
“Скандал” буландаа энэ удаа МУГЖ И.Одончимэгийг онцоллоо. Манай сайтын уншигчдын шимтэн уншдаг булангуудын нэг бол яахын аргагүй “Скандал” булан билээ. Дунд үеийн эмэгтэй жүжигчидийн хамгийн том төлөөлөл, цаг хугацаа өнгөрөх бүр улам л үнэ цэнэ нь өсөх болсон МУГЖ И.Одончимэгийг тойрсон дуулиан шуугианаас түүвэрдэн уншигчиддаа хүргэе. Таалан уншина уу.
Хацраа хонхойтол ээждээ эрхэлсэн бага нас
Жолооч мэргэжилтэй аав, багш мэргэжилтэй ээжийн охин болон мэндэлсэн алаг нүдэн Одноо 1967 онд төржээ. Дөрвөн хүүхэдтэй айлын бага охин болон мэндэлсэн тэрээр багаасаа эрх охин байсан гэдэг. Тиймдээ ч одоог хүртэл ээжтэйгээ хамт амьдран, хацраа хонхойтол ээждээ эрхэлдэг гэдэг. 1989 онд УБИС ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд Хүүхэлдэйн театрт ажиллаж эхэлжээ. Хүүхэлдэйн театрт жил гаруйхан ажиллаад дараа нь УДЭТт ажилд оржээ. Театрын сор болсон бүтээл болох “Ромео Жулетта”д тоглон 1990 ээд оны залуучуудын зүрхэнд шар ус хуруулж явсан Одноо хайртай аавыгаа хагалгаанд орж байхад тайзан дээр уйлаад л тоглож байсан гэхээр урлаг гэдэг асар их золиос шаарддаг гэдэг нь үнэн биз ээ. Театрт 10 жил ажиллаад дараа нь “Х Түц” продакшиндаа өнөөдрийг хүртэл ажиллаж, хошин урлагийн акулуудын нэг болсон. Жүжиглэхийн сацуу хэд хэдэн кино найруулж чадварлаг найруулагч болохоо харуулаад байгаа.
Нөхрөөсөө 14 насаар эгч
Драмын театраас дөрвөн сартай жирэмсэн байхдаа хөөгдөж байсан тухайгаа “Намайг дөрвөн сартай жирэмсэн байхад театрын удирдлагууд Фестивальд явах гэж байхад жирэмсэлээ. Хүүхдээ авахуул гэхээр нь би “Урлаг миний толгойг түшихгүй. Миний хүүхэд түшинэ гэж хэлээд театраас халагдаж байлаа” гэж дурссан байдаг. Одноо том охин З.Номундарийнхаа аав Зоригтоос салаад арав гаруй жил ганц бие явсаны эцэст өөрөөсөө 14 насаар дүү Т.Бархүү хэмээх залуутай хамтран амьдарч Сүндари нэртэй хөөрхөн охинтой болсон.

Охиныхоо зургыг нэгэн сайтад гурван сая төгрөгөөр заран Холливудын оддыг дуурайгаад амжсан. Бага охин нь өдгөө 3 настай. Сонирхолтой ч гэмээр нэгэн зүйл болсон нь том охин З.Номундарь нь ээжтэйгээ зэрэг төрж, ээжийгээ эмээ болгочихсон. Харин гуч дөнгөж гарж яваа Т.Бархүү Монгол дахь хамгийн залуухан өвөөгөөр тодроод байгаа. Харин хамт амьдраад бяцхан охины аав ээж болсон Т.Бархүү И.Одончимэг нар урлагийн тогооноос төрсөн сайхан гэр бүлийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг бөгөөд өөрсдийг нь тойрсон хэл амыг үл тоон найман жилийн амьдралыг ардаа үджээ.

Эмзэг бүлгийнхэнд гар сунгаж эхэллээ
Хууль ярьж худлаа амласан УИХын гишүүдээс илүү хэн нэгний тус хэрэгтэй байгаа нийгмээс гадуурхагдсан хүмүүст туслахдаа И.Одончимэг гар татсангүй. "Зүрх бүхний төлөө" хөтөлбөрт оролцон ялалт байгуулж, хожсон мөнгөөрөө Улаанчулуутын хогийн цэг дээр амьдардаг хүүхдүүдэд сургууль бариуллаа. Одноогоос өмнө хэн ч нийгмийн эмзэг бүлгийнхэний хүүхдүүдийг ингэж “том” харж үзэж байсангүй. Буянтай үйлс хийсэндээ урамшсан Одноо дараагийнхаа хүмүүнлэгийн ажилд аль хэдийнэ ханцуй шамлан ороод байгаа.

Магтаалд дургүй Одноо
Магтаалаас цаг үргэлж цэрвэдэг Одноо хэн нэгнийг худлаа хөөрөгдөж, магтах дургүй гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Хэнээс ч айлгүй хэлье гэснээ хэлдэг тэрээр 10 жилд байхдаа багш нартайгаа таарамжгүйгээс сургуулиасаа гарах тухай хүртэл бодож явжээ. Хүнд хэзээ ч үнэнийг хэлж болдоггүй гэдгийг бат ойлгосон ч дутагдалын хажуугаар амаа хамхиад гарж чаддаггүй нь хаа нэг өөрийг нь эвгүй байдалд оруулах нь бий. Үүнээс харвал бие биенийхээ халаасанд орсон УИХын танхимд аваачаад суулгачихвал харин ч нэг “но”той явдалыг нь ба бэгүй ярих байх даа.
Усан нүдэн гүнж
Хөтлөгч нь уйлаад байвал Одноогийн ток шоу, оролцогч нь уйлаад байвал Монгол тулгатны 100 эрхэм, хоёулаа уйлахгүй байвал Нандиагийн ток шоу гэсэн хошин яриа зүгээр ч нэг гараагүй биз. Нээрээ л анзаараад байхад алаг нүдэн Одноо сав л хийвэл уйлчихдаг сонин имиджтэй хүн шүү. Сэтгэл хөдлөл ихтэй Одноо бага байхдаа цэцэг хараад ямар гоё цэцэг вэ гээд уйлна, бороо орлоо гэж уйлна, гоё байгаль хараад бүр ч их уйлдаг хүүхэд байсан гэдэг. Том болоод ч тэр уяхан зан нь хэвээрээ байн байн дэрээ нэвтэртэл уйлдаг гэнэ лээ. Ямарсайндаа л усан нүдэн гүнж гэдэг хочтой байхав дээ.

Алтан портнёрууд
Тайз дэлгэцэн дээр гар нийлдэг портнёрууд гэж байх. Одноо гавъяатын хувьд тайзан дээр Аглуутай гар нийлж олон ч сайхан дүр бүтээсэн бол Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатартай дэлгэцийн маш олон дүрд эхнэр нөхрийн дүр бүтээсэн байдаг. Бие биенийгээ харцаар нь уншдаг болтолоо мэдэрч тоглодог Ц.Төмөрбаатар И.Одончимэг хоёрыг найруулагчид хүртэл нэг уран бүтээлд тоглуулахдаа дуртай байдаг гэнэ лээ.
Эх сурвалж: Grandnews.mn
Сэтгэгдэл (6)