Мухар гудамж гэснээс киноны нээлтийн ажиллагаа үнэхээр сайхан боллоо. Учир нь “GUYS 666” хамтлаг яг зургаан жилийн дараа тайзнаа бүрэн бүрэлдэхүүнээрээ гарсан юм. “Өргөө 2” кино театр юун төлөө их сургууль, оюутнуудын төв цэгт байдаг билээ нээлт эхлэхээс өмнө идэвхитэй үзэгчид пиг пүүрсэн байв. Бидний хувьд “GUYS 666” “Хайрын бүжиг”, “Эмзэгхэн хайр”-аар сэтгэлд тод бол тэдний хувьд “Сайн уу амьдрал минь” киноны дуугаар трэнд болжээ. Тэд “Эмзэгхэн хайр”, “Сайн уу амьдрал минь” киноны дуугаар үзэгчдэд бэлэг барив
.
-Хүүе ээ хэн нь юм бол оо, жигтэйхэн ганган амьтан байх чинь. Хүүе хүүе юм мөргөчих вий дээ гэлцэхээр нь харвал, хамтлагийн нэг гишүүн явж байлаа. Д.Лхагва, Галдан хаан /Мийгаа/ хоёрыг ойр байдаг болохоор нь бүгд танимхайрах авч нөгөө хоёр гишүүнийх нь нэрийг бодоод бодоод олохгүй байгаа бололтой. Би хүртэл санаж ядан байхад шинэ үеийн хүүхдүүд бол арга ч үгүй юм даа. Үе үеийн залуус, охидууд дуу нэгтэйгээр Лхагвааг “Гоё ах”, “Сайхан залуу” гэж хүлээн зөвшөөрдөг. Манай хүн яасан ч өнгөлөг юм, яасан ч цэмцгэр толигор юм. Нэг их дуу шуутай биш атлаа нууцлаг жүжигчин С.Болд-Эрдэнийн стилийг санагдуулам хүн юм.
Түүний хийсэн кино “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од” бүгд үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Үзэл санаа, төрөл жанр өөр боловч Д.Лхагвын кинонуудын шигтгээ эмэгтэй дүр тун хээнцэр ялдам, шинэлэг байдаг билээ. Энэ удаад буриад бүсгүй Дулма Сунрапова хэмээх шинэ хүнийг бид дэлгэцнээс харах юм. Ийнхүү "LVA" энтертайнмэнтийн дэлгэцийн 4 дэх бүтээл "Мухар гудамж" адал явдалт, драмын уран сайхны кино нээлтээ хийлээ. Кино зохиолыг Д.Лхагва, Д.Баярсайхан бичиж, ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, ерөнхий зураглаачаар О.Эрдэнэбат /IDEA SOURCE студи/ нар ажиллажээ. Гол дүрд Д.Лхагва, Дулма Сунрапова, С.Цэрэнболд
МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Дарамсүрэн, МУГЖ Ж.Равдан нар тоглосон.
“Мухар гудамж” ба жинхэнэ дээрэмчин
Нэгэн залуу пицца хүргэхээр тансаг зэрэглэлийн хотхоны гадаа ирлээ. Угтаа бол айл дээрэмдэхээр л дээ. Манаачыг ганцхан цохилтоор ухаан алдуулж дотогш нэвтрэн сейфинд ухаалаг төхөөрөмж залган кодыг нь тайлахаар оролдож байв. Хамтрагч нь гэрийн эзнийг хянаж сейфинд халдлага болсныг илэрхийлэх сигнал ирэнгүүт ажил дээрээсээ гарч явааг залууд сануулна. Гэрийн эзнийг гөлөг төөрүүлж байгаа юм шиг хөөрхөн гэгч нь аргалж, сейф ч онгойв. Гайхалтай нь сейфинд мөнгө биш бичиг баримт байх аж. Үгүй нээрээ ямар хулгайч гэхээрээ ийм сайхан сэтгэлтэй баян байдаг байна аа. Манай залуу хоосон сейфийг нь доллараар дүүргээд өгчихлөө. Харин ганцхан хавтас бичиг л авсан. Алмайрав, би ч үзэгчид ч.

Ажиллагаа тун амжилттай. Хамтрагчид уулзан бахархалтайгаар мишээв. Хулгайч ч юм шиг өглөгч ч юм шиг нөгөө залуу хаашаа явсан гээч. Бас нэг тансаг хороололд цагдаагийн том тушаалтан аавдаа нөгөө цаасаа аваачиж өгөв. Аав нь хариуд нь мөнгө сарвайв. Гэм буруутайг нь хуулийн дагуу нотолж чадахгүй бол өөр аргаар бас нотолдог болсон юм байлгүй дээ, цагдаа нар. Ямартай ч Лхагваа гол дүр юм чинь эерэг тал л байж таараа. Хэчнээн айлд орсон ч гэсэн сайн үйлийн төлөө л тэгсэн байх. Бэтмэн Супермэн шиг л, тийм ээ?
Ингээд л ногоон гэрлээр цэвэрхэн ажиллачихсан бол сайхан сан. Гэвч байрны гадаа Лхагвааг санаандгүй нэг сэтгүүлч бүсгүй харав. Үнэтэй машин хөлөглөсөн ганган бүсгүйг сэтгүүлч гэж итгэж үнэмшихэд хэцүү ч тэр зоримгоор зураг дарж Лхагвааг гарахад хүртэл араас нь дагасан. “Royal” банкны захирлын охин болохыг аав нь банк нь дампуурахад амиа алдсаныг өрнөл “мэдээлэв”. Банкны захирлын охин ачир дээрээ сэтгүүлч хийлээ юу? Бас болоогүй ээ эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр ажилладаг гээд л “аваад хаячихлаа”. За энэ ч яахав.

Банк дампуурахад их хурлын гишүүн, тэрбум тэрбумаар нь мөнгө зээлж авсан баян эрхэм бүгд аалзны тор шиг холбоотой байж. Хоорондоо том наймаа ярьж буйг сэтгүүлч очих үл гадарлах бөгөөд аавынхаа үхлийн буруутныг олохоор хичээж байлаа. Харин Лхагва бол асрамжийн газраас өргөгдөн өсгөсөн аавынхаа гар хөл болж яваа нэгэн. Логикоор бодоход сэтгүүлчид хэний хүүхэд юу хийдэг яадаг ийдгийг бүгдийг нь гадарлах ба нөлөө бүхий банкны захирлын охиныг Монгол даяараа л таньж байдаг. Гайхалтай нь тэд бие биенээ урд нь харж ч байгаагүй шинжтэй.

Лхагваагийн асрамжинд хамт өсөөд хамт өргөгдсөн одоо ч муу муухайд хамт явдаг найзын дүрийг С.Цэрэнболд бүтээжээ. Нуугисан өтгөн сайхан хоолой, ямар ч дүрийг сайхан амилуулдаг түүнд энэ яг тохирсон дүр байв. Сэтгүүлч бүсгүй, Лхагваа хоёр дурлалцана. Тохирсон хөөрхөн хосууд, үнэмшилтэй. Тэд хамтдаа тэр нөлөө бүхий эрхмүүдийн булхайг илчлэх ба эцэст нь аз жаргалтайгаар амьд үлдэцгээдэг. Угтаа Лхагваа дээрэмчин биш харин цагаан захтнууд л дээрэмчин байлаа.

Ахмадын гялбаа гудамжинд тусахуй
МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Дарамсүрэн, МУГЖ Ж.Равдан нарт үнэхээр дахин дахин талархал илэрхийлмээр байна. Тэд бол гол хор найруулдаг эсрэг дүрийн баатрууд. Энэ гурван хүний дуу хоолойны өнгө, жүжиглэх ур чадвар, дэлгэцэнд харагдах байдал цаанаа хүндэлмээр сайхан сэтгэгдэл төрүүлж байв. Зохиолын үг сонголт хэл, найруулга ч гайхалтай. Ёстой л усыг нь шахсан гэмээр тун товчхон атлаа цаагуураа гол руу зуран орохоор айхтар утга санааг илэрхийлж байлаа.

-Тэнэгүүдийн толгой яаж ажилладагыг мэдвэл тэднийг удирдах амархан.
-Даага маань даварсаныг мэднээ, гэхдээ ингэж ширүүлэх хэрэг байсан ч юмуу?
-Чи надаар сор зална гэж бодож байвал эндүүрэл шүү.
-Амьдралд ийм боломж тэр бүр тохиолдохгүй шүү гэхчлэн ихэвчлэн 10-аас доошгүй үгтэй өгүүлбэрээс киноны диалог бүтжээ. Гол нь энэ гурван хүний нүдний харц үйл хөдлөл утга санаагаа бүрэн дүүрэн илэрхийлж байв. Ойлгохгүй ч юмуу шал утгагүй логикийн алдаатай тэнэгтэж өгч байна гэмээр нэг ч дэл сул хэсэг энд байсангүй. Залуус бид хэтэрхий сүгсэлзэхгүй ахмад үеийнхнээ хүндэлж тэднээс сурахаа сурж, хэрэгтэй газар нь авахаа авч байвал ийм сайн уран бүтээл төрөх нь байна шүү дээ.
Баярлалаа Д.Лхагва!
Лхагваа ер нь дэлгэцийн л хүн юм байна. Дэлгэцэнд харагдах байдал, кино зохиол бичсэн уран бүтээл дээрээ ажиллах нь цаанаасаа нямбай. Дэндүү даруу хүн болохоор тэр “Фэйсбүүк од” киноныхоо нээлтийн үеэр СТА гардсан шүү дээ. Нэг кинонд дүр бүтээж, нэг дуу дуулахчаа аядаад авдаг шагналыг тэр цэвэр хөдөлмөрөөрөө үнэ цэнэтэйгээр хүртсэн. Түүний кино болгон чамбай дүр нь эзнээ олсон үлдэцтэй байдаг. Энэ удаад адал явдалт драмын төрлийн кинонд нэгэн шинэ стандарт тогтоов. Мөрөөдлөөсөө өөр хөрөнгөгүй залуу уран бүтээлчид энэнээс ч сайхан санаа сайхан зохиол тээж яваа л байх. Монголын кино урлагт залуу үеийн салхи сэвэлзэж эхэллээ. Тэдний нүдээр “Мухар гудамж”-нд ч гарц байж болж байна. Тууштай зоригтойгоор нийгмийн гажуудлыг давах боломж бий юм гэсэн санааг зохиогч гаргажээ. Тийм ээ, амьдралд мухар гудамж олонтаа таарах боловч бид нэвтлэн гарч чадна. Улс төр, эдийн засгийн салбарт гарч буй гаж зүйлсийг залуус бид мэдэхгүй биш анзаарч байгаа шүү гэдэг сануулгыг бас тодорхой шатанд хүргэх дуу хоолой бол “Мухар гудамж” кино юм. Бид бүгдийг харж байгаа шүү. Тэнэгүүдийн тархи яаж ажилладагыг мэдэх тийм амар зүйл биш. Зоригтой “дуугарсан” Д.Лхагва киноны нийт уран бүтээлчдэд баярлалаа.
У.Цахирмаа
Сэтгэгдэл (3)