П.Чимидцэеэ: Залуу байгаа дээрээ цаг наргүй зүтгэнэ

Сүүлийн үед телевизүүд олон ангит кинонд хүч түрэн орж ирж байна. Тэдний дундаас SEVEN телевизийн бүтээж буй ВАЛИДОЛ нэртэй инээдмийн ноорог кино нь бусдаасаа өвөрмөц хийцтэй байгаа нь нууц биш. Энэ удаагийнхаа дугаарт энэхүү ВАЛИДОЛ ноорог киноны жүжигчин П.Чимэдцэеэг урьж ярилцлаа. Жүжигчний мэргэжилтэй түүнийг үзэгчид авъяас чадвартай, өсөх ирээдүйтэй хэмээн үнэлээд байгаа юм. 

Уншигч, үзэгчид өөрийг тань ЖИНХЭНЭ ЭРЧҮҮДИЙН КЛУБ шоу нэвтрүүлгийн хөтлөгч, ВАЛИДОЛ инээдмийн ноорог киноны жүжигчин гэдгээр тань илүү мэдэх байх. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.
Баярлалаа. Намайг Пунцагдэлгэрийн Чимэдцэеэ гэдэг. Наран мандах нутагт төрж өссөн. Соёл Урлагын их сургуулийг жүжигчин мэргэжлээр МУАЖ Б.Мөнхдорж багшийн удирдлаган дор төгссөн. Төгсөөд Сүхбаатар аймгийн хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад 2013 оноос SEVEN телевизийн хөтлөгчөөр, одоо ВАЛИДОЛ инээдмийн ноорог киноны жүжигчинээр ажиллаж байна.
ВАЛИДОЛ ноорог кинонд ажиллах тухай саналыг анх хэрхэн хүлээн авч байсан бэ? Монголд  өмнө нь байгаагүй сонин шийдэлтэй кино санагдсан.
ВАЛИДОЛ киноны хувьд SEVEN телевизийн анхны бие даасан олон ангит кино юм. Телевизийн уран бүтээлчид маань бусад олон ангит киноноос юугаараа ялгагдах талаар ярилцаж байгаад анх удаа ноорог чиглэлээр өөрөөр хэлбэл жижиг жижиг үйл явдалтай тэрхүү үйл явдал нь инээдмийн жанраар байя гэж төлөвлөж хийсэн юм. Миний хувьд SEVEN телевизийн ЖИНХЭНЭ ЭРЧҮҮДИЙН КЛУБ нэвтрүүлгийг хөтөлдөг байсан учир телевизийнхээ олон ангит киноны багт орох боломж олдож одоо ингээд нэг жилийн хугацаанд хамт олонтойгоо бужигнаж явна даа .


Ноорог кино гэхээр их сонин байна л даа. Энэ талаар тайлбарлаж өгөөч яагаад ноорог кино гэдэг юм бэ?
Кино зохиолын хувьд жижиг жижиг инээдмийн үйл явдлуудаар бичигдсэн зохиолууд байгаа. Зохиолчдын хувьд заримдаа ноороглож бичсэн бичвэрүүдийг түүж аван кино зохиол болгож хийгдэж байгаа учир ноорог инээдмийн кино гэж нэрлэсэн.
Таны хувьд ВАЛИДОЛ киноноос өөр ямар ямар уран бүтээлүүдэд дүр бүтээсэн бэ?
ВАЛИДОЛ уран сайхны кино маань өдөр болгон өглөөнөөс орой болтол зураг авалттай байгаа. 2014 оны хувьд ХҮҮГҮЙ ЛОМБАРД, ОМАРЫН ЭРЭЛ зэрэг кинонуудад туслах дүрд, СААРАЛ ХҮН уран сайхны кинонд гол дүрийг бүтээлээ. Үндсэн ВАЛИДОЛ киноны зураг авалтууд их шахуу байдаг учир өөр төрлийн уран бүтээлд тоглох цаг зав их муу байх юм. /инээв/
Одоогоор төлөвлөгдөж байгаа ямар уран бүтээл байгаа вэ?
ВАЛИДОЛ ноорог кино маань бүтэн жилийн турш үргэлжилсэн. Одоо ВАЛИДОЛ2 буюу бүрэн хэмжээний олон ангитай кино болж шинэчлэгдэн 2015 онд үзэгчиддээ хүрнэ. Ноорог зохиол биш бүрэн хэмжээний кино болж байгаа гэсэн үг. Мөн хоёр гурван нэг ангит уран сайхны киноны санал ирсэн. Одоогоор зохиолтой нь танилцаад явж байна. Залуу байгаа дээрээ бүхий л бололцоогоо дайчлаад уран бүтээлдээ анхааран цаг наргүй зүтгэнэ дээ.
Жүжигчин хүний хувьд олны нүдэнд ил байдаг. Олон нийт тэдний алдаа дутагдлыг цаг алдалгүй л шүүмжилж байдаг. Энэ талаар таны бодол ямар байдаг вэ?
Алдаа дутагдал гаргадаггүй хүн гэж байхгүй шүү дээ. Гэхдээ хамгийн чухал нь алдаагаа засаж чаддаг, дахиж алдахгүй байхын төлөө тэмцдэг байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс бусдын шүүмжээс хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь орхиод, мартаад цааш явдаг даа. Харин гэр бүлийн амьдралд хөндлөнгийн хүмүүс оролцоход жаахан дургүй шүү.\инээв\
Одоо удахгүй үзэгчдэд хүрэх гэж байгаа ВАЛИДОЛ 2 кинонд та ямар дүр бүтээх вэ?
Кино маань одоо ВАЛИДОЛ 2 буюу “ТҮРЭЭСИЙН БАЙР” нэртэйгээр хүрнэ. Миний хувьд Зулаа гээд 20-21 орчим настай 2 курсын охины дүрд тоглох гэж байгаа.


Дүр чинь өөрт чинь таалагдаж байгаа юу?
Дүр маань их хөөрхөн надад их таалагдаж байгаа гэвч насны хувьд надаас дүү учраас жаахан айдас байна. Эмэгтэй хүний хувьд алхаа гишгээ нүдний харц гэх мэт биеийн үйл хөдлөл цаг хугацаа өнгөрөх тусам  их өөрчлөгдөж намдуу тайван болдог юм шиг санагддаг. Тийм болохоор дүрдээ нийцэж үнэн зөв байхын тулд би буцаад оюутан насандаа очиж чадах болов уу, тийм тунгалаг харцтай байж чадах болов уу гээд их л олон зүйлээс айж байна. Надаас гадна олон хүний хөдөлмөр хөлс урсаж байгаа болохоор тэднийхээ урам зориг итгэлийг алдахгүйн төлөө хичээж л явна даа.
Хамтран тоглож байгаа жүжигчдийн хувьд?
ВАЛИДОЛ 1 буюу ноорог киноны маань жүжигчид үргэлжлүүлэн ВАЛИДОЛ2 кинондоо тоглож байгаа. Мөн шинээр олон жүжигчид оролцож валидол бүл нэмж байгаа. Манай баг хамт олны хувьд бүтэн жилийн турш өдөр бүр хамтдаа байсаар байгаад хамт олон, найз нөхөд, гэр бүлийн гишүүд шиг л болсон.  Шинэ жүжигчид маань ч бас хамт олон дундаа хурдан дасна гэж итгэж байгаа.


Урлагийн хүмүүсийн хувьд ажил их байдаг учир гэр бүлдээ тэр болгон цаг зав гаргаж чаддаггүй. Таны хувьд ямар байдаг вэ?
Мэдээж зураг авалт янз бүрийн цагт болно. Заримдаа орой заримдаа өглөө гээд л. Гэхдээ аль болох гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээдэг. Амралтын өдрийг заавал гэртээ өнгөрөөдөг. Бас өөртөө анхаарал хандуулж цаг заваараа фитнессдээ явна. Үзэгчдийн өмнө байгаа нь л энэ гээд суугаад байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол үзэгчдээ хүндлээгүй хэрэг болно.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Баярлалаа. Танай сайтын хамт олон болон уншигч нарт талархлаа илэрхийлье. Мэдээж ВАЛИДОЛ киноныхоо үзэгчдэд маш их баярладаг. Үзэгч байхгүй бол бидний хийсэн уран бүтээлийн үр дүн гарахгүй.

Эх сурвалж: Grandnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • ГАНБАЯР
    ДУРЛАЧИХЛАА ХӨӨРХӨН БҮСГҮЙ БАЙНА
    2015 оны 02 сарын 07 | Хариулах
  • 11111
    dajgui aviyaslag sanagdsan
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • guugii
    Huurhun ch huuhen aviyastai ch huuhen
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин
    сэргэлэн хөөрхөн хүүхэн байна,урлаг ажилд нь улам сайн сайхныг хүсье
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025