Таны төлбөр биднийг хөтөлнө

Таны тэмүүлэл биднийг хөтөлнө уриатай Мобикомын булхай ил цагаандаа гарчээ. Миний бие өнгөрсөн сард албан ажлаар гадагшаа томилолтоор яваад албан ажлын шаардлагаас болон хугацаанаасаа түр хойшлон Монголд ирэхэд утасны төлбөр гараад төлөх ёстой хугацаанаасаа хэтрээд хаагдсан байлаа. Мобикомын төв дээр очоод  төлбөрөө төлөх гэтэл 109 мянган төгрөг төлөх юм байна гэлээ. “Яагаад ингэж авч байна вэ? Төлбөрийн мэдээллээ асуухад 68 000 гарсан гэж байсан” гэтэл “та утсаа ашиглаагүй байсан ч тухайн сарынхаа суурь хураамж болох 39 900 төгрөг төлбөр дээр чинь нэмж авдаг юм” гэж хэлээд “төлбөрөө төлөхгүй дугаарыг чинь хаалаа” гэх юм. “Хэдийнээс танайх ийм мөнгө авдаг болсон юм” гэхэд “11 сараас эхлээд авч байгаа” гээд аргагүйн эрхэнд энэ мөнгийг нь төлөөд утсаа нээлгэсэн юм.

Яг надад тохиолдсон энэ асуудалтай холбоотойгоор болон бусад асуудлаар ШӨХТГ-аас өчигдөр холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгаж дүгнэлт гаргасан юм. Шалгалтаар багагүй зөрчлүүд илэрч Мобикомын булхайг ил болголоо. 

Тус компани нь үйлчилгээний үнэ тариф болон нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд ажлын таваас доошгүй хоногийн өмнө мэдэгдэхээр гэрээндээ заасан байдаг аж. Гэтэл хэрэглэгч хэрэглээ хийгээгүй тохиолдолд суурь хураамж авдаггүй байсан нөхцлийг өөрчилсөн шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргахдаа 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн нь хэрэглэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй буюу холбогдох хууль тогтоомжийг зөрчжээ.

Мөн хэрэглэгчдэд роуминг үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээллийг тодорхой өгдөггүйн улмаас хэрэглэгч өөрийн хэрэглээний үнэн зөвийг шалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал хэрэглээ нь 300000 төгрөг болсон тул үйлчилгээг хязгаарласан гэх мэссежийг өгдөг боловч төлбөр бодогдоход уг мэдээллээс хэд дахин илүү төлбөр гарсан байдаг аж.

Хяналт шалгалтын дүгнэлтээр тогтоосон зөрчлийг арилгахыг “Мобиком” корпораци ХХК-д улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг болгосон гэнэ. “Мобиком корпораци” иргэдийн мөнгийг шулж мөлжихдөө “гаршсан” газар гэж хэрэглэгчид муулдаг. Үнэндээ дараа төлбөрт хэрэглэгчид мессеж бичих тоолонг анадаг уу, төлбөр тооцоо нь хэд дахин өсч гардаг гэдэгтэй иргэд санал нийлдэг юм билээ.

Харин мессэж роуминг үйлчилгээг Монголын боломжийн амьдралтай “томчууд” голдуу хэрэглэдэг. Тэд энэ үйлчилгээний төлбөр тооцооны талаар гомдол мэдүүлэхээс зовдог уу, ямартаа ч гарсан өндөр төлбөрийг нь нүдээ аниад л төлдөг нь үнэн. Өмнө нь урлагийнхны эрхийг зөрчиж, хөдөлмөрийг нь мөлжсөн гэдэг асуудлаар багагүй маргаан дэгдэж байсан ч тэгсхийгээд л өнгөрсөн. Энэ мэт уг газрыг шүүмжилсээр, алдаа дутагдлыг харсаар байх уу.

Эх сурвалж: Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    ОЛОН ЖИЛ ШУЛАЖ БАЙНАДАА
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025