-“Золотые голоса Монголии” буюу “Монголын алтан хоолойтнууд” төслийн хүрээнд монголын дуурийн дуучид Большой театрын тайзнаа гарах алтан боломж саяхан тохиосон билээ. Хөөрхий хэдэн дуучид маань ганц нэгээрээ гандан буурахгүй чемоданаа чирэн гадагшаа явж амжилт үзүүлсээр багагүй хугацаа өнгөрсөн.
Сонгодогуудыг дэлхий тоогоод байхад манай төр нэг нүдээрээ ч хялайхгүй нь хачирхам. Бүгд л энэ сайхан боломжийн талаар шагшин бахархаж байхад хөшигний ард хэдэн дуучид маань хүний нутагт байрлах байр, замын зардалгүй барзайж суусан гэвэл хүн итгэмээргүй. Аль эрт зардал хүссэн хүсэлтээ гаргасан ч хариуцсан яам нь хойшлуулсаар эцсийн мөчид гар сунгасангүй. ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул аргаа барсандаа өөрийнхөө машиныг авто ломбарданд тавьж дуучдаа явуулжээ.
Анх даргаар ирэхдээ хогын савнаас өөр хогшилгүй өрөөнд орж мэргэжлийн бус, мэдрэмжгүй хэмээгдэн мөн ч их адлагдсан тэрбээр ийнхүү салбартаа, театртаа хайртай гэдгээ нотоллоо. Ямартай ч дуучид маань даргынхаа хүчээр сэтгэл зовох юмгүй Их театрын тайзнаа гарсан байна. “Аяганы хариу өдөртөө, атгын хариу жилдээ” гэдэг хойно Ч.Мөнхзул ломбардсан машинаа авах өдөр ч ойрхон байгаа байлгүй дээ. Манай томчууд ч гэсэн түүнээс үлгэр авч үнэтэй машин тэргээ юу яавал юу яаж хэрэгтэй хүнд нь өгмөөр л юм даа.
Эх сурвалж:Grandnews.mn
Сэтгэгдэл (6)