Зян Зэминь болон Бо Силайгийн ойрын хамсаатан гэгдэх Хятадад Олон нийтийн аюулгүй байдлын сайдын албан тушаалыг хашиж байсан Жоу Юнканыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Өнгөрсөн гуравдугаар сард түүний 14.5 тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилж, гэр хорионд оруулаад байсан юм. Юнканы тус хэрэг нь урд хөршийн түүхэнд дуулдаагүй авлигын хамгийн том хэрэгт тооцогдож улмаар “Авлигын хаан” хэмээх нэрийг хэвлэлийнхэн түүнд өгөөд амжлаа.

Жоу Юнканыг зөвхөн баривчлаад зогсохгүй Хятадын Коммунист намаас хөөжээ. Юнкан нь ихээхэн хэмжээний авлига аваад зогсохгүй, улсын нууцыг задруулсан юм байна. Мөн үүний зэрэгцээ БНХАУ-ын тэргүүн Си Зиньпиний аминд халдах оролдлого зохион байгуулах гэсэн, эхнэрээ хуурсан гэх мэт олон талаар түүний буруутгаж байгаа юм.
“Жоу Юнкан намын дүрэм журам, сахилга батыг ноцтой зөрчсөн” гэж Коммунист намын албан ёсны мэдэгдэлд дурьджээ.
Тэрбээр саяхныг хүртэл Хятадын хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг байсан юм. Тэрбээр 2003-2007 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах сайдаар ажиллаж байснаас гадна Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн байжээ. Түүнийг Зян Зэминь болон Бо Силайгийн ойрын хамсаатан гэж үздэг байна.
Жоу Юнканы хамаатан, ойр тойрны нийт 300 хүнийг түүний хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Түүний банкин дахь 37 тэрбум юань, 51 тэрбум юаний хувьцаа, 300 байр хаус, 60 машин, олон тооны орчин үеийн урлагийн сонгодог бүтээлүүд, алт, мөнгө, тансаг зэрэглэлийн согтууруулах ундааны цуглуулга зэргийг нь битүүмжилсэн байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна