Гандантэгчинлэн хийдийн өргөтгөлийн ажилд 5.9 тэрбум төгрөг зориулахаар улсын төсөвт суулгахыг УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжсэн. Нэг ёсондоо тав, зургаан цэцэрлэг барих мөнгийг ганц гандан руу өгөх нэрээр салхинд хийсгэж орхих нь. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Гандантэгчинлэн хийдэд хөрөнгө оруулалт хийж байгаа бол яг тийм эрхтэйгээр христ, муслим шашны сүмүүдэд хөрөнгө оруулалт хийж болно гэсэн үг” хэмээн ойлгож байгаагаа чуулган дээр хэлж байсан.
Тэгвэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн А.Арман “Татвар төлдөггүй ТББ-ын статустай явдаг Гандан хийдэд 1080 лам хурдаг том сүм барихад 2009 оноос эхлэн 10 орчим тэрбум төгрөг улсаас өгсөөр ирсэн. Энэ жил дахиад 5,9 тэрбум төгрөг төсөвлөж гэнэ. Тэгсэн атлаа 38 цэцэрлэгийн өргөтгөлийн ажилд 10-хан тэрбум төгрөг тавьж байх юм. Бас манай МҮОНРТВ-ийн төсвийг 50% хасаж оруулж байна. 21-р зуунд бидэнд бурханд залбирч мөргөх газар биш, орчин соёл шинжлэх ухааныг танин мэдэж үзэж нүд тайлах, үр хүүхдүүдээ явуулж хүмүүжүүлэх цэцэрлэг, нэг ч гэсэн эмнэлэг чухал байна. Залбираад зүгээр болчихдог бол хэдэн зуун жил боллоо. Хаана байна. Ер нь хүн ямар ч бурханд хаана ч залбирч болно. Бурхан багш сургасан байдаг, сэтгэл байвал мянган алтан цөгцөнд зул асаах, нэгэн зэс цөгцөнд асаасан хоёр ав адилхан гэж. Бурхны нэр барих биш бурхны сургасныг дагаж баймаар юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.
П.Урнаа
Сэтгэгдэл (1)