Манай улсын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадмын шилдэг наймд шалгарч, Монголчуудаа ихэд баярлуулсан. Тийм амжилт гаргахад “Үндэсний супер лиг”-ийн “Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарсан ОУХМ Т.Санчирын хувь нэмэр их байсан билээ. Түүнчлэн өөрийнхөө чансааг бататгаж буй түүнийг Солонгос, Японы багууд урьсан гэх мэдээлэл байгаа. Тэгвэл тэрбээр өөрөө хэлэхдээ Солонгосоос албан ёсоор санал ирээгүй гэсэн байна. “Харин Японы дээд лигийн нэг баг Асашёорюү Д.Дагвадорж аваргаар дамжуулж, санал ирүүлсэн тухай дуулсан. Дагваа ахтай энэ талаар хэд хэдэн удаа утсаар ярьсан. Хэрэв ийм санал албан ёсоор ирвэл нөхцөл боломжийг харж үзнэ. Боломжийн санал ирвэл татгалзах зүйл алга. Гэхдээ шийдвэрээ ганцаараа гаргахгүй. Багийн удирдлага, дасгалжуулагч зэрэг олон хүнтэй зөвлөлдөж байж шийднэ.” хэмээн ярьсан байна.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)