
Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг нь чадваргүй гэж тодорхойлсон Ш.Солонго Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр ЗГХЭГ -ын Тэргүүн дэд даргын албанд эргэн томилогдлоо. Ш.Солонгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан тушаалаас нь 2013 оны тавдугаар сарын Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Харин тэрбээр ажлаас хууль бусаар халсан хэмээн шүүхэд гомдол гаргасан. Түүний гомдлыг шат шатны шүүхээр хэлэлцээд эцэст нь Улсын дээд шүүхээс ажилд нь эргүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7.4 сая төгрөгийг олгохоор тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт даалгаж байсан ч, аваагүй байсан юм. Харин Ч.Сайханбилэг анхны томилгоогоороо түүнийг эргүүлэн томиллоо.

Засгийн газарт хорь гаруй жил ажилласан Ш.Солонго мэргэжилтнээс нь эхлээд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болтлоо дэвшсэн. Түүнчлэн МАН, АН-ын сүүлийн бүх Ерөнхий сайдуудтай хамтран ажилласан нэгэн юм. Харин тэрбээр Н.Алтанхуягтай таарч өгдөггүй байсан гэдэг. нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа л Ш.Солонгыг чөлөөлөх чиглэл өгсөн ч, Ч.Сайханбилэг “Бидэнд ийм туршлагатай, ноён нуруутай хүн хэрэгтэй” гээд аваад үлдсэн гэгддэг. Ш.Солонго нь Н.Алтанхуягийн хууль зөрчсөн үйлдлүүдийг уудлан илчилчих гээд зовоодог байж. Ямартаа л ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн энэ байгууллагад ажилладаггүй хүмүүсийг ажилладаг гэж албан тоот хийж явуулсныг мэдсэн Ш.Солонго дарга түүнийг дуудаж төрийн нэрийг барьж хууль бус юм хийлээ хэмээн хатуу үгс унагахад Г.Дэнзэн хар хурдаараа гүйж очоод Ерөнхий сайд ахдаа алтан хошуу хүргэжээ. За мөн Ерөнхий сайд Засгийн газрын хөрөнгөнөөс хувийн аж ахуйн нэгж рүү шилжүүлэхийг Ш.Солонго даргад үүрэг болгоход, тэр огт хөдлөөгүй аж.
Тэгэхдээ Ш.Солонго өөрөө бас цэвэрхэн нэгэн биш. Төрийн өмчийн нилээд олон аж ахуйн нэгжийн ТУЗ-д багтдаг байж. Ямартаа л Төрийн банкны ТУЗ-д байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан төрийн албан хаагчдын нэг. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд 2011 онд Төрийн банкийг ашигтай ажилласан хэмээн тайлан бүрдүүлж, өөрсдөдөө 221 сая төгрөгийг хуваарилсан нь илэрсэн байдаг. Үүнээс гадна банкны ашгийн тодорхой хувийг “Нийгмийн хөгжлийн сан”-даа төвлөрүүлж, ТУЗ-ийн гишүүн бүрт 90 сая төгрөг олгосныг мөрдөн байцаалтын явцад тодорхой болгосон байдаг. Ш.Солонго нь тэдний нэгэн адил хувь хүртсэн хүн. Тэдний энэхүү үйлдэл нь банкны тухай хуулийн 31, төсвийн санхүүжилтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн 157,150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл өдгөө Ш.Солонго эргэн ирсэн нь анхаарал татаж байгаа юм.
Түүнчлэн төрийн банкнаас улсын мөнгө авсан хүмүүс бүгд хариуцлагаа хүлээж ажлаасаа чөлөөлөгдсөн тэр үед ганцхан ЗГХЭГ-ын тэргүүн дэд Ш.Солонго ажилдаа үлдэж, нэлээд тэссэн юм.
Сануулахад, тэрбээр “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын гэргий билээ. Ж.Солонгын хууль бус үйлдлийг түүний эхнэр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго нуун дарагдуулдаг гэж ахмад уран бүтээлчид мэдээлэл хийж байв. Киноны уран бүтээлчид "Монгол кино" нэгтгэлийн захирал Ж.Солонгыг огцруулах бичгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт өргөн барьж байлаа. Өргөх бичигт “Анх ахмад киночдын хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээр улсын сургууль хэмээн байгуулагдсан КУДС учир битүүлгээр Ж.Солонгын хувийн сургууль болон хувирсан. Мөн улсын үйлдвэрүүдэд хийгддэг удаа дараагийн шалгалтуудаар Ж.Солонгын ажил “сайн” дүнтэй гардаг нь түүний эхнэр, он удаан жил төрийн өндөр алба хашсан, одоо таны удирдлагад Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа Ш.Солонготой холбоотой... Монгол киноны төлөө зүрх нь цохилдог ахмадууд болон залуу үе энэ мэргэжлийн байгууллагыг хэвээр нь авч үлдмээр байна. Тиймээс сайд танаас тус байгууллагын захирал Ж.Солонгыг огцруулж өгөхийг хүсч байна” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл энэ мэтээр но-г нь дуулж ирсэн Ч.Сайханбилэг Ш.Солонготой ойр байхаар шийдлээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (8)