Мэргэжлийн сумогийн 2015 оны эхний башё болох Хацу башё эхэллээ. Эхний өдөр Хакухо М.Даваажаргалын өрсөлдөгч нь Точиозан байлаа. Энэ хоёр бөх Хацу башёгийн өмнөх бэлтгэл дээр олон удаа барилдсан юм. Энэ удаад Хакухо руу өрсөлдөгч түрж эвгүй дайрсан ч гэсэн сийрэгхэн сэтгэж, зайг нь харж татсанаар даваагаа авсан юм.

За мөн энэ өдөр Монголын гурван ёкозүна цолтноос эхлээд Харумафүжи Д.Бямбадорж барилдав. Р.Давааням зааны бага хүүгийн 2015 оны эхний өрсөлдөгч нь гүрж бөх Точиношин байлаа. Точиношинийг Харумафүжи хурд, мэхээр ааглан ялсан.
Эндо-Ичиножёо нар учраа тааран барилдлаа. Хацу башёгийн өмнөх бэлтгэл дээр хэд хэдэн удаа тааран барилдаж, аваа өгөөтэй байсан хоёр залуу бөх мэргэжлийн сумогийн албан ёсны башёд анх удаа тааран барилдсан энэ барилдаанд Эндо тачаи илүү хийж, улмаар барьц авч түрснээр ялалт байгууллаа.
Гэргий болох бүсгүйгээ хэдхэн хоногийн өмнө танилцуулсан ёкозүна Какурюү М.Ананд Такаясүтай таарлаа. Тэрбээр хариугүй шилдэж татуулан унах дөхсөн ч сайхан тогтож, өрсөлдөгчөө давсан юм.
Б.Сар
Сэтгэгдэл (5)