Өвлийн хүйтэн агаар нүүрний чийглэг байдлыг алдагдуулж байдаг. Ялангуяа нүүрний арьсыг хүйтэн салхи нэвт үлээснээр арьс маш их хуурайшдаг. Зарим хүмүүсийн арьс хуурайшихын оронд тослог болдог. Энэ нь арьс өөрөө хүйтний эсрэг тэмцэх гэж зузаарч байгаа хариу реакци гэж үздэг. Хүчтэй салхи шуурга нь арьсны өнгөн хэсгийн хамгаалалтын хальсыг хуулж, хэт мэдрэмтгий болгодог юм.

Хүйтэн улиралд эмэгтэйчүүд нүүрээ хэрхэн арчлах вэ, эсвэл ер нь нүүрээ арчлах хэрэг байна уу гэх мэт олон асуулт тавих нь бий. Харин эмэгтэй хүн бүр өвлийн улиралд нүүрээ улам сайн тогтмол арчлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ер нь хамгийн их арчилгаа шаардах улирал бол өвөл гэнэ. Энэ улиралд арьс харьцангуй хурдтай хөгширч байдаг бөгөөд аль болох сэргээж, байнга цэвэрлэж, арчилж байх нь чухал.
Тиймээс гэрийн нөхцөлд эсвэл гоо сайхны салонд сард хоёроос дээш орж, арьсандаа гүн тэжээл өгч байх хэрэгтэй. Ялангуяа 40 гаруй насны эмэгтэйчүүд хүйтэн салхитай өдөр нүүрээ будахгүйгээр гарч болохгүй. Учир нь нүүрний арьс маш амархан чийгээ алдах аюултай байдаг аж. Энэ нь таны арьсны үрчлээний тоо улам нэмэгдэнэ гэсэн үг.
Хэрвээ таны арьс урьд өмнөхөөсөө илүү хуурай санагдаж байгаа бол эхлээд нүүр цэвэрлэгчиндээ анхаарах хэрэгтэй. Хэрвээ та ширүүн, салхитай өдөр гадуур явж байгаад орой гэртээ ирмэгцээ нүүрний савангаар угаадаг бол арьс амархан хуурайших магадлалтай. Тиймээс нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнээ сольж, хүйтний улиралд тусгай тосон цэвэрлэгч, тэжээлийн тос хэрэглэх нь зүйтэй.
Б.Цэцэг
Сэтгэгдэл байхгүй байна