Мөрөөдлийн хот Парис

 

Францын нийслэл Парис. Эдийн засаг, соёл урлагийн төвөөс гадна ЮНЕСКО-гийн төв штаб, Олон улсын худалдааны танхимын төв нь байрладаг. Хот Сена мөрний эрэг дээр далайн түвшнээс дээш 65 метрт оршдог. Дэлхийн бусад том хотын адил хүн амын нягтаршил өндөртэй. Нэг хүнд 14.5 метр квадрат ногддог. 2002 оноос хог хаягдлыг ангилдаг болсноор нэлээд үр дүн өгсөн гэж үздэг. Мөн хотын агаарын хэмжилтийг 40 км- ийн радиуст харагдахуйц өндөрт өдөр бүхэн хөөрөгдөг агаарын бөмбөлгөөс хүн бүр харж болдог. 1988 онд хотын мээр болсон Жак Ширак таван жилийн дараа Сена мөрөнд усанд орж болно гэж мэдэгдэж байсан юм. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд тус мөрний ус олон үзүүлэлтээр мэдэгдэхүйц цэвэршиж 28 төрөл зүйлийн загастай болсон. Хотын ногоон байгуулалтад өндөр ач холбогдол өгч өнөөдөр Парис Европын ногоон хотын нэг болсон билээ. Парист 487 мянган мод ургадаг гэдэг.

 

Мөрөөдлийн хот гэгдэх болсон Парисын түүх МЭӨ III зуунд Кельтийн лютец, Парисийн уугуул оршин суугчид Сита арал дээр суурьшсанаар эхэлдэг. Орчин үеийн нэр нь ч эндээс гаралтай. Хотыг эзэлсэн Ромын байлдан дагуулал 508 онд франкууд ирснээр төгсгөл болсон юм. II Августын үед бэхлэлт хийж 1190 онд Сена мөрний баруун талын дагуу, 1210 онд зүүн талын дагуу бэхлэлт хийж дуусгажээ. XI зуунаас эхлэн Парис Европын боловсролын тэр дундаа шашны төв болж байсан бол өнөөдөр зөвхөн Франц төдийгүй Европын эдийн засаг, соёл урлагийн төв болоод байна. Парисыг ойр орших хотуудынх нь хамт Гранд Парис ч гэж нэрлэдэг. Парис зөвхөн Ромтой эн зэрэгцэнэ. Ром ч гэсэн зөвхөн Паристай гэсэн эртний /Seule Paris est digne de Rome; seule Rome est digne de Paris/ хэлц үгийн дагуу Парис Ромтой ах дүү хотын барилдлагыг 1956 онд байгуулсан.

Парис нь эдийн засгийн гол төв. ДНБ-ий арван хувийг үйлдвэрлэдэг. Тус улсын үйлдвэрлэл эрхэлдэг бүх газрын дөрөвний нэг нь төв оффисоо Парист нээсэн байдаг юм. Парист 349 мянган үйлдвэр, аж ахуйн байгууллагад 1.64 сая хүн ажилладаг.
Парис нь автозамын төдийгүй бүх төрлийн тээврийн хэрэгслийн гол уулзвар болдог. Олон улсын нисэх буудал Шарль де Голль, Иль- де-Франс нь 136 орны 529 хотыг холбодог бөгөөд энэ нь Европт хоёрдугаарт, дэлхийд тавдугаарт ордог. Хотын хамгийн таатай унаа Сена мөрний дундуур гардаг метро. 1900 оны долдугаар сард нээгдсэн энэ хурдан унаа 212.5 км-ийн урттай, 14 шугамтай, 300 буудалтай. Энэхүү сүлжээ хотыг газар доогуур бүрэн хэрсэн бөгөөд 500 метрээс холгүй хаанаас ч метронд хүрч болно. Автобус ч мөн өөрийн үүргээ гүйцэтгэдэг. 60 шугамтай автобуснаас гадна шөнийн шугам байдаг нь нийтийн тээврийн бүрэн утгад нийцдэг. 2007 оноос дугуйны 1450 цэг ажиллаж, 300 метр тутмаас дугуй прокатлах боломжтой. Энэ нь метроноос ч илүү нийтийн таашаалд нийцдэг.



Францын нийслэлд дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиуд байрладаг. Парисын нэр хүндтэй Сорбонны их сургуулийг 1257 онд Робер де Сорбон ядуу гэр бүлийн оюутнуудад зориулан байгуулжээ. Их сургууль Сорбонн нэрээ XIV зуунд авсан юм. Хотын гадна төрх XIX зууны дунд үеэс эхлэн өнөөгийн төрхийг олсон юм. Барон Осман бүхэл бүтэн дүүргийг нураан тухайн үеийн оршин суугчдын дургүйцэл эсэргүүцэлтэй тулгаран өргөн чөлөө, шинэчилсэн хэлбэрийн хот байгуулж байв. Гэхдээ Наполеон III-ын баримталж байсан зарчмын дагуу байрнуудын өндөр, хэмжээ өөрчлөгдөөгүй өнөөг хүрч "хавтгай"-гаараа өнөөдрийг хүрсэн билээ. Парист 130 музей, 1800 гаруй түүхэн газар байдаг. Мэдээж энэ жагсаалтыг Эйфелийн цамхаг тэргүүлдэг. 1889 онд инженер Эйфелийн төслөөр тухайн үедээ олон улсын үзэсгэлэн худалдаа руу орох түр хаалгаар баригдсан боловч өнөөг хүртэл Парисын жинхэнэ төгс бэлгэдэл болж байна. Эйфелийн цамхгаас хойд зүгт Монмартрын толгод дээр 1876-1914 онд П.Абадигийн төслөөр баригдсан католик сүм Христийн зүрх оршдог. Харин урд талд нь 1969-1972 онд баригдсан 57 давхар, 210 метр өндөр Монпарнасын цамхаг байдаг. Энэ нь "хавтгай" хотын цорын ганц өндөр барилга юм.



Хотын түүхэн тэнхлэг төвөөсөө гадагшилдаг бөгөөд алдарт Луврын музейгээс Тюильригийн цэцэрлэгээр үргэлжилж Елисейн өргөн чөлөө, Ёслолын хаалга хүрдэг. Парисын бас нэг бэлгэдэл 1793 онд байгуулагдсан алдарт Луврийн музей найман хэсэгтэй, 60600 метр квадрат талбайтай. 35 мянган үзмэртэй. Чухамхүү энд хүн төрөлхтний хосгүй бүтээл Мона Лиза, Венера Милосская үзмэр нь болж хадгалагддаг. Парисын дуурь сонгодог урлагт онцгой хувь нэмэр оруулсан гэж мэргэжилтнүүд үнэлдэг юм. Өнөөдөр тус улс Гранд Опера, Бастилийн Опера гэсэн хоёр том театртай. Гранд Опера буюу 1875 онд архитектор Опер Гарньегийн нэрээр нэрлэгдсэн театрт нь 11237 метр квадрат талбайтай, дэлхийн хамгийн том дуурийн театрын тоонд ордог. Харин Бастилийн театр 1989 оноос түүх нь эхэлдэг залуухан театрт ордог билээ.

Үргэлжлэл бий...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • mongol bysgyi
    Bi Paris xotod ajillaj amidraad 10 jil bolj baina Ynexeeriin gaixamshigtai ylgeriin yum shig saixan xotod amidrax bolson xyvi zayandaa bayarlaj baidag
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025