Амжилтын түүхийг өөр өөрийнхөөрөө, хувь тавилангаараа зурж яваа мянга, мянган бусгуйчуудийн нэг бол Даагий. Жижигхэн Монголын буйдхан хөдөөний бяцхан охин хүсэл мөрөөдлөөс өөр зүйлгүй их хотын амьдралд хөл тавьж, үйлчлэгч, цэвэрлэгчээс авахуулаад өөрийн брэнд бүхий салоны эзэн болтлоо хичээж, зүтгэж ирсэн амжилтын түүхийг бид хүүрнэлээ. Товч бөгөөд тодорхой. Өөрийнх нь тодорхойлсончлон адармаатай амьдрал туулж ирсэн энэ бүсгүйг ойр дотныхон нь Францын гоо сайхны эзэнтулсыг үндэслэгч цуут Коко Шанель хатагтайтай жишдэг аж. Ядуу айлын бяцхан франц охин балчир багаасаа бааранд дуулж их амьдралд хөл тавьсан бөгөөд "Коко бялзуухай "хэмээн дуулдаг байснаас Коко нэртэй болсон байдаг. Хүсэл мөрөөдлөөс өөр юмгүй хор шартай тэр бяцхан охин хожмоо дэлхийн зартай брэнд "Шанель”- ыг үндэслэж, гоо сайхны ертөнцөд алдраа мандуулсан түүхтэй. Кокогийн амжилтын түлхүүр нь багаас амссан хатуу, бэрх амьдрал байлаа. Тэгвэл одоо таньтай танилцуулах гэж буй Даагий хэмээх бүсгүйн амжилтын хөшүүрэг нь мөн л хүнд бэрх амьдрал. Юутай ч түүнтэй ярилцъя.
-Юуны өмнө танд баяр хүргэе! "Эко бьюти" салоны 2 дахь салбар Зайсанд нээгдэж байна. Энэ бол амжиллтай яваагийн илрэл гэж бодож байна. Хэдэн жилийн дараа
-Маш их баярлалаа. Салоныхаа 2 дахь салбарыг өнөөдөр өлгийдөж авч байна. Чамгүй удаан хугацаанд энэ салбарт чанагдлаа. Найм дахь жилдээ, ялангуяа сүүлийн 2 жил ёстой хурдны хүчээр "давхиж" хоёр ч салонаа нээлээ. Таван жилийн дараа хотын дүүрэг болгонд өөрийн гэсэн "Эко"- гоо байгуулчихсан, хүмүүс хаана байна тэнд хүрч үйлчлэхийг зорьж сууна. Эко гэдэг энэ үгийг байгалийн бүтээгдэхүүн, үндэсний уламжлалтай хамтатган гоо сайхны тэр дундаа үс арчилгааны салбарт брэнд болгох нь миний гол зорилго. Хүний хамгийн үнэтэй хувцас болсон үс уналтыг зуун хувь зогсоохын төлөө зүтгэж явна.
Бид байгаль дэлхийгээ хайр найргүй ухаж, алт эрдэнэсээ ухаж авчихаад нөхөн сэргээлт хийхгүй байна. Бидний өдөр тутмын амьдрал дээр аваад үзэх юм бол үнэр, амт оруулагч хэрэглээд, байгалийн шинж чанарыг нь алдагдуулчихсан юм бүхэнд ухаангүй дурлаж байна. Цэвэр байгалийн бүхнээ хэт гээж байна. Хүн өөрөө байгалийн амьтан. Тийм ч учраас халгайнаас авахуулаад боломжтой бүхэн дээр байгалийн гаралтай зүйлсийг хэрэглэдэг. Эко бьюти гэдэг нэр маань ч зүгээр нэг санамсаргүй сонгосон нэр биш, асар өргөн утга агуулгатай үг.
-Манай хотод маш олон салон үйл ажиллагаа явуулж байна л даа. Танай салоны давуу тал, ялгарах онцлог юу вэ? Би танд манай сайтаар дамжуулаад салонаа магтах боломж олгоё?
-Баярлалаа. Манай онцлог их ээ. Завгүй хүмүүст тав тух эдлүүлэх гэж шөнийн 00 цаг хүртэл үүд хаалга маань нээлттэй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг бүтээгдэхүүнүүдийн зэрэгцээ үнэ цэнэ нь мянга мянган жил түүхтэй уламжлалт халгайн ханд бусад уламжлал аргаар үс, үсний гоо сайхны эмчлгээ арчилгааг үзүүлдэг. Үс бол амьд эрхтэн гэдгийг хэн бүхэн мэднэ. Хүний эрүүл мэндийн болоод сэтгэл санааны байдал үсэнд шууд нөлөөлдөг. Дээрээс нь гадны нөлөөг хамгийн түрүүн өөр дээрээ хүлээж авдаг эрхтэн. Тэгэхээр үсийг сайхан байлгая гэвэл сэтгэл санаа өөдрөг байж эрүүл мэндээ тэтгэх хэрэгтэй. Тийм учраас бид үсний асаргаатай хамт биеийн (хөлийн) массаж, мөн халгай нимбэгхослуулсан ханд уулгадаг. Энэ мэт яриад байвал онцлог, давуу тал их бий. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс илүү сайн мэднэ дээ.
-Ингэхэд та халга й ямар ач тустай талаар эрдэм шинжилгээний ажил хийсэн гэсэн. Халгайтай анх хэрхэн яаж танилцаж байв?
-Бяцхан охин байхдаа анх халгайтай танилцаж байлаа. Эмээ маань хуушуур хийж өгдөг байлаа. Дараа нь буцалгаад үсийг маань угааж өгдөг байсан. Хожим нь би үсчин болчихоод үйлчлүүлэгчдийнхээ үс уналтыг ажиглаад халгайны ид шидийг туршиж үзмээр санагдсан. Нэлээн олон жилийн судалгааны үр дүн. Анх халгайгаар зөвхөн үсийг нь угаадаг байлаа. Ургаж байгаа нь, биетэй болж байгаа нь ажиглагдсан. Эндээс би сэтгэл шулуудаж, иж бүрэн эмчилгээний багц болгон үйлчилгээндээ оруулж өгсөн. Халгай бол үсэнд үнэхээр гайхалтай үр дүнтэй ургамал. Манайх курс эмчилгээ хийдэг. Олон хүнийг үс унах аюулаас аварсан. Нарийн тооцоо гаргаж үзэхэд халгайны курс эмчилгээнд маань 200-гаад хүн хамрагдсан байна. Бүгд өндөр сэтгэгдэлтэй гарцгаадаг. Энэ бол бодит үр дүн. Улам олон хүн энэ эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаасай гэж хүсдэг.
-Халгайгаа хаанаас авч байна?
-Халгайгаа эх дэлхийгээсээ гуйж авдаг. Надад нэг товлосон газар бий. Тэр газраа жил бүр мөргөл үйлдэж, ёсыг сахиж өргөлөө бариад үйлчлүүлэгчдийнхээ үсний гоо сайхны төлөө халгайгаа авчирдаг. Тиймээс ч халгайд минь сэтгэл, хөдөлмөр, итгэл бүхэн шингэсэн байдаг юм.
-Тиймдээ л халгай охин гэдэг нэр авсан байх нь?
-Их оносон нэр шүү. Халгай охин гэдэг нэрэндээ их хайртай.
-Хоёулаа таны мэргэжил болоод салон, үс арчилгааны талаар нэлээн ярилцлаа. Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Ярилцлагын маань зорилго, сэдэв нь амжилт. Таныг Монгол Коко Шанель гэх, адармаатай амьдрал, амжилтын түүхийг туулсан гэдэг юм билээ. Амжилтын тань нууц юу байсан бол?
-Амжилт гэдэг үг өөрөө харьцангуй ойлголт юм болов уу гэж би боддог. Том салбарт том амжилт гаргасан хүмүүсийн дэргэд миний хүрсэн амжилт жижигхэн байж болох юм. Гэхдээ их сургуулийн төлбөргүй, хөдөөнөөс хотод орж ирээд их амьдралд хөл тавьж, тэнцэж ядан явсан бяцхан охины хувьд өнөөдөр өөрийн гэсэн гоо сайхны салонтой, 2 дахь салбараа нээгээд явж байгаа нь миний хувьд асар том амжилт. Энэ амжилтанд намайг хөтөлж ирсэн зүйл бол миний хэзээ ч мятаршгүй хүсэл зориг, зогсолтгүй тэмүүлэх сэтгэл, мөрөөдөл минь байсан. Коко Шанель нэрний тухайд надад билэгшээлтэй сонсогдож байна. Хүнд хэцүү амьдрал дундаас босож амжилтанд хүрсэн түүх намтарыг нь уншиж байснаа санаж байна. Би хэрвээ андуураагүй бол 29-тэйдээ өөрийн нэрийн "Сhanпеl 5"үнэртнээ гаргаж байсан байдаг. Би тэгвэл бас 29-тэйдээ халгай брэндээ гаргаж, олон нийтэд танилцуулсан. Магадгүй халгай маань хэзээ нэгэн цагт олон улсад алдартай брэнд болох ч юм билүү гэж билэгшээж сууна.
Бурхан надад хатуу үедээ хатуурхаж байсан. Би ядарч үзсэн. Тэхийн зогсоол дээр аарц зараад зогсож явсан үе бий. Гэхдээ хүнд итгэл, мөрөөдөл, зорилго байхад хэзээ нэгэн цагт гэрэл цацардаг гэдгийг би амьдралаараа ойлгосон. Тэр гэрэл одоо өшөө илүү цацарч байна. Түүний өөдөөс эрч хүч аваад улам тэмүүлж, зүтгэж яваа эгэл нэг бүсгүй. Надтай адилхан зуу, зуун охидод би хэзээ ч битгий бууж өг, хэзээ ч бүү шантар, чамд хэрэв хүсэл, мөрөөдөл, зорилго л байвал түүнийхээ төлөө алхам алхмаар урагшил, өөртөө, зорилгодоо, хийж буй ажилдаа үнэнч бай гэж хэлмээр санагддаг. Цэвэрлэгч, үйлчлэгч байсан ч ажлыг гололгүй чин сэтгэлээсээ, үнэн зүрхнээсээ хүн хийдэг байх их чухал чанар шүү.
-Үсчний гараагаа хаанаас эхэлж байсан бэ?
-Автобусны ч мөнгөгүй ажил хайгаад хотыг бүтэн өдөр тойрч явсан өдрүүдээ би мартдаггүй юм. Тэгээд нэг байгууллагын гадаа ирээд "Би энд заавал үйлчлэгчээр орно" гэж өөртөө амалж байлаа. Захирал нь орой ирж уулз гэхэд шатаар бууж явахдаа бас л тэр үгээ үгэлсээр явсан. Би амьдралдаа "Нууц"-ыг хэрэгжүүлдэг. Хүнд хүсэл мөрөөдөл хэрвээ байвал түүнийгээ бодит болсон мэт төсөөлж чадвал биелдэг. Үйлчлэгчээр орсныхоо дараа заавал үсчин болно" гэж зорилго тавьсан. Үсчин болсон. Би эндээс заавал зуун үйлчлүүлэгчтэй болоод гарна даа гэсэн, тэр хүсэл биелсэн. Харамсалтай нь тэдгээр зуун үйлчлүүлэгчийн маань гуч нь над дээр ирсэн. Ингээд үсчний суудал түрээсэлж 2 жил гаран явсан даа. Одоо өөрийн гэсэн салонтой болчихоод явж байна. Сайхан байна. Тэр хэрээр хариуцлага үүрч байна. Хийх зүйл маш их байна.
-Хүн болгонд их, бага хэмжээгээр хүч байдаг. Тэр хүчээр хүн амжилтанд хүрдэг. Таныхаар эмэгтэй хүний хүч юундаа оршдог юм бол? Хүчтэй байна гэдэг нь ямар байхын нэр юм бол?
-Хатуужилтай, тэсвэртэй, зоригтой байх ёстой. Ер нь монгол бүсгүйчүүд бусдаас илүү хүчтэй эмэгтэйчүүд гэж боддог. Хатан ухаантай, эр зоригтой эмэгтэйчүүд олширч байна. Өрсөлдөх салбаруудад ил, далд ямар нэг хэлбэрээр эмэгтэй удирдагчид заавал байдаг. Би ч гэсэн эх орондоо хэрэгтэй юм хийж байгаа юм болов уу гэж өөрийгөө тодорхойлдог. Миний дор 20 ажилтан байна. Ихэнхи нь охид. Эд маань ирээдүйн удирдагчид гэж би хардаг. Тэдгээр удирдагчдыг би бэлтгэж байна.
Эмэгтэй хүн хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн натуртай учраас хүч нь тэнд оршдог юм болов уу.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Би хөдөөний эгэл жирийн амьдралтай айлын том охин. Аав, ээж маань малчин гаралтай. Мал маллаж өссөн. Эргээд харахад нэг их биш ч гэлээ хэрэндээ амьдралын хатуу хөтүүг туулчихсан юм билээ. Арвин намтартай, адармаатай амьдрал туулсан маань эргээд надад хүч болж хуримтлагдсан. Амжилтын маань хөшүүрэг болсон.
-Аав, ээж нь одоо охиноороо бахархаж байгаа биз?
-Хараахан магтаалын үг сонсож амжаагүй л явна. Чи болоогүй, чамд илүү өргөн, урт зам байгаа шүү гэж хэлдэг. Түүний төлөө хичээж, зүтгэж байна.
-Та хэрвээ үсчин болоогүй бол юу болох байсан бол?
Миний багын мөрөөдөл жүжигчин болох. Хүчтэй жүжигчин болох байсан байх. 2000 онд СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцсэн боловч суралцаж чадаагүй. Хэрвээ тэр үед төлбөрөө төлөөд суралцсан бол олонд танигдсан жүжигчин болчих байсан биз. Гэхдээ одоо ч мөрөөдлөө орхиогүй явна.
-Сониноос уран бүтээлчийн нэр гэдэг шиг та үсчний нэртэй юм байна лээ. Таны жинхэнэ нэр Оюунжаргал гэсэн байх аа. Яагаад Даагий гэдэг нэртэй болчихсон юм бэ?
-Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг ард түмэн гэдэг шиг миний Даагий нэр бас хөөрхөн түүхтэй. Эцэг эхээс өгсөн нэр маань Оюунжаргал. Гэтэл үйлчлүүлэгчид маань бүгд Даагий гэдэг энэ нэрээр танина. Би их хурдан шалмаг хөдөлгөөнтэй охин байсан юм. Манай үсчид дав дувхийсэн хөдөлгөөнтэй, далдагнасан гэдгээр нь бусдаас ялгана. Тэгж явсаар л Даагий нэртэй болсон доо. Энэ нэрийг аваад миний амьдралд бодит өөрчлөлт орсон. Бараг орвонгоороо өөрчлөгдсөн гэж болно. Тийм учраас ард түмнээс өгсөн дуурсах алдар минь болов уу гэж бодоод хэвээр нь үлдээсэн. Энэ нэрэндээ ч хайртай.
-Баярлалаа. Танд амжилт хүсье. Олон хүн "Эко бьюти" салоны үйлчлүүлэгч болно гэдэгт итгэж байна. Хоёулаа хаягаа зааж өгөх хэрэгтэй байх?
-Тэгэлгүй яахав. Манай 1-р салбар Богдын музейн урд "Оргил" худалдааны төвийн ард, 2-р салбар УИД-ын чанх ард байрлаж байна. Манайхыг зорьж ирсэн хүн болгонд чин сэтгэлээсээ цэвэр байгалийн бүтээгдэхүүнээр "зэвсэглэсэн" хамт олон үйлчилж байгаа шүү гэж хэлмээр байна. Та зөвхөн үсээ гоёод зогсохгүй алжаал, ядаргаагаа хоромхон хугацаанд тайлаад гарах болно гэж итгэлтэй хэлье дээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (19)