АНУ-ын Калифорни мужын Бурлингем хотод Бэхтөр овогтой Баяраагийн санаачлагаар өнгөрсөн онд "Чингис” шатрын клуб байгуулагдсан юм. "Чингис" шатрын клуб нь эх орноосоо алс хол АНУ-д амьдарч байгаа Монгол хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюуны боловсрол олгох, авъяаслаг өсөх ирээдүйтэй шатарчдыг бага наснаас эхлэн тодруулан гаргаж, тэднийг системтэйгээр мэргэжлийн түвшинд бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх зорилготойгоор байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус клуб нь зөвхөн Монгол хүүхдүүд төдийгүй олон орны хүүхэд залуучуудыг хамруулдаг нь хичээллэгчдэд сонирхолтойн дээр бие биеэсээ харилцан суралцах боломж олгож, өрсөлдөөнийг нэмэгдүүлснээрээ тэдний тоглолтын ур чадварыг дорвитой дээшлүүлэхэд чухал үр дүнгээ өгч байгаа нь онцлог юм.
Энэ хугацаанд бага насны хүүхдүүдэд зориулсан шатрын үнэ төлбөргүй сургалтуудыг хичээллүүлэн, монголын болон гадаадын 20 орчим хүүхдийг 6 сарын турш тогтмол сургалтанд хамруулжээ. Түүнчлэн "Чингис" шатрын клубын нэрэмжит "Бурлингем свисс" өсвөрийн шатарчдын тэмцээнийг өнгөрөгч оны 10 дугаар сард зохион байгуулан, 44 оролцогчдыг чансаагаар 6 хэсэг (мастер, нээлттэй, U900, U600, U300, нэмэлт)-т хуваан щвейцарь системээр тоглуулан дүнг гаргасан бөгөөд “Чингис” клубын шатарчин багачууд амжилттай оролцсон байна.
Мөн "Чингис" шатрын клубын нэрэмжит Их Мастерийн эрх олгох анхны тэмцээнийг 2015 оны 1 дүгээр сарын сүүлээр зохион байгуулсан нь сүүлийн 25 жилд АНУ-ын Калифорни мужын хэмжээнд зохиогдоогүй томоохон тэмцээний нэг боллоо. Тэмцээнд 7 орны 10 тамирчид оролцсон ба Дэлхийн шилдэг 100 шатарчны нэг Их мастер Паримаржан Неги (Энэтхэг), Их мастер Жесси Краай (АНУ), Их мастер Ц.Батчулуун (Монгол), ОУ-ын мастер Т.Энхбат, (АНУ) ОУ-ын мастер О.Ганболд, ОУ-ын мастер Андрей Горовец (Беларус), ОУ-ын мастер Тангай Рингор (Бельги), ОУ-ын мастер Леван Брегадзе (Гүрж), ОУ-ын мастер Пучен Ванг (Шинэ Зеланд), ОУ-ын дэд мастер Б.Чингүүн нар оролцсон нь тэмцээний чансааг харуулж байна. Тамирчид тойргоор 9 өрөг тоглож, ширүүн тэмцэлдсэний эцэст Олон улсын мастер Тангай Рингор 6.5 оноо авсанаар Их мастерын болзол хангасан юм. Тэмцээний тэргүүн байрыг Их мастер Паримаржан Неги 6.5 оноотойгоор, 2 дугаар байрыг ОУ-ын мастер Андрей Горовец, ОУ-ын мастер Леван Брегадзе нар тус бүр 6 оноотойгоор хуваан эзэлсэн. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУ-ын шүүгч Том Лангланд, шүүгчээр "Чингис" шатрын клубын үүсгэн байгуулагч Б.Баяраа нар ажилласан ба энэхүү тэмцээнийг жил бүрийн 1 дүгээр caрд уламжлал болгон зохион байгуулах юм.
Тус клубын дараагийн томоохон зорилт бол хувь хүний онцлогт тохируулан ажиллах шинэлэг заах арга бүхий шатрын сургалтын гарын авлагыг бэлтгэн гаргах явдал юм. Улмаар Монголын өсвөрийн шилдэг шатарчдыг АНУ дах өөрийн шатрын клубт урьж ирүүлэн олон улсын хүүхдүүдтэй хамтарсан бэлтгэл хийлгэх, чансаа өндөртэй тэмцээнүүдэд оролцуулах мөн Америкийн хотуудаар аялах боломжийг бүрдүүлэх зорилготой богино хугацааны дараалсан төслүүдийг эхлүүлэхээр ажилдаа ороод байна. Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Монголын хүүхдүүдийн ирээдүйг харсан Б.Баяраагийн энэхүү бүтээлч санаачлага, төслийг дэмжин хамтарч ажиллахаа мэдэгдсэн юм.
Мөн энэ үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АНУ-д ажлын айлчлал хийхдээ тус “Чингис” шатрын клубын ажил байдалтай биечлэн танилцаж, Б.Баяраагийн шатрын спортын төлөөх санаачлага, бодит ажлыг үнэлэн баяр хүргэж, олон улсын мастер О.Ганболдыг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэг”-ээр шагнав.
Ийнхүү "Чингис" шатрын клубын онол, дадлагын хичээлийг олон улсын өндөр зэрэглэлтэй шатарчид буюу шатрын багш, дасгалжуулагчид удирдан явуулдаг бөгөөд тэдний цалин урамшуулал, уралдаан тэмцээнийг зохион байгуулах бүхий л зардлыг “Плэсэнт Лимо” ХХК (Pleasant Limo LLC) хариуцан ивээн тэтгэн ажилладаг нь үнэнхүү сайхан үйлс юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
Д.Баасандорж
Сэтгэгдэл (1)