Монголын тэргүүн баячуудын нэг Б.Нямтайшир салбар салбарын бизнестэй. Ямартаа л иргэний агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа цөөн авиа компаниудын нэг “Хүннү эйр” хүртэл түүнийх байхав. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тус компанийн үйл ажиллагааны алдаа дутагдалтай холбоотой мэдээлэл олонтаа дуулдах болсон юм. Монголын топ таван компанийн нэг МАК-ийн дансуудыг хаасан талаар эх сурвалжууд нэг хэсэг яриад байсны цаана хэд хэдэн шалтгаан бий гэгдэж байсан нь нэг жилийн өмнөх асуудал. Тэгвэл МИАТ-ийн луйврыг үйлдэгчдийн нэг Ч.Хоролсүрэнгээр овоглогдож олонд танигдсан “Монголиан Эйрлайнс” буюу “Хүннү Эйр” компани МАК-ийн мэдэлд шилжсэн гэдгийг Б.Нямтайшир ноёнтон удирдлагуудад нь дуулгаснаас хойш “Хүннү Эйр”-ийн үйл ажиллагаа өөдлөөгүй байдаг. Онгоц байхгүй гэсэн шалтгаанаар орон нутгийн нислэгүүдээ цуцалж, үйлчлүүлэгчдийг хохироож эхэлсэн тус компани тухайд үүдээ барихад хүртлээ санхүү нь хүндэрсэн ч дэнжигнэсээр байгаад байдаг нь бас сонин.
Ямартаа л хамгийн сүүлийн байдлаар гэхэд тус компанийн "Airbus" онгоцыг Хонгконгийн тал түрээсийнхээ барьцаанд авсан учраас Монгол руу ирэх зорчигчид Хонгконгод багагүй хугацаанд саатсаны эцэст МИАТ-ийн онгоцоор нутагтаа буцаж ирээд буй. “Хүннү Эйр” компанийн хүн энэ талаар ярихдаа “Санхүүгийн хямрал хаа сайгүй тохиолдож байна. Манай А319 онгоц Хонгконг улсад саатсан нь үнэн. Гэхдээ энэ нь ямар нэгэн мөнгө төгрөгийн барьцаанд тавигдсан асуудал биш. Гадуур “Бойнг” гэж цуураад байна. Манайд А319 гэж ганц л онгоц байдаг” гэсэн байгаа юм.
Тэгэхээр ганц л онгоцтой “Хүннү Эйр” гэж компани Монголын иргэний агаарын тээврийн салбар дахь авиа компани гэх тодотголтойгоор оршин тогтнох шаардлага ер нь байгаа ч юм уу. Бараг тэрбумтан Б.Нямтайшир тэр ганц онгоцоо өөрийнхөө хувийн хэрэгцээнд ашиглаад, өөрийн мэдэл дэх орд газруудаа эргэж тойроод явж байвал таарахаар юм шиг. Асуудал тэгж л харагдаж байна.
МАК-ийн данснуудыг хаасан гэж байсантай холбоотойгоор нөхцөл байдлыг хөвөрдөн харвал МИАТ-ийн хэрэгтнүүдийн нэг Ч.Хоролсүрэнтэй холбогдох магадлал өндөр байсныг сануулах байна. Учир нь Ч.Хоролсүрэн хоригдохоосоо өмнө “Монголиан Эйрлайнс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа “МАК”-ийн нэр дээр шилжүүлсэн гэгддэг. Гэтэл шүүхээс Ч.Хоролсүрэнгийн "Монголиан эйрлайнс" компанид эзэмшдэг хувьцааг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэрээс өрсөн Ч.Хоролсүрэн, МАК-ийн удирдлагуудтай хувьцаагаа гулсуулж тоглосон явдал нь МАК-ийн дансуудыг хаахад хүргэсэн нэг хүчин зүйл байж болохоор байсан. Гэхдээ тэгээд МАК тэр бүхнийг эвтэйхэн аргалаад өнгөрсөн л дөө.

Ер нь тэгээд МИАТ-ийг залгих даалгавартай байгуулагдсан гэх “Монголиан Эйрлайнс”буюу “Хүннү эйр”-ийн хувьцаа хэн хэнд байгааг Монголын шүүх ер нь мэдэж, шийдэж чадсан юм уу гэдэг асуултыг өмнө нь бид тавьж байсан гэдгийг тодотгоё. Хэрэв шүүх шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд ийм алхам хийсэн бол хууль ёсны асуудал гэдгийг ч хэлэх нь зөв юм.
За ямартай ч МАК болоод Ч.Хоролсүрэнгийн хооронд эртний сайхан нөхөрлөлийн түүх бий. Ч.Хоролсүрэн эрхэм бол “МАК” компанийг анхлан үүсгэн байгуулагчдын нэг. Харин “Монголиан Эйрлайнс” –ийг анх үүсгэн байгуулагчид нь “Бодь”, “Женко” групп бөгөөд 2011 онд хувьцааныхаа 30 хувийг “МАК”-д худалдсан гэгддэг. Түүнчлэн МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан УИХ-ын гишүүдийн дотор “Монголиан Эйрлайнс” –ийн ТУЗ-ийн гишүүн тодотголтой Н.Номтойбаярын нэр байсан юм. Гэхдээ дундаас нь нэр нь алга болсон. Үүнд бодлого байсан гэдэгт эргэлзээд байх шаардлагагүй л болов уу. Монголын уул уурхайн орд газруудын олон арван лицензийг хэдэн арван жилийн эрхтэйгээр халаасалсан МАК өмнө нь хууль шүүхийн байгууллагын үүд хаалга татаж байсан удаа бий. Гэхдээ тэд унадаггүй нь сонин шүү.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)