Academy awards-ын улаан хивсэн дээр жүжигчин Урнаа цагаан хөхөвч, өндөр суудалтай мөн цагаан дотоож маягийн шорт дээр бие нэвт гэрэлтсэн цагаан торон даашинз өмсч, баргийн нэгний чадахгүй зоригийг гаргасан байлаа. Энэ төрлийн даашинз нэг бол амжилт, үгүй бол уналт авчирдаг.
Тэр тусмаа бүтцэрхэг объем бүхий богино өргөн ханцуйтай, өвдөгнөөс дээш богино байвал амжилт гэхээсээ эрсдэл дагуулах нь элбэг. Урт нарийн ханцуйтай, богино гэхэд ядаж өвдөгнөөс доош урттай, эсвэл бүр хөл далдлахаар урттай байвал энэ даашинз сайхан харагддаг талтай.


Дуучин Fergie хэдэн жилийн өмнө Грэммийн шагнал гардуулах ёслол дээр энэ төрлийн улбар даашинзтай ирж, стилистүүдээс fashion disaster (загварын гамшиг) гэсэн шүүмжийг сонсч байсан. Kim Kardashian ч мөн энэ загварыг туршсаныхаа төлөө загварын мэдрэмжгүйгээрээ дуудуулж байв. Харин Beyonce, Kesha нар энэ эрсдэлтэй трендийг амжилттай өмссөн байгаа биз?

ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа урт бариу загварын хар торон даашинзыг цагаан богино даашинзан дээрээс өмссөн нь мөн л алдаа болж. Үүний оронд crop top, эсвэл хөхөвч маягийн цээживч, өндөр суудалтай дотоож гэмээр шорт дээрээс өмссөн бол хавьгүй загварлаг харагдах байлаа.
Гэхдээ ийм торон даашинз сонгохдоо манайхан хээ болон материал дээр нэлээн ач холбогдол өгч байгаасай гэж хүсдэг. Ийм төрлийн даашинз нь материал болон хээнээс ихээхэн шалтгаалдаг юм. Бүжигчин бүсгүйн даашинзны хувьд байдаг л нэг хамгийн уйтгартай нэгэн жигд хээтэй тороор хийгдсэн учраас энэ хувцаслалтыг бас улам доош татаж байна. Дээрээс нь уйтгартай сувдан урт зүүлт байдлыг бүр дордуулчихлаа. Ер нь торон даашинз нэг бол маш тансаг, эсвэл бүр “хямдхан” харагдуулдаг учраас анхааралтай сонголт хийхийг шаарддаг.


Поп хатагтайн үндэсний хэв маяг
Поп хатагтайн стиль имиж хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Энэ удаа дуучин Б.Сарантуяа лаванда цэцгийн өнгө бүхий дээлэн загварын урт даашинз сонгожээ. Хоёр мөр цухуйсан загвартай учир хөхөвч зүүх боломж байгаагүй бололтой. Энэ нь тийм ч таатай харагдуулсангүй. Монгол дээл ингэж янз бүрээр “гоёчлохоор” хятад зоогийн газрын зөөгчийн хувцас шиг сонин харагдах нь олонтаа. Дээрээс нь бараг хоёр гурван метр урт сувдан зүүл тунжуулаад зүүчихээр бүр долоон дор болчихлоо.
Норагийн театр имиж
Загвар өмсөгч Нора Дуурь бүжгийн театрын байнгын зочин болоод байгаа. Түүний энэ өдрийн хувцаслалт бидэнд таалагдсан юм. Урт нэлмэгэр сул хар shirt dress-ийг biker гуталтай хослуулан өмссөн нь түүнийг Yohji Yamamoto-гийн загварын шоунд алхаж яваа модель бүсгүй шиг л харагдуулна.
Эх сурвалж: www.grandnews.mn Ж.Нандин
Сэтгэгдэл (6)