Монгол залуустай ”Дакар Ралли”

Энэ сарын 17-нд шилгүүдээ тодруулах “Дакар Ралли”  Өмнөд Америкт болж буй. Манай улсаас Д.Болдбаатар, Ч.Анар, М.Лхамаа нар эр зориг, хүч, хурд, самбаагаа сорин оролцож байна. Суудлын, ачааны машин, мотоцикль гэсэн гурван ангилалд   зохиогдож буй тэмцээн Аргентин, Боливи, Чилийн нутаг дэвсгэрийг дамжин 9200 км замд болж байгаа. Ингээд тэмцээний мэдээллээс тоймлон хүргэе.

Чилийн Копиабо - Антопагаста хүртэл Дакар раллийгийн 5 дахь өдрийн 697 км замыг тамирчид маань тууллаа. Энэ өдрийн зам бужигнасан сул шороо ихтэй зам байсан учир тамирчдад урдах зам харагдцыг муу болгож уралдааныг хүндрүүлж байв.

Монгол тамирчдын хувьд 5 дахь өдөр тун амжилттай болж өндөрлөлөө. Доктор авто сүлжээ компанийн тамирчин ОУХМ Д.Болдбаатар Ази тивээ төлөөлж маш амжилттай уралдаж 53-р байранд орж ниийлбэр дүнгээр 76-д явж байна. Дакар раллид анх удаагаа оролцож буй Ч.Анарын хувьд энэ өдрийн гарааг амжилттай дуусгаж 112-т орсон байна. Автомашин ангилалд уралдаж буй Н.Лхамаагаар ахлуулсан экипаж 70-р байранд орж нийлбэр дүнгээр 67-р байранд явж байна.

Мотоциклийн ангилалд дакар раллийн 4 удаагийн аварга Marc Coma замаа 04 цаг 38 минут 16 секунд туулснаар түрүүлсэн бол түүнээс 2 минут 16 секундын хоцрогдолтойгоор нутаг нэгт тамирчин Хоан Баррейда 2-р байранд оржээ. 3-р байранд Чилийн мотоциклчин Pablo Quintanilla тэргүүлэгчээс 2 минут 40 секундын хоцрогдолтойгоор орж ирсэн байна.

Нийт үзүүлэлтээрээ Хонда багийн тамирчин Хоан Баррейда тэргүүлсэн хэвээр байгаа бол түүнээс 10 минутын хоцрогдолтойгоор 38 настай Marc Coma жагсаж байна.

Манай улсаас оролцож буй ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 1 цаг 18 минут 40 секундын хоцрогдолтойгоор 53 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 7 цаг 55 минут 01 секундын хоцрогдолтойгоор 76 –р байранд жагсаж байна.

 

Энэ жил анх удаагаа оролцож буй #117 дугаартай уралдаж байгаа Ч.Анар 5 дах өдрийн уралдаанаа дуусгаж бариандаа амжилттай орсон байна.

Автомашины ангилалын хувьд ОХУ-ын тамирчин Владимир Василиев анхныхаа ялалтыг авчээ. Тэрбээр замаа нийт 4 цаг 19 мин 18 сек туулсан бөгөөд 2-р байранд түүнээс 20 секундын хоцрогдолтойгоор Өмнөд Африкийн тамирчин Yazeed Al-Rajhi орсон байна.

Америкийн Нэгдсэн Улсын тамирчин Робби Гордон 3-р байранд орсон харин тэмцээнийг хошуучлагч Nasser Al-Attiyah 4-р байранд орсон ба 5-р байранд дакар раллийн 11 удаагийн аварга Стефен Петерхансел оржээ.

Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 3 цаг 28 мин 47 секундын хоцрогдолтойгоор 70-р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 67 –р байранд жагсаж байна.

Stage 6 замын мэдээллийг харахад тамирчид  688 км замыг туулж байна. Замын байдал ерөнхийдөө номхон далайн эрэг даган өгсөж Iquigue оржээ. Далайн эрэг даган орших өндөр уулсын хяраар уралдаж, элсэн манхануудыг давах нь мото тамирчдын бас нэгэн шандсыг сорьж байна.

Ч.Анар  4-р хяналтын цэгээр 112-д бүртгэгдлээ. Харин Д.Болдбаатар  8-р хяналтын цэгээр 51-д бүртгэгдлээ.

Б.Сар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025