Бага балчир насаа дэлгэцэнд мөнхөлсөн олны танил эрхэмүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая. Цаг хугацаа улирсан ч одоо хэр тэр л дүрээрээ мөнхөрч, тэр дүрээрээ алдар нэрээ дуудуулж яваа олны танил эрхэмүүдийг танилцуулж байна.
“Би чамд хайртай” Баяраа

“Би чамд хайртай” киноны Баяраагийн дүрийг бүтээсэн жүжигчин Н.Бадрал өдгөө Өвөрмонголд багшилж байгаа билээ. Энэхүү дүрийг бүтээсэнээрээ гудамжны хүүхдүүдэд шоглуулж, ад үзэгдэж байсан Баяраа энэ кинонд тоголсоноороо үргэлж бахархаж явдагаа нэгэнтээ ярьсан байдаг. Харин “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангид тоглохдоо сайхан аавын дүр бүтээж, нэгдүгээр ангид хамт тоглосон Дэлгэрийгээ үргэлж үгүйлэн сандагаа ч нуугаагүй билээ.
“Мартагдашгүй намар” Отгон

“Мартагдашгүй намар” киноны Отгоны дүрийг чадварлаг бүтээсэн МУГЖ Б.Батзаяа энэ кинонд тоглохоосоо өмнө аль хэдийнэ үзэгчдийн танил болчихсон байжээ. “Хөдөөгийн баясгалан” киногоороо үзэгчдийн хайр талархалыг хүлээж энэхүү киногоор урлагт орох зам мар нь нээгдэж, насаараа урлагт хүчин зүтгэж яваа Б.Батзаяа гавьяат бүтээсэн дүр бүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрч чаддаг чадварлаг жүжигчин гэвэл дэгсдсэн болохгүй байх.
“Гарын таван хуруу” Гэрэлээ
МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмааг “Гарын таван хуруу” киноны Гэрэлээ гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй болов уу. Түүний ээж МУГЖ Ш.Дэлгэржаргал гэж сайхан уран бүтээлч бий. Ээжийнхээ ятгалгаар хүүхэд насаа дэлгэцэнд мөнхөлсөн Б.Гантигмаагийн дуу хоолой тус киноны найруулагчын анхааралыг ихэд татсан гэдэг. Урлагаар яваагүй хэдий ч урлагт ойр телевизэд нэвтрүүлэгч хийж байгаа тэрээр дахин дэлгэцэнд дүрээ мөнхлөөд авсан гэсэн шүү.
“Цогт тайж” Дулмаа

"Зууны манлай" сайхан бүсгүй Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай залуу насаа энэ кинонд мөнхөлсөн. Анхлан “Цогт тайж” киноны Дулмаагийн дүрд жүжигчин Рэнцэнноров тоглох байсан ч хагалгаанд орж Л.Цогзолмаа гуай оронд нь тоглохоор болсон гэнэ лээ.
“Мандухай цэцэн хатан” Алтжин

“Мандухай цэцэн хатан” киноны хараа булаам сайхан бүсгүй Алтжинг жүжигчин Н.Отгонтогос гэдгийг манай үзэгчид хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ кинонд тоглож урлагт орох үүд хаалга нь нээгдсэн гэх жүжигчин Н.Отгонтогос насаараа дэлгэцийн урлагт хүчин зүтгэж яваа нэгэн. Анхны дүрээсээ нэлээд өөрчлөгдсөн Н.Отгонтогос тухайн үед эрчүүдийн мөрөөдөлийн бүсгүй байсан гэж болно.
“Шинэ үсгийн багш” Тулгаа

Хэвлүүхэн яриатай хэрсүү хүүгийн дүрийг чадварлаг бүтээж аав ээж, нутгийнхаа хүмүүст хичээл заах “Шинэ үсгийн багш” киноны Тулгаа нэг хэсэгтээ урлагаас хөндийрсөн ч саяханаас урлагтаа эргэж орсон.Тэрээр мөн л урлагт ойр өссөн нэгэн бөгөөд жүжигчин Б.Гарьдын аавыг “Гарьд магнай” киноны Бунтар агсан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Аавынхаа мэргэжлийн өвлөсөн Б.Гарьд анхлан бүтээсэн дүрээ чадварлаг бүтээж үзэгчдийн сэтгэлд энэ л дүрээрэ мөнхөрсөн билээ.
Эх сурвалж: Grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна