Монголчуудын амьдралд нэн хэрэгтэй гэх “толгой” ордууд бий. Тэгвэл тэдгээрийн нэг болох Тавантолгой ордын нөөцийн 14-20 хувийг агуулдаг гэх “Ухаа худаг” орд зөвхөн MCS-ийнх биш. Эзэн сууж байгаа харагдах “Энержи ресурс” буюу Монголиан Майнинг Корпораци нь улстөр, бизнесийг хослуулж өдийг хүрсэн 11 олигархиас гадна гадаадын нэр бүхий хөрөнгө оруулагчдын эзэмшлийнх. Наанаа бол MCS-ээр халхавч хийдэг ч, цаагуураа бол Батж.Батбаяр, Т.Бадамжунай, Д.Идэвхтэн, П.Очирбат, С.Батболд, М.Энхсайхан, Г.Батхүү гэхчлэн нэр бүхий нөхдүүд голлох хувийг нь эзэмшдэг энэ компанийн тодорхой хувь хувьцаагаар дамжин гадныхны эзэмшилд очиж байгаа билээ.
Тухайлбал, “Петровис”-ын Ж.Оюунгэрэл хатагтай “Ухаа худаг”-т эзэмшдэг хувьцаагаа 80 сая ам.доллараар зарсны араас Монголиан Майнинг Корпорацийн голлох хувьцаа эзэмшигчдийн нэг Wellington Management Company тус компанийн 2.634,000 ширхэг хувьцааг Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс худалдаж авсан байдаг. Хувьцаа нэг бүрийг 0.80 хонконг доллараар авсан бөгөөд үр дүнд нь Монголиан Майнинг Корпорацийн 185.7 сая ширхэг хувьцаанд эзэн сууж, Ухаа худаг төслийн 5.01 хувийн эзэмшигч болсон юм. Дэлхийд нэртэй хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэг болох Wellington Management Company цэвэр бизнесийн эрх ашиг талаас “Ухаа худаг” төсөлд шаардлагатай хөрөнгийг босголцож байгаа ч, манай улсын эрх ашгийн асуудал гэж юм энд бас яригдах ёстой. Учир нь УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэвч өдгөө дотоодын 14 компани хууль зөрчин хуваан эзэмшиж байсны дээр ийнхүү гадныхан эзэн сууж байна.

Харин сүүлийн мэдээллээс харахад “Mongolian Mining Corporation”-ы хувьцааны ханш Хонгконгийн хөрөнгийн бирж дээр уналттай арилжаалагдаж байна. Шалтгаан нь 1.56 тэрбум орчим Хонгконг доллар босгохоор төлөвлөсөнтэй холбоотой хэмээн шинжээчид хараад байгаа юм. Мөн Тавантолгойн орд дахь олборлолт, борлуулалтыг хариуцах хөрөнгө оруулагчийг сонгохдоо үндэсний компаниудад 51 хувийг нь олгох ёстой, тэрдундаа энэ эрхийг “Mongolian Mining Corporation” авч магадгүй гэсэн мэдээлэл гадны хэвлэлүүдэд гарсан байна. Тэгэхээр үүнтэй зэрэгцэн хөндөх нэг асуудал байгаа нь Монголиан Майнинг Корпорацийн ард байдаг гадныхны ашиг сонирхлын асуудал юм. Тухайлбал, “Керри” группыг үндэслэгч, дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 61 дүгээрт бичигддэг Роберт Куок хэмээх 90 дөхсөн хужаа өвгөн Монголиан Майнинг Корпорацийн эздийн нэг гэгддэг. 100 жилийн өмнө Хятадын Фужиань мужаас цагаачлан ирсэн хятад хүний хүү тэрбээр Малайзын хамгийн баян хужаа гэх тодотголтой.

Өдгөө Хонгконгд амьдардаг. 1961 оноос эхлэн Энэтхэгийн Засгийн газартай хүч хавсран авсан хямдхан элсэн чихрийг үнэ өсгөн борлуулж анхныхаа том мөнгийг хийж байсан тэрбээр өдгөө Малайзийн элсэн чихрийн зах зээлийн 80 хувийг хянаж, дэлхийн нийт үйлдвэрлэлийн 10 хувийг атгадаг. Тэгвэл түүний замналаас үлгэр дууриал авч ирсэн MCS групп 2000 оноос хойш зарлагдсан нийт тендерийн 84 хувийг авсан байдаг. Роберт Куокийн мэдэлд Хятадын “China`s Citic Pacific” группын 12.5 хувь, Малайзийн телевизүүдийн 18 хувь, Францын элсэн чихрийн “Sucden Кеrri International” компаний 30 хувь, дэлхийн өдөр тутмын хамгийн том хэвлэлийн нэг “South China Morning Post” сониныг эзэмшдэг “News Corp.” компаний 35 хувь, Германы Гамбургт төвтэй нефтийн компаний 67 хувь, дэлхий даяар сүлжээтэй “Shangri-La” зочид буудлууд жилд 200 орчим сая долларыг түүн рүү урсгадаг бол Монголын MCS-ч түүний угжнуудын нэг гэхээр бас овоо нэгэн. Тэрбээр улс төрийг капиталчлах(санхүүжүүлэх) замаар удирдаж болно гэж сургадаг. Хонгконг, Макаог эх газрын Хятадтай нэгтгэх үйлст онцгой гавъяа байгуулсан гэж БНХАУ-ын төрийн дээд одон медалиар шагнагдсан. “Хонгконг, Макаогийн дараа Тайпэй, Улаанбаатарт хятадын туг мандах ёстой” хэмээх алдарт үгээ Хонгконгийг нэгтгэсэн баярын дайллага дээр хэлж байсан нэгэн.
Түүнчлэн Ройтерс агентлаг Хонгконгийн биржид бүртгэлтэй хамгийн анхны Монгол компани “Mongolian Mining Corp” нь коксжих нүүрсний олборлолт явуулдаг “QGX Coal” компанийг 464 сая ам.доллараар худалдаж авахаар тус компанийн дийлэнх хувийг эзэмшдэг “Kerry Group”-тэй тохиролцсон талаар, “Kerry Group” нь 2008 онд “QGX”-ийн 90 хувийг 259 сая ам.доллараар худалдан авч байсан бизнесмэн Роберт Куокийн холдинг компанийн салбар хэмээн мэдээлж байсныг эргэн сануулахад гэмгүй. Тэгэхээр Монголын толгой компанид том оролцоотой хужаа эр, цаашлаад толгой ордод эзэн сууж ч болзошгүй нь дээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (5)