
Шинэ Монголын тэргүүн баячууд болоод улс төрчид хөрөнгө мөнгөний их үзүүрээс атгамагцаа ёс юм шиг гэргийгээ сольдог моод дэлгэрээд буй. Гэхдээ бүгд биш л дээ. Сангийн дэд сайд Ч.Ганхуягийн хэлсэнчлэн цаг хугацаа явах тусам эмэгтэйчүүдийг харах өнцөг өөрчлөгддөг гэх афоризмаар үүнийг зөвтгөж болох ч нөгөө талаар замын дунд ханилж явсан ханиа оймс лугаа солино гэдэг хүний мөстэй хүнээс гарах араншин лав биш. Амьдрал эрээн бараан хойно нэгэн цагт хайртай дуртай гэж ханилж суучихаад таарч тохирохгүй бол нэг л амьдрах хорвоод аз жаргалаа хайсан нь дээр ч юм шиг. Ер нь тэгээд бусдын амьдралыг бид шүүх эрхгүй тул олныг үл нуршин зарим нэр алдартай эрхмүүдийн анхны эхнэрүүдтэй танилцъя. Цувралаар хүргэх энэхүү булангийн анхных нь сумоч Д.Батбаярын анхны эхнэр Д.Буянбилэг байлаа.
Д.Батбаяр & П.Буянбилэг
Элэг нэгт сумочиддоо зам засаж, араасаа дагуулсан Кёкүшюзан Д.Батбаяр дүү охиныхоо найз бүсгүйг эргүүлдсээр байж авч суусан нь анхны гэргий П.Буянбилэг нь. Нүдээрээ инээсэн, тун ч буянлаг төрхийн энэ бүсгүй дипломатч Пүрэвсүрэн хэмээх эрхмийн эрх танхи бага охин. Бага наснаасаа харийн хэл, соёлоос суралцаж, харьцангуй оюунлаг, элит гэр бүлд төрж өссөн нь П.Буянбилэг хатагтайн гадаад төрх, үг, үйлдэл бүрээс харагддаг. Тухайн үед гадаадад суралцаж байсан П.Буянбилэг хатагтай ёстой залуу халуун насны хайр болоод бүх зүйлээ эрхэм сумоч гишүүнд өгч, хүү, охин 2 төрүүлж өгсөн. Анхны хүүгээ төрсний дараа тэд Монгол, Япон дамнасан хөлгүй их хурим найр хийж, хэзээ ч салахгүй мэт тэдний аз жаргалтай фото зураг бүхий мэдээллүүд хэвлэлүүдийн нүүр хуудсыг чимж байлаа. Эр эм байтугай эрүү, нүүр салдаг гэгчээр Д.Батбаяр сумочийг зодог тайлах үетэй зэрэгцэн тэдний харилцаанд ан цав сууж эхэлсэн байдаг. Боловсрол мэдлэг, угсаа гарал, амьдралд хандах хандлага, оюуны зэрэг зиндаагаараа хосууд бие биенээсээ хол ялгаатай нөгөө талаар Д.Батбаяр гишүүний утсан дээрээс эвгүй видео бичлэг олдсон нь тэртэй тэргүй холдож, хөрсөн тэдний харилцааг таслах эцсийн зогсоол нь байсан гэдэг. Эрхэм сумоч Их хуралд сонгогдсоныхоо дараа эхнэрээсээ өрх тусгаарласанаа албан ёсоор зарлаж, дуучин Т.Баясгалантай амьдрах болсон.

Эртнээс нууцхан харилцаатай байсан сумоч, дуучин хоёрын хайрын романс хоёр хүүтэй болж, бизнесээ өргөжүүлсэнээр үргэлжилсээр байгаа. Хамгийн хачирхалтай нь хөрөнгө мөнгө, бэл нүнжгээр хэр баргийн хүнээс дутахааргүй Батбаяр анхны гэргий, хүүхдүүддээ гар татаж, нарийлсан нь шүүгчдийн хүртэл эгдүүг хүргэсэн гэх юм билээ.

Харин хатагтай П.Буянбилэг ганц биеэрээ хүүхдүүдээ өсгөн нам гүмхэн амьдарч байна.
Эх сурвалж: "Гранд сэтгүүл"
Сэтгэгдэл (38)