
“Зууны манлай” поп хатагтай Б.Сарантуяаг Оросын домогт дуучин Алла Пугачеватай жишэж зүйрлэх нь бий. Тийм ч учраас түүнийг “Монгол Пугачева” хэмээн нэрийддэг. Яагаад домогт дуучинтай жишиж зүйрлэдэг вэ гэхээр түүний амьдрал, уран бүтээл дэндүү адилхан болохоор тэр болов уу. Анх урлагт хөл тавихдаа л адармаатай амьдрал болоод уран бүтээлээрээ үргэлж олны анхаарлыг татаж, хайр хүндэтгэлийг нь ч зэрэг хүртсэн тэрээр жинхэнэ од шиг амьдарч чадсан цорын ганц дуучин гэвэл дэгсдүүлсэн болохгүй байх.
Анхны амьдралаа Монголын зууны манлай сайхан бүсгүй Л.Цогзолмаагийн амин хайртай ганц хүү Н.Ганхуягтай эхлүүлж амьдрал хэмээх их далайд хөл тавив. Уран бүтээлээр холбогдсон хосууд хүүхэдтэй болж амжихаасаа өмнө таарч тохиролгүй хоёр тийш болсон. Үүний дараа анхны хүүхдийнхээ эцэг нэрт эрдэмтэн С.Лувсанвандан агсаны хүү, Монголын толгой баячуудын нэг “Голомт”-ын Л.Болдхуяг ноёнтонтой хамтын амьдрал эхлүүлж тухайн үедээ халуухан сенсаацины эзэд болж байсан билээ.

Харамсалтай нь хүүгийнхээ эцэгтэй мөн л удаан амьдарсангүй, хоёр тийш болсон. Поп хатагтайн адармаатай, дуулиант амьдрал үүгээр ч дууссангүй, амьдралынхаа гурав дахь хуудсыг нээж дөч дөхсөн хойноо хэнз охины зулай үнэрлэж, халуун сенсааци дахин тарьж байсан. Харин түүний эрх гүнжийнх нь эцэг, цорын ганц галзуу дурлалынх нь эзэн олны танил нэгэн байсангүй. “Би эрчүүдийг онилж онилж байгаад ганц л бууддаг” гэж хошигнож байсан Сараагийн овоо хараанд энэ удаад хөдөөний бизнесмэн энгийн нэгэн энэ эр өртсөн нь тэр байлаа. Тэд Ө.Энхтүвшингийн сонгуулийн сурталчилгаагаар Хөвсгөл аймагт танилцаж дотноссон гэгддэг. Гэргий хоёр хүүхэдтэй, ардаа амьдралтайг нь мэдсээр байж, П.Отгон-Очирт чин сэтгэлээсээ дурлаж сэтгэлийн жолоо алдсан Б.Сарантуяа олны хэл ам, доромжлол, атаа жөтөөнөөс үл айн хайр дурлалдаа үнэнч байж охин үрээ төрүүлэв. Хүүхэдтэй болсон ч хамт амьдаагүй дурлагсад өдгөө бие биентэйгээ гүн хүндэтгэлтэй харьцаж, П.Отгон-Очир үргэлж туслаж дэмждэг хэмээн ойр дотныхон нь ихэд ам сайтай байдаг юм билээ.
Үргэлжид анхдагч байж, фото зургаараа бусдаас нэг алхамын өмнө явж чаддаг “Гранд” сэтгүүл анхлан энэ зургийг нийтэд дэлгэж байлаа. Охинтойгоо дэндүү адилхан энэ эрхэм өдгөө Хөвсгөл аймагтаа нам гүмхэн амьдарч байгаа.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (9)