Ж.Амарсанаагийн TIME OUT!

Олноо “элэгний” Ж.Амарсанаа хэмээн 30 гаруйхан насандаа хүндлэгдсэн Ж.Амарсанаа Эрүүл мэндийн дэд сайд хэмээх шошгоноосоо саллаа. Түүнийг анх эмчээ болин улстөрд орж сайдын суудалд суухад тун чадварлаг эмчээ алдчихлаа хэмээн шогшрох хүн олон байсан. “Эмч байвал хэдэн мянган хүн жилдээ эмчлэх байх. Харин сайд болвол хэдэн зуун мянга, магадгүй ард түмнийхээ эрүүл мэндэд тустай чухал шийдвэр олныг гаргаж чадах байх” гэж тэр сайдаар очоод удаагүй байхдаа ярьж байв. Хэзээд ороо бусгаа байдаг улстөр түүгээр эмчлүүлэх гэсэн өвчтөнүүдийн хармын сэтгэл хоёр хоршсон уу Ж.Амарсанаа улс төрд тийм ч удсангүй. Цаг зав иддэг багагүй ачаалалтай улстөрийн албан тушаалаа өгөөд алжаал тайлж явах үедээ тэр бидэнтэй тулгарсан нь энэ.

Суусан газраасаа шороо атгана гэгчээр тэр бас ч хий дэмий сандлын бөглөөс хийгээгүй. Салбарынхаа зовлон жаргалыг хамгийн сайн мэдэх хүний хувьд  хүсээд байсан түүхэн шийдвэртээ алхмаар ойртож чадсан нь түүний улстөрд орсны хамгийн том гавьяа байж мэднэ. Гурван сая хүн амтай монголчуудын 400 мянга орчим нь Элэгний С вирусээр өвчилсөн гэх харамсалтай дүн мэдээ бий. Тийм атал энэ өвчнийг бүрэн эмчлэх эм манай улсад орж ирээгүй байсныг Ж.Амарсанаа ёстой хэлээ хүрэх газар хэлэлцсээр ажил хэрэг болгосон.

Тодруулбал, эмийн шинэчилсэн журмыг Засгийн газрын хуралдаанд оруулсны дагуу шинээр эм бүртгэхэд 2 жил хүртэл хугацаагаар судалдаг нь өөрчлөгдөн Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр болсон. Энэ дагуу АНУ-д үйлдвэрлэгдсэн элэгний  С вирусийг эмчлэх Sovaldi /Софосбувир/ 400мг шахмал эм 30 хоногийн дотор манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдэж, монголчуудын хүртээл болох зам нээгдсэн. Сайд Г.Шийлэгдамба ч улс төржилгүй урдах сайдынхаа эхлүүлсэн ажлыг гүйцээсэнд талархах нь зүй. Харин он удаан жил бодсон ажил нь ийн амжилттай хэрэгжсэнд маадгар суугаа бололтой, мань Ж.Амарсанаа сайдын суудлаа өгсөн ч санааширсан юмгүй, хүүгээ дагуулчихсан шиг жаргаж явна, цаана чинь.

Эх сурвалж: www.grandnews.mn

Б.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025