Аав ээж, ахан дүүсээрээ хуран чуулдаг Монголын уламжлалт цагаан сарын магад хамгийн утга учир төгөлдөр зан заншил нь бурхан шашны эх үндэстэй. Бултаараа бурхан номондоо сүсэглэж, лам гурван эрдэнийг тэргүүндээ залсаар монголчууд бид шүтэж, дээдэлдэг, сонсож гэгээрдэг лам багш олонтой ард түмэн. Тэднээс энэ л цаг үед гэгээрч, тодорч яваа ламбугай нараа дурандъя.
Хамба ламын идеал
Жил бүрийн цагаан сараар хамгийн их эрэлт хэрэгцээтэй байдаг хүн гэвэл Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц. Буян нигүүслийн сэтгэл, винайн ёсыг ягштал баримталж яваа тэрээр ээжтэйгээ энэ насыг туулж яваа. Жоомны амь таслах нь хүртэл энэ эрхэм хүнд нүгэл санагддаг гээд бодохгүй юу. Буй төрх, байгаа байдал нь бүрнээ бурханы тулд зориулагдсан мэт Чой хамба энэ цагийнхны хамба ламын идеал төрх нэгэнт болжээ.
Өдгөө 64 нас сүүдэр зооглож буй эрхэм хамба үргэлж инээж явдаг, хэзээд хошигнож ярьдаг зан араншингийн онцлогтой, бөхөд хорхойтой, дуунд дуртай, хоол голдоггүй эгэл жирийн нэгэн. Цагтаа Монголын анхны Үндсэн хуулийг батлалцаж, НҮБ-ын алдарт ногоон танхимд хүртэл лекц уншиж явсан зангараг ч түүнд бий. Монголчуудын ойроос ч болов харахыг хүсдэг XIV Далай ламын шавь нарын нэг тэрээр багын л алиа хошин зантай, олныг инээлгэж явдаг буянт сэтгэл, шогийн мэдрэм цөм цогцолсон нэгэн байсан гэдэг.
Бурханч лам Г.Пүрэвбат
Ах дүү арван таван хүүхдийн долоо дахь нь болж мэндэлсэн бурханч лам Г.Пүрэвбат Монголын бурханы шашны нэг том салбар болох бурхан урлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж яваа нэгэн.

Багадаа зурах дуртай байсан хүү хожмоо ДүУДС-д суралцаж байхдаа бурханы шашинд нэвтрэхгүйгээр Монголынхоо сонгодог урлагийг ойлгохгүй гэдгийг ухаарч Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны сургуульд элсэн орж, бурханы шашин дахь зам мөрд орсон түүхтэй. Орчин цагийн Монголын бүхий л бурханч лам нар чухамдаа Г.Пүрэвбат ламыг оройн дээд багшаа хэмээн хүндэтгэдэг нь аргагүй.
Гэргий Ким Сон Жоноосоо нэг охинтой. Ийм гайхалтай ген, гайхам авьяастай Г.Пүрэвбат лам шиг олны хайр хүндлэл, талархал баярхал хүлээсэн хүн тун ч ховор гэж болно.Уламжлалт шашин урлагийг энэ цагийнханд өвлүүлж, эх орон төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүний хамгийн том бүтээл нь “Аглаг бүтээлийн сүм” бол хамгийн том бизнес нь талийгаачдын хойдын буяны үйлчилгээ үзүүлдэг буяны бизнес. Г.Пүрэвбат лам өөрөө бурхан шашин, буян урлалын үйлстээ сэтгэл оюунаа зориулж буй.

Баячуудын ренбүүчи
Хаа газар, аль ч цаг үед бурханы шашны үнэнч шавь лам нарт хүртэл зэрэг зиндаа гэж байсаар ирсэн юм уу даа. Манайдаа бол дээгүүр зиндааныхны ламбугайгаар Зава Дамдингийн хойд дүр Лувсандаржаа ламтан зүй ёсоор бараг өрсөлдөгчгүй тодорно. Бүр баячуудын ренбүүчи хэмээн өргөмжлөгдөх болсон энэ эрхэм ламтны эцэг эхээс заяасан нэр нь Осгонбаяр. Анхлан олон нийтийн өмнө гарч ирэхдээ урт ус, лам дээлтэй гарч ирэн, нэр бүхий бизнесмэнийг алгадсан нь олон түмний нүдэнд тэгтлээ сонин, содон тусч тэр дороо л танигдаж орхисон. Учрыг лавлах нь бүтэн 4 жил нямбад сууж, бясалгасны дараа гарч ирсэн үе нь юм гэдэг.

Хил дамнан шашин номын мөр хөөсөн Лувсандаржаа ламтан өдгөө Дундговь аймгийн Дэлгэрийн Чойрын хийдэд тэргүүн хамбаар сууж буй. Төвд, герман, англи хэл мэддэг энэ эрхэм зарим зохиолуудаа төвд, монгол хэлээр туурвидаг гэнэ лээ. Зава ламтны хойд дүр энэ эрхмийн шүтэж, сүсэглэдэг хүмүүс нь ихэвчлэн Монголын шинэ цагийн хөрөнгөтнүүд байдаг нь санамсаргүй хэрэг биш. Буян аривжуулах бумбын тахилга гэгчийг чухамдаа Чойрын хийдэд Лувсандаржаа ренбүүчи жилдээ нэг удаа үйлддэг, эл тахилгад манай ихэс дээдэс, эрх ямбатай бүхэн нь эгээ л наадамд очиж байгаа аятай десант буулгадаг. Гэр бүлийн тухайд нууцлаг, ямартай ч ганц бие эл эрхмийн талаар товч танилцуулахад ийм байна.

Өнөр бүлийн эзэн лам
“Дашчойлон” хийдийн хамба ламтан Ч.Дамбажав төрийн хэмжээний томоохон үйл ажиллагаанд уригдаж залагддаг бурханы шашны томоохон төлөөлөгчдийн нэг. “Дашчойлон” хийд нь бусад сүмүүд шиг өндөр үнэ тарифгүй учраас сүсэгтэн олон цагаан ногоон сар гэлтгүй үргэлж оочер дугаар үүсгэнхэн байдаг. Тэгээд ч эгэл жирийн бурханы шавь, энгүй ачлалт энэ эрхмээс адис жанлав хүртэж, зам мөрөө тэгшлэх гэсэн сүсэгтэн олны сүсэг бишрэл тийм урт цувааг үүсгэдэг гэнэ лээ.

Гэр бүлийн тухайд гурван хүү, нэг охинтой өнөр өтгөн айлын тэргүүн хамбын гэргий эдийн засагч мэргэжилтэй бүсгүй байдаг. Цагаан сар ойртож байгаа энэ цаг үед буяны үйлээ хийгээд гэртээ харих ч завгүй гандан дээрээ өнжиж байгаа гэнэ лээ.
Шидэт тарни, увидаст гар түүнийх
Билгүүн номч, хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдорж хэмээх энэ эрхэм чухам амьдралынхаа утга учир, үнэт зүйл, зорилгыг хэдийнэ онож тодорхойлон, түүндээ хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа яваа бурханы үнэнч шавь нарын нэг. Монголын уламжлал анагаах ухааны түүхийн сүүдэрт мартагдах шахсан шавхагдашгүй онол юуг гүнзгийрүүлэн судалж, Монгол төдийгүй гадныхан оочер дугаар аван үзүүлж харуулдаг хамба ламтан Д.Нацагдоржийг шидэт тарнитай, увидаст гартай хувилгаан гэгддэг.

Өдгөө “Мамба дацан” хийдийн хамба ламтаны албыг хашиж буй тэрээр уламжлалт анагаах ухааны сургууль, эмнэлэг, эмийн үйлдвэр, сүм хийд тэргүүтнийг цогцоор нь барьж, байгуулан, ажиллуулж буй цорын ганц хамба гэж болно. Анагаахын шинжлэх ухаанд эдгэрч, эмчлэгдэхээ больсон өвчин эмгэгийг чухам Д.Нацагдорж хамба л эдгээж, илааршуулдагаараа алдартай.

Хувийн амьдралын тухайд анхны амьдралдаа цэг тавьж хоёр дахь сонголтоо хийсэн. Гэргий Г.Одонцэцэг нь боловсрол мэдлэг дүүрэн, намба ухаан хосолсон нүдэнд дулаахан бүсгүй бий. Д.Нацагдорж хамбын анхны гарын шавь нарын нэг энэ хатагтай судсаар оношилж, уламжлалт анагаахаар эмчилж, эдгэрүүлэхдээ эр нөхрөөсөө дутахгүй эрдэм, чадалтай гэгддэг. Хамбад хүү, охин төрүүлж өгсөн тэрээр сургууль, эмнэлэг тэргүүтнээ хариуцан ажиллуулдаг тун ч нямбай, чамбай бүсгүй.
Нэр нь хүртэл Ухаанзаяа, нээрээ тэр төрмөл бурханч!
Ингэж нэрийдсэний учир нигуур ир. Түүнийг зүгээр харах төдийд л “Монголын их амар амгалан”-г мэдэрмээр сүрлэг биетэй, талбиун төрхтэй. Бурханч лам Г.Пүрэвбатын анхны бөгөөд гарын шавь нарын нэг шинэ залуу, шижигнэж яваа бурхан урлаач. Магад хамгийн амжилттай яваа нь ч энэ эрхэм залуу ламбугай байх. Нас залуу, цус шингэн ч гэлээ хэдийнэ сүсэгтэн олны шүтэж дээдэлдэг эрхэм хүмүүсийн нэг болсон тэрээр Монголын оюун санааны нэгдэл болсон Мэгжид Жанрайсиг бурханы мэлмийг нээж, гар бие оролцон бүтээлцсэн том намтартай. Сонирхуулахад түүний ах дүүс бүгд У үсгээр эхэлсэн нэртэй гэнэ. Учралсайхан, Уламсайхан. Уранчимэг, Ухаанзаяа, Уртнасан, Уянга-Эгшиг гэх мэтээр хөврөх бөгөөд хамгийн онцгой содон тэгэх тэгэхдээ эзнээ онож өгөгдсөн нэртэй нь Д.Ухаанзаяа ламтан.

Залуу бурханчийн гэргий Энх-Од Монголын анхны эмэгтэй нисгэгч гэх онцгой тодотголтой бүсгүй бий. Ленинградын нисэхийн академийг хоёрхон эмэгтэй төгссөний нэг нь энэ бүсгүй бөгөөд өдгөө ИНЕГ-ын нислэгийн ахлах удирдагчийн хариуцлагатай алба хашдаг гэнэ лээ.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна