Бидний амьдарч буй энэ нийгэмд жигшил зэвүүцэл төрүүлэм гэмт хэргүүд цөөнгүй гарах болж. Нэг ёсондоо хүний хүн чанар гэх зүйл утга агуулгаа алдаад байгаа гэхэд би лав эргэлзэхгүй байна. Тэрдундаа уян зөөлөн, өрөвч нинжин сэтгэлтэй гэгддэг бүсгүй хүнээс, эх хүнээс гарамгүй үйлдлүүд гарсаар байгаа нь харамсалтай. Ерөөс бие биедээ хандах эмэгтэйчүүдийн хандлага хэт догшин, хэрцгий болоод байх шиг. Тиймээс ч хэрцгий, догшин бүсгүйчүүдийн тухай жишээ татан хүргэж байна. Нийгэмд бараан зүйл бага байгаасай гэж хүссэний үүднээс юм. Нэг зүйлийг тодотгоход дор өгүүлэх гурван баримтат жишээнд эрчүүдийн оролцоо ямар нэг хэмжээгээр байгаа юм шүү!

Татварын бүсгүйчүүдийн гунигт төгсгөл
Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй орцондоо онц хэрцгийгээр амиа алдсан байдалтай олдож, олныг цочирдуулсан хэрэг гарсан билээ. Хэргийг нэхэн санавал Туяа гэгч бүсгүй Э гэгч эмэгтэйг хэвлийн тус газар нь 75 удаа хутгалж хөнөөсөн байдаг. Хохирогчтой хамт ажилладаг 39 настай Туяа нөхөртэйгээ амрагийн харилцаатай Э-г үзэн ядалтын улмаас амийг нь хөнөөсөн гэдэг. Хэрэг гарснаас 20 цагийн дотор УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн түүнийг саатуулсан юм.

Туяа нь хэрэг үйлдэх үедээ жирэмсэн байсан гэдэг ч, түүнд шүүхээс 22 жилийн ялыг оногдуулсан билээ. Өдгөө ял эдэлж буй Туяа өмнөх нөхрөө мөн хардсаны улмаас нэгэн эмэгтэйг хутгалж байсан ч, нэг жилийн тэнсэн харгалзах ялтай өнгөрч байсан юм билээ.
Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тодотгоход эл хоёр бүсгүйтэй холбоотой аймшигт хэрэг гарахад Д.Батболд гэгчийн буруу ямар нэг хэмжээгээр байгаа гэж харагддаг. Тэлээ хурга шиг хоёр бүсгүйн дунд гүйж, хоёуланд нь адилхан машин бэлэглэж, амьдрал амалж явсан нь, эцсийн дүндээ сайхан зүйл дагуулсангүй. Тэгчихээд хувь карьер нь болохоор өсч дэвжээд байдаг нь сонин. Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга тэрбээр гэнэтхэн л “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн болсон. Хэдийгээр Д.Батболдыг энэ хэрэгт буруутгах хуулийн заалт байхгүй ч хүн ёсны ёс зүй гэж юм баймаарсан даа.

Ц.Алдармаа VS Оюунтуул
Олон нийтийг урлагаар дамжуулан хүмүүжүүлэх учиртай урлагийнхан өөрсдөө зөндөө асуудалтай байх юм. Ямартаа л хошин урлагийн хоёр жүжигчин бүсгүйн бие бие рүүгээ халуун ус цацаж, шалзалсан хэрэг нийгмийг бараантуулж байхав. “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Оюунтуул нар согтуу үедээ маргалдсанаас хэрэг үүдэлтэй гэгддэг ч, тэд бол бүсгүйчүүд. Бие биенийгээ өрөвдөн хайрлах, нинжин сэтгэлгүй болтлоо хөлчүү байсны балгаар энэ хэрэг гарсан гэж ойлгох уу. Эсвэл бүсгүй хүний мөн чанар юу юугүй хугарчихсныг тэдний жишээнээс харж болно гэж ойлгох уу. Ямартай ч тэдний хооронд үл ойлголцох хов үгийг Ц.Алдармаагийн үерхдэг залуу зөөснөөс ийм хэрэг гарахад хүргэсэн гэгддэг.
Урлагт хүчин зүтгэж, хамтдаа ажиллаж, хийж бүтээж явсан он цагаа тэд нэг л өдөр халуун усаар шалзалж хаясан. Үй зайгүй дотно эгч дүүс явсан тэдний нэг нь шоронгийн хаалга, нөгөөдөх нь эмнэлгийн хаалга татсанаар асуудал үргэлжилж буй билээ.
Хамар хугалдаг бүсгүй
МАН-ын дүүргийн намын хороодын дарга нар ажил хэргийн уулзалтаа эхэлж эцэстээ архидалт, зодоон болж байсан билээ. Тодруулбал, Сүбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар нэгэн үүрийн дарга Энхзаяа гэгч эмэгтэйг цохиж авсан байдаг. Тэгээд зодооныг эхлүүлсэн Г.Төмөрбаатар гарч зугтсан байдаг. Харин цохиулж хоцорсон Энхзаяа Сүхбаатар дүүргийн намын хорооны улс төрийн ажилтан Тунгаа гэх өөр нэгэн эмэгтэйд уураа гарган цохиж авч, чамгүй асуудал үүсгэж байв.
Шалтгаан нь танай дарга намайг зодсон би чамайг зодох ёстой гэжээ. Тунгаа гэх эмэгтэй дүүргийнхээ цагдаагийн хэлтэст гомдол гаргаж годлын дагуу асуудлыг шалгуулжээ. Мөн тэрбээр хамар хугарсан, нүүрэндээ хүндэвтэр гэмтэл авсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулж асуудалд ханджээ.
Харин энэ зодооны үндсийг тавьсан Г.Төмөрбаатар өөрөө зодоонд оролцоогүй хэмээн асуудлын гадаа хоцорч, уур аашаа барьж дийлээгүй эмэгтэйчүүд хэргийн эзэд болон үлдсэн юм.
П.Урнаа
Сэтгэгдэл (3)