ГУНИГ ДҮҮРЭН “ГОЁЛ”-ЫН ЭРГЭН ТОЙРОНД
Эдүгэ 25 жилийн ойтойгоо золгож буй “Гоёл” наадмын талаар юугаа ч ярихав дээ, сэтгүүл маань худалдаанд гарсан анхны жилээсээ шударга, ажил хэрэгч байр сууринаас хөгжөөсэй гэдэг үүднээс сайн муу шүүмж бичсээр одоо нэгэнт улиг болсон гэх үү дээ. Дизайнеруудын биш, загвар өмсөгчдийн наадам болдог, ТОП МОДЕЛЬ хэмээх дэлхийн хаа ч байхгүй утгагүй өргөмжлөлийг Ц.Мянганбаяр ноёнтны ивээлд багтсан хэн нэгэнд өгдөг гэхчлэн хэлж яриад байвал алдаа дутагдал мөн ч их дээ. Тэртээ 1988 оноос зохиогдож эхэлсэн энэ наадмыг Ч.Энхтайван, Ц.Мянганбаяр, Ч.Оюунцэцэг, Г.Байгалмаа хэмээх 4 хүний толгой зохион байгуулдаг. Яагаад ч юм тэд элдвээр хэлүүлэн хэлүүлэн уйгагүй, цөхрөлтгүй энэ наадмыг хийсээр ирсэнд, хөшигний ард урсгадаг хөлс хөдөлмөрт нь үнэлгээ өгөх нь зүй болов уу. Гэхдээ уг нь нэгэнт л Монголын хамгийн баян 2 хүний ивээл дор ийм олон жил зохион байгуулж, их хөдөлмөр хөлс зардгийнх хийсэн шиг хийчихэж болмоор.

Загвар сайн,хөтлөгч уучлаарай!!!
Хаа очиж энэ жилийн загварууд хамаагүй сайжирсныг энд онцлохгүй өнгөрч болохгүй. Урд жилүүдэд хайран материал, хайран цаг зав гэж өмнөөс нь халаглаж, харамсмаар, амьдралаас хол тасархай, өмсөхөд бэрх загварууд “Гоёл”-ын тайзыг эзэгнэж ирснийг бид мөн л бичиж байсан билээ. Энэ жил өөр байна шүү. Салхи хагалсан “Шилмэл загвар”-ын 3 коллекцоос ялангуяа Өнөрболорын хавар намрын загварууд, амьдралд ойр, аваад шууд өмсчихмөөр загварууд байв. Урангоогийн гэсэн байх аа, савхи, хар өнгөөр өнгө төрхөө бүрдүүлсэн коллекци, Дөлгөөний болор шигтгээтэй “Шигтгэмэл” коллекци, “Говь-Эрдэнэ” кашимерэн коллекци гоё детальтай, аятайхан загварууд байсан. “Сонголт” группийн хэн ч гэнэв, нэгэн дизайнер бие даан оролцож. Үслэг оруулга ихтэй, нэхий коллекци манайдаа л тэсрэлт. Арьсны боловсруулалт, загвар дизайн хэлэх юм алга. Монголд хийсэн үү, үгүй юу гэж эргэлзмээр. Ер нь энэ далимд хэлчихэд хөтлөгчид үнэхээр уучлаарай байна лээ.Жилийн жилд хөтөлсөөр ирсэн С.Чимгээ энэ жил Энхболд хэмээх ойрын үед олны танил хүрээнд орж ирээд буй залуутай хөтлөв. Тэр үнэхээр жулдаж байна лээ. Ер нь “Гоёл” загварын наадам гэдгийг хөтлөгчид нь ч ухаж ойлгоогүй өнөөдрийг хүрсэн юм уу даа. Тэр их хөгжмийн нүргээн дунд хөтлөгч нь хэний ямар загвар гэж зарлаж байгааг барьж авч сонсох гэдэг цуурайнаас үг гаргаж авахтай л адил юм. Тэр бүү хэл тайзан дээр гарсан загваруудаа наадмын дараа эсвэл маргааш нь тусгай зааланд худалдаж зардаг байвал бүр утга төгөлдөр болохсон. Нэгэнт л ирэх оныхоо загварын чиг хандлагыг тодорхойлж, тэр нь үзэгчдэд таалагдаж чадвал худалдаад бас авмаар байна ш дээ. Зохион байгуулагчид нь үүн дээр анхаараасай.
Загвар өмсөгчид загнуулав уу, эсвэл?
Энэ жилийн “Гоёл” нэлэнхүйдээ нэг л үлбэгэр болов. Зочид нь ч тэр гялайж гялтайх юмгүй, нэг л их шуба, брэндийн цүнх гутлаар гоёсон авгай хүүхнүүд. Ядахдаа жилийн жилд өнгө чимэг нэмдэг Ц.Мянганбаярын эхнэрүүдээс алга. О.Пүрэвдулам топ болчихсон юм чинь, боллоо, ханалаа гэсэн юм болов уу. Тээр жил, Пүүжээ топ болдог жил мөн ч омогтой, адтай байж билээ. Зрительд нь Ариунэцэг нь сууж үзээд л, Пүрэвсүрэн нь топ моделийг ингэж авдаг юм, харж ав гэсэн аятай ааширхуу, шийдэмгий пооз аваад л. Гэтэл энэ жилийн моделиуд нэг л нунж дорой. Өнгөрсөн онд манай сэтгүүлийн зүгээс загварын ертөнц дэх шинэ давалгаагаар тодруулж байсан Туяамаа, Сэлэнгэсүрэн, Дулмаа нар ч овойж, товойж ялгарч харагдсангүй. Ээждээ загнуулсан хүүхэд шиг энергийн дутагдалтай залуу охидыг загварын тайзнаас харах тиймхэн юм гээч. Залуу насны заяа гомдоно байгаа даа. Эрч хүч ханхлуулаач охид оо!
Топуудаа, одоо больё оо!
Ёстой л ингэж хашгирмаар болов. Юун, яасан Ариунбилэг гэнэв ээ, хар багаасаа л загварын тайз, миссийн тэмцээн тойрч гүйсэн энэ охиныг бас гадарлах юм. Их л дэмий ядруу амбицтай, тэмцээн болгоны дараа урвайчихсан, хэрүүл тэмцэл хийж явдаг байснаар нь бас загвар өмсөгч, мисс гэхэд яасан ч хавтгай цээжтэй юм гэдгээр нь их тод санаад байгаа юм. Энэ бүсгүйд модель хүний деталь ч, үнэр ч алга, хатуухан хэлэхэд. Ядахдаа энэ үдшийн тайзан дээр бусдаасаа бага ч болов зүйлээрээ, ядахдаа характераараа ялгарч чадсан бол ганцын зэрэг зөвтгөл өгөхсөн. Наадам эхэлмэгц л мань хүнийг гарч ирэхэд хэсэг бусаг нөхдүүд алга ташин орилж, балиашигласан нь анхаарал татсан л даа. Топ болно гэдгээ эртнээс мэдсэн байх нь л дээ. Сураг сонсох нь шинэхэн топ маань 5-р ангиасаа загвар өмсөж байгаа юм байх. Нөхөр, хүүхэдтэй гэнэ. Нөхөр нь программист аж. Фото дурангаас тэгтлээ их зугтаж дайжих юм билээ. Энэ бүсгүй өнгөрсөн жил Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан юм. Харин энэ жилийн шилдэг загвар өмсөгчөөр Сарнай хэмээх бүсгүй тодров. Playboy сэтгүүлийн нүүрэнд гарч, сүүлийн үед сонин эротик хувцас өмсөж олны хөлийн газар эргэлдэх болсон энэ бүсгүйн дүр төрх сэтгэлд, ой тойнд нэг л бууж өгөхгүй манерын. Мэдээж энэ тайзан дээр ч тэр юугаараа ч ялгарч чадаагүй битүү морь.
Х.Бадамгэрэлийн талаар өнгөрсөн зүтгэл хөөрхий
Төрөөд л нэг сарын дараа загварын тайзнаа гарч байна, цаана чинь нэг хүн. Нэг талаас үнэлүүштэй, бахархууштай. Үхэх төрөх адилхан гэдэг, төрөөд нэгхэн сарын дараа тайзнаа гарч загвар өмсөх нь бүү хэл хамраа хаалгаараа цухуйлгаж байгаагүй монгол хүүхнүүдийн хувьд энэ бол ёстой эргэлт, хувьсгал. Орчин үеийн охид ийм дайчин болсон байна. Нөгөө талаасаа яасан ч их амбицав, яасан ч үнэ цэнэтэй үхэж хатам топын титэмэв, тэр. Мөн ч олон цол гуншинтай Х.Бадамгэрэл моделоосоо илүүтэй миссийн талбарт амжилт үзүүлэхээр царай төрхтэй. Гэтэл тэр энэ жил ТОПЫН төлөө нялх биетэй тайзнаа гарснаа ил цагаахан хэлсэн байх юм. Би 8 жил энэ тайзан дээр алхаж байна, өөрийн зүгээс хангалттай хэмжээнд энэ наадамд зүтгэж байгаа гэж боддог. Энэ жил миний итгэж, хүлээж байгаа зүйл бий, топ модель цолыг боловсорч, туршлагажсан хүмүүстээ өгдөг эсэхийг энэ жил л харъя ухааны юм “Гоёл” наадмын үеэр үнэгүй тараагдсан нэгэн сэтгүүлд ярьжээ. Сонин оо. Топ модель гэх цолыг олон жил загвар өмссөн, ялангуяа “Шилмэл загвар” компанид уйгагүй, үнэнч зүтгэсэн хүнд өгдөг байх нь л дээ. Нэг бол Мянганбаярын таалалд нийцсэн нэгэнд, эсбөгөөс олон жил уйгагүй загвар өмссөн хүнд энэ цол өгдөг болохыг бид сүүлийн жилүүдийн топуудаас хангалттай харсан нь үнэн. Тийм болоод ч Х.Бадамгэрэл хээвнэг ингэж ярьж суугаа биз. Эмгэнэл гэж энэ буюу.
Жаран чавганц дундаа л Туяамаа туяарна
Үнэндээ энэ цагийн моделиудыг юу ч гэхэв дээ. Намхан ч гэсэн Одгэрэл, Пүүжээ, сайрга ч гэлээ Ундрах, бүдүүн ч гэлээ Ундраа, эв хавгүй ч нэлээ том Цолмон.. эд чинь бас ч гэж адтай бол адтай, араншинтай бол араншинтай байж гээч. Одоо бол авах ч юм алга. Топ модель Ч.Уранбилэгээс л хойш Монголын топ моделиуд утга, чанараа алдаж эхэлсэн юм даа. Энэ жилийн топуудын жагсаалтад дээрх Бадамгэрэлээс гадна Ариунзулын нэр яригдаж байсан гэнэ. Үнэндээ энэ үдшийн тайзан дээр Туяамаа л бусдаасаа арай дөмөг харагдсан. Өнгөрсөн жилээ бодвол энэ жил тэгтлээ хүчтэй харагдаагүй ч жаран чавганц уралдахад юу гэдэг билээ. Дорнод нутгийн энэ бүсгүй өнгөрсөн оны “Гоёл”-ын тайзнаа арай хүчтэй туяарч харагдсанаа төд удалгүй “Морьт хангай”-н Эрдэнэтэй нэр холбогдоод авсан.
Амархүүгийн Ариунзулын дэмий хэлбэрдэлт
Топ моделийн байтугай зүгээр моделийн малгай томдохоор энэ бүсгүй туранхайгаас цаашгүй юм. Нүдээ тормолзуулаад л алхах нь эгээтэй л хүүхэлдэй шиг. Шоуны дундуур Амархүү нь гарч ирж сүйт бүсгүйтэйгээ нэгэн дуу дуулах юм. Амархүү нь дороо дэвхцэж цовхчоод л хэрэндээ доргих гэж үзэж байнаа. Өнөөх нь байхгүй ээ, хөдөлгөөн хязгаарладаг даашинз өмссөн хүн аятай л хөдөлж ядах юм. Хэт хиймэл, баригдмал. Залуу хүн гэхэд даанч яав даа. Модель хүн даруухан, мод шиг байх ёстой гэж хэн нэг нь түүнд шивнэсэн юм бол уу? Дэмий хэрэггүй хэлбэрдэлт гэж л энэ байх.
Шилдгүүд
Наадмын торгон агшин шилдгүүдийг дуудах мөч. Шилдэг залуу дизайнер Түвшинзаяа, шилдэг топ 5 дизайнер “Шилмэл загвар”-ын Өнөболор, “Сити” дээд сургуулийн Отгонзаяа, Muse art house-ын Цас, “Бесстэйлор”-ын Биндэръя, “Даймонд фэшн” Алтанчимэг, Шилдэг загварын товчоо “Дархан минж”, Гран при шагналыг “Аяс кашемир”-ын загвар зохион бүтээгч Оюунбилэг нар тус тус шалгарлаа.
Сурвалжлагч М.Саян
Гэрэл зургуудыг М.Өнөрсайхан
"Гранд" сэтгүүл №41
Сэтгэгдэл (29)