг ... гэсэн киноны үгийг иш татмаар санагдлаа. Гэтэл бид хаашаа нүүж байна вэ? Нүүдлийн соёл иргэншил, ахуй байдлаа яагаад буй төрхөөр нь хадгалан үлдэж чадахгүй байна вэ? Ингээд л бага багаар алдсаар, уламжлалт төрхийг нь өөрсдийн гараар үгүй хийсээр байх уу?
Маш олон асуулттай Содура тайгаас буцдаг. Бид ч гэсэн бодох, санах, сэрэх цаг болжээ. Restart хийсэн мэт нэг л сонин мэдрэмж төрүүлсэн, басхүү гоо үзэсгэлэнтэй, басхүү хайр дурлал, мөн чанар, хүн чанартай “Содура” танд ч бас нэгийг бодогдуулах биз ээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
У.Цахирмаа
Сэтгэгдэл (5)