“Од” гэж хэн юм бэ? Хэнийг “од” гэж нэрлэх, тодотгох нь зохистой юм бол...? Тэгвэл энэ үгний цаадах үнэ цэнэ, хариуцлага сэлтийг мэдэхгүй байж “эзэн” нь болохыг хүсэгчид мөн ч их байна. Бидний нэрлээд байгаа энэ цахим ертөнц гэгч орон зайд жирийн нэгэн иргэн хэлэх эрхийн индэртэй болж бүүр цаашлаад хэн нэгний дуу хоолой дэлхий даяар цуурайтаж байгаа нь сайхан хэрэг ч, зэрэгцээд асуудлууд байна.

Өөрийн үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөө хувьд үнэнийг хэлэх, мэдлэгээ хуваалцах, сонгосон төрөө хянах эрх хэн бүхний өмнө нээлттэй. Нийгэмдээ өөрийнхөө хувь нэмрийг оруулах, үзэл бодлынхоо чөлөөт индэр байлгах энэ эрх, эрх чөлөө нь цаанаа ямар ажил мэргэжилтэй, юу эрхэлдэг, хэдэн настай, хэдэн кг жинтэй, ямар угсаа гаралтай гэдгээс үл хамаарсан илүү өргөн цар хүрээтэй, утга агуулгатай зүйл гэдэг нь үнэн л дээ.
Яагаад “Оюуны хоосрол”-той Фэйсбүүкчид гэж...
“Мэдээлэл солилцох” гэсэн чухал өгөгдөл байдаг байхад орчин үеийн залуус “Like” авах гэсэн ганцхан санаа өвөртлөн суудаг болсон.

Нэгэн банди “500 like дарвал би левчиг өмссөн зургаа тавилаа”...ч гэнэ үү. 500 лайк түүнд хэр үнэ цэнэтэй, ямар хэрэгтэй болоод хувцасаа тайчиж, левчиг өмсөж, охин царайлах шаардлагатай гэж? Эсвэл нүцгэлэхийг хүссэндээ лайкаар халхавч хийж далимдуулаа юу...?
За ямартай ч цаад бөндгөрт нь боловсорсон санааг нь тааж барахгүй юм. Чухам 500 лайк гуйланчлагч өөрөө мэдэж буй за. Үүнийг л жинхэнэ “оюуны хоосрол” гэх вий. Олон зуун лайктай, олон дагалдагчтай болчихвол "од" болчихно гэж андуурсных уу?
Цаашлаад өөрийн нүүр царай, бие хаа, нүцгэн галбираасаа эхлээд амьдралд нь өрнөж, тохиолдож буй хором бүрийг олон нийтэд тайлагнан дэлгэсэн байдалтай зурган тайлбартайгаар байршуулах нь бий.

За энэ ч яахав маньд нь хамаагүй байдаг юм байж. Ардчилсан гэх тодотголтой өнөөгийн нийгэмд ингэх нь мэдээж хувь хүний өөрийн эрх. Харин Үүзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх мэдлээ ашиглаж байна гээд дэндүүлчихдэг нь байх юм. Хэнд ч харуулж уншуулдаггүй өдрийн тэмдэглэл гэгч өврийн нууц дэвтэр дээр бичигдэх ёстой нандин зүйлүүд Facebook-ээр нэг урсаастай. Өөрийгөө сурталчилах гэсэн аминчхан бодлоос “оюуны хоосрол” үүсэхийн шалтгаан гэлтэй. Өөрийгөө сурталчилаад "од" болох гэснийх үү?
Охид яах гэж, юуны төлөө нүцгэн зургаа олонд ил гаргадаг байхав. Нүцгэн биш юмаа гэхэд энгэр задгай зураг охид болгоны шахуу Фэйсбүүк дээр байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ нь бас л “оюуны хоосрол” гэгдэх. Тархины мэдлэг нимгэчүүл нь сайхан биеэ гайхуулж "од" болох гэснийх үү?

Надаас юу хүсэж байна? гэж асуухад хүн болгон л өөр өөр зүйлийн талаар бодно. Тэгвэл ийм асуултан доорх хариултуудыг статусдаа цөөнгүй байршуулдаг. Үүнд: -Үнсэлцмээр байна, Үерхмээр байна, Кино үзмээр байна, Цуг хономоор байна, Өдөржин хамт баймаар байна, Архидмаар байна гэх мэтчилэн...Хийх юмаа олж ядагсдын хийдэг зүйл гэж зарим нь хардаг аж. Цаг нөгцөөгсөд үүнд хариулт өгч суудаг гэжээ.

Хол ойрын хязгаараас мэдээлэл дамжуулах харилцах талбар нэгэнтээ садар самууныг сурталчлах, биеэ үнэлэх, гэмт хэргийн золиос болох, бусдын нэр хүндэд халдах, хэн нэгнийг гутаан доромжлох талбар болон хувирсан жишээ олон бий. Харилцаа холбоо, эв түнжин нь муудсан, бие биенийгээ үзэн ядсан сэтгэлээ олны нүдэн дээр нэгнийгээ гутаан доромжлох, нэр хүндэд халдах байдлаар илэрхийлж байна. Амьд харилцаагүй орчин хүнийг "оюуны хоосрол" руу чирж байгаа гэлтэй.
Цахим орон зайг зөв зүйтэй, ухаалаг ашиглаж байгаа олон мянган хүн бий. Харин болж бүтэхгүй зүйл сэдэж, цаг нөгцөөгсөд ч бас бий. Цаг нөгцөөгсөд хэмээх тодотголд чухам хэн багтдаг байх вэ? Ингэхэд цаг нөгцөөгсөд Фейсбүүкийг их ашиглаж байна уу?, "Од" болохын дон туссан нөхдийг Фейсбүүк оюуны хоосролтой болгоод байна уу? гэдгийг бодох л хэрэгтэй болж...
П.Зулаа
Сэтгэгдэл байхгүй байна